Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
- 2022-04-05
- Улс төр
- 0
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2022.04.05/ өргөн барилаа.
Уг анхдагч хуулийн төсөл нь 9 бүлэг 60 зүйлтэй бөгөөд Монгол Улсын санхүү, төсвийн удирдлага, тогтолцоонд шинэ зохицуулалт, санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол бүхий нийтийн зориулалттай дэд бүтэц болон төрийн үйлчилгээний салбарын хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж, улс орны хөгжлийн зорилтуудыг хангах боломжийг бүрдүүлнэ гэж хууль санаачлагчид үзжээ.
Хуулийн төслийн үндсэн зорилт нь төр, хувийн хэвшилтэй урт хугацаанд түншилж дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар үйлчилгээний салбарт өрсөлдөөнийг бий болгох, хөрөнгийн удирдлагыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах санхүүгийн арга хэрэгслийг бий болгох, урт хугацаандаа төсвийн ачааллыг бууруулах, хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг олон давуу талыг бүрдүүлэхэд чиглэсэн. Мөн томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг дан ганц төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжаар санхүүжүүлэх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөөнийг бий болгох, хувийн хэвшлийн ур чадварыг ашиглаж төрийн үйлчилгээг бага зардлаар олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх шаардлага, хэрэгцээг хангах олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчин бүрдүүлнэ гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа.
Хуулийн төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зорилго, хамрах хүрээ, зарчим, нэр томьёо, ойлголтуудыг тодорхой болгосон байна. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлд төрийн байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргийг зааг ялгамжтай тодорхойлж, түншлэлийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой эдгээр байгууллагуудын хоорондын харилцан уялдаа холбоог сайжруулж, санхүү, төсвийн хяналтыг тухай бүр хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр тусгажээ.
Түүнчлэн, хувийн хэвшлийн түншлэгчид тавигдах шаардлагыг томьёолж, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох, түншлэлийн гэрээ байгуулах асуудлыг тодорхой, ойлгомжтой, ил тод байдлыг хангах байдлаар хэрэгжүүлэхээр, төр хувийн хэвшлийн түншлэлийн төсөлд хэрэглэдэг төсвийн санхүүжилтийн болон эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх, төслийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах зохицуулалтуудыг нарийвчилсан байна.
Төслийг боловсруулахдаа НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссоос 2019 онд баталсан төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай жишиг хууль, түүний гарын авлагыг баримталсан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх Монгол Улсын үнэлгээ олон улсад сайжирч, гадаад, дотоод хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа нэмэгдэж, цаашлаад үндэстэн дамнасан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж нээгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл (0)