С.Хишигжаргал: Хиймэл нэр алдар, дүр төрх хэрэггүй
- 2018-05-10
- Энтертайнмент
- 0
Уянгалаг зөөлөн хоолой, үзэсгэлэнтэй ялдам төрхөөрөө онцгойрдог дуучин С.Хишигжаргалтай ярилцлаа. Тэрбээр тавдугаар сарын 12-нд “Хатан зүрх” нэртэй анхны бие даасан VIP тоглолтоо хийх гэж байгаа юм.
-Анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаад баяр хүргэе. Энэ тухай мэдээлэл өгөхгүй юу?
-Би анхны бие даасан тоглолтоо VIP хүрээнд хийх гэж байна. Олон хүнтэй, том танхимд гэхээсээ миний ойр дотны, намайг өдий хүртэл дэмжиж ирсэн үнэнч цөөн тооны сонсогчдодоо зориулж VIP тоглолт хийж байгаа. Анхных гэдэг утгаараа их нандин байлгаж байна гэх үү дээ. Тоглолт маань “Хатан зүрх” нэртэй. Хоёр жилийн өмнө хийсэн дуугаараа нэрлэсэн. Тоглолт хийх саналыг продюссер Б.Ангирмаа багш маань гаргасан. Саяхан өөрийнхөө вип тоглолтыг хийж, тэр үеэрээ гэнэт “Чи тоглолтоо хийгээч” гээд цочтол хэлсэн л дээ. Үнэндээ надад тоглолт хийхээр уран бүтээл бий билүү гэж боддог юм билээ. Тэгээд бодоод үзсэн чинь бас байна шүү. Сая тоглолтынхоо бэлтгэлийг хийгээд бүтэн дуулалтуудаа яваад үзсэн чинь хоёр цаг гаруй хугацааны тоглолт болж байна. Уран бүтээл хийж эхлээд өөрөөсөө хүчилж гаргасан, бас олон авьяаслаг хүмүүстэй хамтарч ажилласаны маань хүч хөдөлмөр энэ тавдугаар сарын 12-ны үдэш хүмүүст хүрэх гэж байна. Хоёр жилийн өмнө “I’m Hishihgee” гээд цомгоо гаргаж байлаа. Миний анхны цомог есөн дуутай. Тоглолтод энэ цомгийн дуунаас гадна, нэг нэгээрээ гарсан дуунууд, өөр бусад уран бүтээлчидтэй хамтарч дуулсан дуунууд маань байна. Тоглолтонд маань урилгаар продюссер Б.Ангирмаа багш маань, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог багш маань дуулна. Бас “Universe best songs” наадмаас эхэлж нөхөрлөсөн уран бүтээлийн найзууд маань ирж ая дуугаа өргөх юм. Анхны тоглолт гэдэг үүднээсээ сэтгэл их догдолж байна.
-Таны дуунууд ихэнх нь клиптэй байдаг байх шүү...
-Уран бүтээлчид маань тухайн цаг үедээ уран бүтээлээ хийгээд яваад байдгаас тэр бүрийд бүртгэлжүүлээд тоолоод нягтлаад байдаггүй. Үнэндээ тоглолтын бэлтгэлийнхээ үеэр л дуунуудаа жагсааж үзлээ л дээ. Нийтдээ хорь орчим дууныхаа 14-ийг нь клипжүүлжээ. Тэгэхээр шинэ залуу уран бүтээлч гэлтгүй хийсэн уран бүтээлээ бүтэн хүргэхийн тулд хичээн ажиллаж байжээ гэж өөрийгөө дүгнэж сууна. Тоглолтодоо энэ бүхнээсээ сорчлон хүргэхээр ажиллаж байна. Урилгаараа оролцож байгаа уран бүтээлчид цөөнгүй учраас өөрийнхөө дуунуудаас хамгийн сайныг нь шилж байгаад тэнд цугларсан үзэгчидтэйгээ халуун дулаан үдшийг өнгөрүүлнэ дээ. Энэ дуунууд маань cover дуу бус миний уран бүтээл гэдгээрээ нандин байгаа юм. Дээр нь зохиогчийн эрхтэйгээр шинэчилж дуулсан дуунууд байгаа. “Зуны дурлал”, Титэм хамтлагийн “Зүүд” гэх мэтчилэн.
