Баянгол дүүргийн ахмадууд “Илүүдэл жингүй-Эртэч монгол” аяны хаалтаа хийлээ
- 2022-06-06
- Улаанбаатар
- 0
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар өрнөсөн “Илүүдэл жингүй-Эртэч монгол” аянд Баянгол дүүргийн ахмадууд нэгдэж, гурван сар гаруй хугацаанд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийсэн. Тэгвэл Баянгол дүүргийн ахмадууд өнөөдөр тус аяны хаалтын үйл ажиллагаагаа Баянгол дүүргийн Спорт хороонд зохион байгуулж байна.
Хаалтын үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Ахмадын хорооны дарга Ж.Намнансүрэн, Биеийн тамир спортын хорооны дарга Г.Батбаяр болон дүүргийн 25 хорооны ахмадын төлөөлөл оролцсон бөгөөд энэ арга хэмжээний үеэр дүүргийн 20 хорооны 600 ахмад тамирчин шугаман бүжиг, эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн гэсэн хоёр төрлөөр аваргуудаа тодруулах юм.
Арга хэмжээг нээж дүүргийн Ахмадын хорооны дарга Ж.Намнансүрэн үг хэлсэн. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Илүүдэл жингүй Эртэч монгол” аянд манай ахмадууд гурван сар гаруйн хугацаанд идэвх зүтгэлтэй манлайлж оролцлоо. Энэ хугацаанд биднийг дэмжиж байсан дүүргийн удирдлагууд болон Биеийн тамир спортын хорооны хамт олондоо талархал илэрхийлье” гэсэн юм.
Мөн дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нийт ахмадууд болон энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй Ахмадын хорооныхон, Биеийн тамир спортын хорооныхонд талархал илэрхийлээд “Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар өрнөсөн “Илүүдэд жингүй Эртэч монгол” аянд манай дүүргийн ахмадууд идэвхтэй оролцож өнгөрсөн хугацаанд нийт 2200 гаруй ахмад настан идэвхтэй дасгал хөдөлгөөн хийсэн гэх дүн байна. ДЭМБ болон бусад эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар дасгал хөдөлгөөн хүний эрүүл мэндэд тустай гэдгийг баталсан. Нөгөөтээгүүр ахмадууд маань ингэж бөөнөөр цугларч дасгал хөдөлгөөн хийх нь нийгмийн харилцаанд оролцох, багийн зохион байгуулалтад орох гээд олон давуу талтай. Цаашид дүүргийн ЗДТГ, Биеийн тамир спортын хороо хамтран намрын спорт өдөрлөгийг зохион байгуулна. Энэ арга хэмжээнд дүүргийн ЗДТГ болон бусад харьяа хэлтсүүд мөн Ахмадын хорооныхон, ахмадууд та бүхэн идэвхтэй оролцоорой. Дүүргийн зүгээс ахмадуудаа үргэлж дэмжиж ажиллана” гэсэн юм.
Мөн энэ үеэр дүүргийн Биеийн тамир спортын хороонд ахмадууддаа зориулж өрөө гаргаж өгсөн гэдгээ онцлоод ахмадууддаа эрүүл зөв амьдрах дадал хэвшлээ үргэлжлүүлж, байнгын дасгал хөдөлгөөн хийхийг уриаллаа.
Сэтгэгдэл (0)