Баянгол дүүрэгт “Илүүдэл жингүй-Эртэч монгол” аяны хаалт боллоо
- 2022-05-31
- Улаанбаатар
- 1
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар өрнөсөн “Илүүдэл жингүй-Эртэч монгол” аяны хаалт өнөөдөр Баянгол дүүрэгт боллоо.
Биеийн тамир, спортын тухай хууль, “Алсын Хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөн болгохоор Ерөнхий сайдын санаачилсан энэхүү аяны хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга захирамж гарган биелэлтийг хангаж ажиллах чиглэлийг холбогдох алба, хэлтсүүдэд өгсөн юм. Тэгвэл эртэч иргэн, эртэч нийгмийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн “Илүүдэл жингүй эртэч монгол” аяны хаалт өнөөдөр болж, энэ үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын хэлтсийн дарга О.Баасан, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Жаргалсүрэн, НХХ-ийн дарга С.Мөнхзаяа, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Г.Батбаяр нар оролцлоо.
Хаалтын үйл ажиллагааны үеэр Баянгол дүүргийн Засаг дарга арга хэмжээнд хүрэлцэн ирсэн үе үеийн төлөөллүүд буюу хүүхэд, залуучууд, дунд үеийнхэн, ахмадуудад талархал илэрхийлээд “Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар эхэлсэн энэ аян гурван сар орчим үргэлжилж, өнөөдөр хаалтаа хийж байна. Манай дүүрэг 220 мянган гаруй иргэнтэй. Нийт иргэдийн маань 89 мянга орчим буюу нийт хүн намын 1/3 нь энэ аянд нэгдсэн байна. Энэ аянд манай иргэд, оршин суугчид, хүүхэд залуус, 25 хорооны Ажлын алба, Биеийн тамир спортын хороо, сургууль, цэцэрлэгүүд, иргэд аж ахуй нэгжүүд, төрийн байгууллагууд маш сайн идэвх санаачилгатай оролцлоо.
Түүнчлэн Баянгол дүүрэгт олон бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Үүний нэг нь дүүргийн Биеийн тамир, спортын хорооны байр шинээр баригдаж, ашиглалтад орлоо. Саяхан шинээр баригдсан спорт хорооны баруун талын гараашуудыг буулгасан. Одоо гарааш буулгасан газарт иргэд, оршин суугчид ая тухтай амарч, тухлах боломжтой иж бүрэн тохижилтын ажлыг хийнэ. Ингэснээр иргэд оршин суугчид маань амралт чөлөөт цагаа биеийн тамир спортоор хичээллэж зөв боловсон өнгөрөөх боломж бүрдэнэ” гэсэн юм. Мөн Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооноос “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд идэвхтэй оролцсон, харьяа хэлтэс, аж ахуй нэгж байгууллага, таван иргэнийг тус тус шагнаж урамшуулсан юм. Мөн Баянгол дүүргийн хэмжээнд идэвхтэй оролцсон Харьяа хэлтэс, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол, хороод тус бүр эхний 3 байрыг шагнаж урамшууллаа. Үүнд:
Харьяа хэлтэс:
1-р байр: Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс
2-р байр: Албан бус насан туршийн боловсрол олгох төв
3-р байр: Ахмадын хороо
Ерөнхий боловсролын сургууль:
1-р байр: Эрдмийн Ундраа Цогцолбор сургууль
2-р байр: Сэтгэмж Цогцолбор сургууль
3-р байр: Оюуны Ундраа цогцолбор сургууль
Цэцэрлэг:
1-р байр: 114-р цэцэрлэг
2-р байр: 85-р цэцэрлэг
3-р байр: 97-р цэцэрлэг
Хороо:
1-р байр: 8-р хороо
2-р байр: 9-р хороо
3-р байр: 18-р хороо
Арга хэмжээний үеэр Баянгол дүүргийн 97-р цэцэрлэгийн биеийн тамирын багш Долгорсүрэн, Ч.Отгонжаргал нар Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны “Спортын Алдар” медалиар мөн шагнасан юм.
Сэтгэгдэл (1)
санал (202.9.40.1)
ерөнхийлөгч ерөнхий сайдын санаачилгаар хүнсний аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй байна ,тэгвэл бүх хүнд энэ асуудал ач холбогдолтой болно