-Тоглолтоо хаана хийхээр сонгов?
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн буюу паркийн “Парк цайз” гэж гоё үлгэрийн юм шиг газар байдаг. Анхны тоглолт учраас их гоё газар хийх юмсан гэж бодсон. Тэднийхээс ч бас “Манайд тоглолтоо хийгээч” гэсэн санал тавьсан. “Парк цайз”-ын нэгдүгээр давхарт хийнэ. 150 хүний багтаамжтай. Би талархлын тоглолт учраас онцгой цөөн тооны, яг миний дуунд дуртай хүмүүст зориулж хийе гэж бодсон. Надад цаг заваа гаргаж ирсэн хүмүүстэй дуу хууртай ийм сайхан мөчийг өнгөрөөе гэж бодож байгаа. Эхлээд төлөвлөж худалдаанд гаргасан тасалбар маань борлогдоод дууссан учраас нэмж хэвлэж байна. Тодорхой хувьд нь урилга бэлтгэсэн ч “Урилга авахгүй, билетийг чинь авч очино” гэсэн хүмүүс их байна. Хүмүүс тэгж гоё дэмжиж хүлээж авч байгаа нь надад их урам өгсөн. Найз нөхөд маань Архангай аймгаас ирж байна, Солонгост байсан манай найз ирж байна. Их сайхан байна. Дөнгөж төрсөн найз маань “Хүүхэд маань 13 хоногтой, ийм ширээ гаргаад өгөөрэй” гэх мэтчилэн их гоё нандин хүмүүс ирж байгаад надаа их сайхан байна. Энэ мөчийг удаан уулзаагүй хүнтэйгээ уулзах гэж догдолж хүлээдэг шиг тийм өндөр догдлолтой хүлээж байна.
-Дараагийн цомгоо хэдийд гаргахаар төлөвлөж байна даа?
-Анхны цомог гаргаснаас хойш хоёр жил болсон байна. Дараагийн шинэ цомгоо тоглолтоо хийснийхээ ард гаргахаар төлөвлөж байна. Ер нь цомгийн дуунууд хийгдэж байгаа. Хүмүүсийг амарч байх үеэр зундаа миний дуунууд их гардаг. Зун болгон клип хүргэдэг. Өнгөрсөн зун гэхэд Титэм хамтлагийн “Зүүд” дууг дуулсан, түүний өмнөх жил “Гэрлийн жил”-ийг хийсэн байдаг. Зун болгон дуу гаргадаг, намар ч гаргадаг. Жилдээ ядаж гурван дуу гаргахыг хичээдэг. Тэгэхээр зогсолтгүй уран бүтээлээ хийсээр л байна. Тоглолтын дараагаас дараагийн шинэ, бүр том тоглолт хийхүйц хэмжээний тоглолтын ажилдаа орно доо.
-“Тал нутаг” гэдэг дууг багштайгаа хамт дуулсан байсан. Энэ дууныхаа тухайд ярихгүй юу?
-“Тал нутаг” гээд дуу Ангирмаа багшийн маань дуу. 24-25 жилийн өмнө гарч байсан. Багш маань над шиг л шинэ залуу уран бүтээлч байхдаа энэ дууг хийгээд түмэнд хүргэж байсан нь тухайн үедээ бас хит болж байсан. Сүүлд продюссерээр хамтраад, миний багшаар ажиллаж байх үед нь “Багш аа, энэ дууг чинь дуулж болох уу? Хоёулаа хамтарч дуулъя” гэхэд багш маань дэмжээд хамтарч хүргэсэн. Энэ дуу шинээр анх сонсч байгаа хүн болгонд сонсголонтой сайхан дуу. Анх сонсч байгаа хүмүүс ямар сайхан дуу юм бэ гэж хүлээж авдаг бол, хуучин мэдэх хүмүүс нь энэ сайхан дууг эргээд сонсох сайхан байна гэсэн эерэг хандлагатай байдаг. Энэ дууг бас тоглолт дээр багштайгаа хамт дуулна.
-Таныг харахад уран бүтээлээ хүргэх гэж хэт улайрч зүтгээд байдаггүй шиг санагддаг. Даруухан ч гэмээр юм уу. Тэр бүр сувгуудаар цацаад байдаггүй болохоор хүчээр гаргаж ирсэн хүмүүстэй харьцуулахад ялгаатай анзаарагддаг...
-Би жаахан даруулгатай, даруухан л хүн юм шиг байгаа юм. Манай продюсер багш маань ч тэгж сургадаг. Гэр бүлийн хүмүүжил маань ч ер нь тийм. Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлсэн нэг үг байдаг. “Би ийм юм хийлээ гэж чи өөрөө ярих биш. Хийсэн юмыг чинь хүн чи ийм юм хийжээ гэж үнэлэх чухал. Тэр болтол чи хөдөлмөрлө” гэдэг. Өнөөдөр би дуунуудаа бүтэн дуулаад байж байхдаа жаргалтай байсан. Яагаад гэвэл миний сэтгэл их дүүрэн байгаад. Энэ дуунуудын ард яаж гоё хөдөлмөрлөлөө, яаж гоё зүтгэлээ. Дуу болгоны ард клиптэй. Энэ клипийг хийхэд хичнээн хүн зүтгэлээ. Энэ бүхнийг хийхэд хичнээн их мөнгө төгрөг зарцууллаа. “Яасан хөөрхөн хөдөлмөрч юм бэ, би” гээд өөрийгөө бас хальт хөөрхөн урамшууллаа. Одоо илүү их урам авч байна. Би одоо илүү гоё юм хийж чадах юм байна гэж бодсон. Яг үнэнээ хэлэхэд би одоо хүртэл мөнгө төлж постоо бүүстхийж үзээгүй. Хүн болгон намайг чи аймаар маркетинггүй дуучин гэж хэлдэг. Би урлагийг юу ч гэмээр юм дээ, хуучинсаг байдлаар хүлээж авдаг. Аймаар сайн маркетингтай мөртлөө чанаргүй уран бүтээлийг сонсох дургүй. Маркетинг хийгдээгүй байсан ч гэсэн цаг хугацааг дамнаад тухайн хүний нэрийн хуудас болж үлдэж чадах, эргээд хэдэн жилийн дараа сонсоход яанаа ямар онигоотой юм бэ гэж хэлэхээргүй, тийм л уран бүтээл хийхийг боддог. Классик аль болох сайхан уран бүтээл хийчихсэн байхад эргээд хэзээ ч дуулахад надад сайхан санагдах болов уу. Хүн болгон намайг сонсох албагүй. Сонсох хүн нь сонсоно. Анхны тоглолтон дээр маань ч гэсэн жинхнээсээ намайг сонсдог хүмүүс маань ирээсэй гэж бодсон. Дараа ч гэсэн тоглолт хийхдээ магадгүй, ямар нэг албан байгууллага руу хэдэн зуугаар нь билетээ шахахыг хүсэхгүй учраас ийм хүрээнд хийж болох юм. Тийм хиймэл нэр алдар, дүр төрх бас байдаг. Би тийм зүйл хүсэхгүй байна. Эргээд надад ямар ч үнэ цэнэгүй, миний үр хүүхдэд надаас үлдэх хэнд ч үнэ цэнэгүй бүтээл үлдээхийг хүсдэггүй. Харин намайг, миний дууг яг сонсдог 100 хүн, яг миний жинхэнэ шүтэн бишрэгч гэх юм уу, үнэхээр миний дуунд дуртай хайрлаж хүндэлдэг хүний тоо бага ч байсан чанартай байх нь чухал. Манай Б.Ангирмаа багшийн фэнүүд үнэхээр яг тийм. “Нисванис” хамтлагийн фэнүүд яг тийм. Яг тийм хэмжээний гоё дуучин байх юмсан гэж боддог.
- Таны дуунууд ч гэсэн хөнгөн аястай атлаа классик шинжтэй байдаг. Энэ ч таны энэ үзэлтэй холбоотой юм болуу?
- Би эмэгтэй хүн гэдэг утгаараа хүний нандин байдлыг илтгэсэн уран бүтээл сонгож, хийхийг боддог. Орилсон, аймаар дээд өнгө аваад дуулах биш. Хүний зүрх сэтгэлд хүргэсэн, сайхан үгийг муухай үгийг ч тэр шивнэж хэлэх төдийд хүний зүрх сэтгэлд хүрдэг. Тийм учраас дууг хүртэл зүгээр л дуулахаар хүнд хүрэхээр тийм л сайхан дуунуудтай болох юмсан гэжбоддог.
- “Universe best songs” наадмаас гарч ирж байсан гэдгээр чинь хүмүүс таныг мэднэ. Таны үндсэн мэргэжил тань дуучин уу?
-Үгүй, би аялал жуулчлалын чиглэлийн мэргэжилтэй. Дараа нь Хүмүүнлэгийн их сургуульд англи судлаач, орчуулагчийн мэргэжлээр сурсан. Одоо энэ зун элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж байна. Тоглолтоо дуусгаад ЭЕШ өгнө. Арай өөр чиглэлээр сурах гэж байна. Залуу хүн болохоор сурч мэдэх. Арай өөр чиглэлээр, өөрийгөө боловсруулах тал дээр анхаарч байна. Тэрний хэрээр цаг хугацаатай хөл нийлүүлнэ.
- Тухайн үед та хэрхэн энэ тэмцээнд орох шийдвэр гаргаж байв. Энэ таны амьдралдаа гаргасан том шийдвэр мөн үү?
- Тийм, миний амьдралдаа орсон хамгийн эхний бөгөөд эцсийн том тэмцээн “Universe best songs. Өмнө нь би “Одод болохын хүслэн” ч юмуу ямар нэг тэмцээн уралдаанд орж үзээгүй. Надад маш их хүсэл мөрөөдөл байсан. Гэхдээ тухайн үедээ боломж нь болоогүй. Ямар нэг тэмцээнд орохоос ч илүү надад амьдарлын үнэ цэнэ чухал байсан. Яагаад гэвэл тэмцэл их гэх юм уу даа. Хүүхэд нас маань их адармаатай байсан болохоор тийм шийдвэр гаргах надад боломж ч байсангүй. 2011 он гэхэд би их сургуулиа төгсчихсөн, ажил хийчихсэн, тодорхой хэмжээнд өөрөө нэг шийдвэр гаргаад гаргасан шийдвэрийнхээ төлөө зүтгэх чадалтай болсон үе учраас тэр үед энэ шийдвэрийг гаргаж байсан. Тэгээд л гаргасан шийдвэртэй хүрсэн. Анхны гараа маань сайхан байсан учраас миний одоо явж байгаа замнал маань сайхан байгаа байхаа гэж боддог юм.
-Энэ чинь анхны тэмцээн нь билүү ?
- Үгүй ээ, гурав дахь нь. Анх 2009 онд болж байсан. Тэр үед би оюутан бас ажил хийдэг байсан. Би анх сургуулиа төгсчихөөд гутлын салонд ажилладаг, ресепшн хийдэг байсан. Менежер хийдэг болоод тухайн салоноо дөрөв,таван салбартай болтол нь ажилласан. Би хүний юмны менежмент дээр бол ажиллачихаад байдаг, өөрийгөө болохоор чаддаггүй. Тэгэхээр жаахан нэрлэхүү ч гэмээр юм уу. Тэгээд хүмүүс гайхдаг байхгүй юу. Гутлын салоны ресепшн гэхээр ямар ажил хийдэг юм гэж. Тэр нь яадаг вэ гэхээр гутлаа засуулах гэж орж ирсэн хүмүүсийн гутлыг нь тайлж авна, өсгийг нь янзлана, хоншоорыг нь наана, цэвэрлэх гутал байх юм бол зарим тохиолдолд өөрөө хойно ороод угаадаг. Эргээгээд хүнд өгөхдөө арьсан гутлыг бол нүүрний тосоор тослоод хөвөнгөөр арчаад хүний гар дээр тавьж өгдөг. Тийм ажил хүртэл хийж байсан. Тэгээд л ресторанд зохион байгуулагч, бариста, кофе шопд хүртэл ажиллаж байсан. Ер нь их олон юм хийж байсан. Яахав сурсан бүхэн эрдэм гэдэг шиг би тийм ажил хийж байгаа залуусыг харахаар их хүндэлдэг. Яагаад гэвэл энэ хүний дотор өөрийгөө хүндэтгэх их том шалтгаан байгаа. Яагаад гэвэл энэ ажлыг би үнэн голоосоо сайн хийнэ. Энэ ажлаас эргээд хүнд илүү боломж олддог. Тийм болохоор энд тэнд ажиллаж байгаа залуусыгаа их хүндэлдэг. Тэр хүн хэн ч байж болно.
Сэтгэгдэл (0)