Г.Эрдэнэтуяа: Хөрөнгө оруулалтыг богино хугацаанд татах нэг хувилбар бол татварын хөнгөлөлт

Монголын уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяатай ярилцлаа.


-“Монголын уул уурхайн 7 хоног” чуулганд таны тавьсан илтгэл анхаарал татаж байлаа. Монгол Улс уул уурхайн салбарын хөгжлөөрөө дэлхийн хаана явна вэ гээд эргээд харахад ойлголтын зөрүү нэлээд их байх шиг байна?

-Хөрөнгө оруулагчид биднийг яаж харж байна, бид өөрсдийгөө яаж хараад байгаа юм бэ гэхээр сонин дүр зураг харагддаг. Бид өөрсдийгөө эрдэс баялгийн гол төв, цэг, эндээс л дэлхий нийтийн бүх түүхий эд гарч, аж үйлдвэржилтийн салбар хөгжөөд байгаа юм шиг бодоод байдаг. Гэтэл бид гадаад зах зээл дээр маш өчүүхэн хэмжээний түүхий эдийг экспортолж байгаа. Нөгөө талд хөрөнгө оруулалт татна гэдэг бол үйлчилгээ санал болгож, өрсөлдөж олж авдаг зүйл. Гэтэл хууль эрх зүйн орчноо сайжруулангуут маргааш нь хөрөнгө оруулалт орж ирнэ гэж ойлгоод байна. Ийм байдал сүүлийн 10 гаруй жил үргэлжилсэн.

Хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байна гэдэг тэдний сонирхлыг татахгүй байна гэсэн үг. Мэдээж хүн бараа худалдаж авахдаа аль болох хямд, үйлчилгээ сайтайг нь худалдаж авдаг. Харамсалтай нь бидэнд яг тэр санал болгох таатай зүйл нь байхгүй байна.

-Хатуухан сонсогдож байна шүү...?

-Үнэн шүү дээ. Дэд бүтэц хүндрэлтэй байна. Эрчим хүчний хувьд маш их хомсдолтой. Оюу толгой төслийн цахилгаан станцыг барих гэж хэдэн жил яригдлаа. Одоо болтол барьж чадаагүй. Эрчим хүчээрээ ОХУ-аас хамааралтай. Өөрдсийнхөө өдөр тутмын хэрэглээг ч хангаж чадахгүй байгаа цаг үе шүүү дээ. Хүнд үйлдвэрийн салбарт эрчим хүч дараагийн том хүндрэл бэрхшээл болж байгаа.

Түүгээр зогсохгүй бид эдийн засгийг тэлэх, өр ширээ дарах асуудалтай нүүр тулчихсан яваа. Дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралтай нүүр тулж байгаа учраас улс орнууд өрсөлдөж байна. Өнөөдөр дэлхий даяар 13000 уул уурхайн төсөлд 1.2 их наяд ам.долларын хөрөнгө эргэлдэж байна. Тэндээс улс орнууд олж авахын тулд нийтээрээ хөдөлж байна. Перу гэхэд “Бид уул уурхайн улс. 38 төсөлд 58 тэрбум ам долларын хөрөнгө оруулалтыг ойрын таван жилд төвлөрүүлнэ” гэж зарлаж олон улсад зарлачихлаа. Ийм тодорхой төлөвлөгөөтэй, төсөв мөнгөтэйгөөр төр нь өөрөө сурталчилж байна. Өөрөөр хэлбэл, татварын орчныг гадныхан маш их санал болгож байна. Эхний таван жил ашиг орлогогүй, барилга бүтээн байгуулалтын ажил ихтэй үед нь татвараас чөлөөлж байна. Энэ бол хөрөнгө оруулагчдад хамгийн том хөшүүрэг болдог. Манай улсын хувьд яг үнэндээ уул уурхайн салбар хөгжөөд 100 жил болж байгаа ч дандаа төрийн өмчит, хамтарсан үйлдвэрүүдтэй олон жил явлаа. Баруунаас орж ирсэн анхны төсөл л “Бороо гоулд” буюу Канадын төсөл шүү дээ. Тухайн үед таван жилийн хугацаанд татвараас чөлөөлнө гэж дээрх аргыг хэрэглэж оруулж ирсэн. Гэтэл энэ хугацаанд нь тэсч чадаагүй. Нөгөө компанийг идлээ уулаа, уул ус ухаад хаячихлаа гээд бүх хууль эрх зүйн орчныг нь өөрчилчихсөн. Эндээс 68 хувийн гэнэтийн ашгийн татвар гээд л гаргаад ирсэн. Тэр үеийн алдаа нь юу вэ гэвэл гэнэт нэг төсөл дээр зориулж гаргасан нь хууль нь бусад жижиг төслүүдэд асуудал үүсгэсэн. Маш олон шороон ордууд хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаад хууль бус нинжа гэдэг статус руу шилжиж орсон шүү дээ. Тэгэхээр хуулинд хандах, хуулийг өөрчлөх тал дээр маш болгоомжтой байхгүй бол эргээд сөрөг үр дагавар маш ихтэй. Үүнийг л бид уриалсаар байгаа. Аливаа хуулиар оролдохдоо маш бодолтой, болгоомжтой байхгүй бол бидэнд засах залруулах хугацаа олдохгүй байна. Тэр хугацааныхаа эдийн засгийн хүндрэлийг дааж чадахгүй хэмжээнд хүрчихээд байна.

-Нүүрсний АМНАТ-ын жишиг үнийн асуудал дээр нэлээд маргаан үүссэн. Одоо ч нэг талд гаргаж чадаагүй. Гэтэл нүүрсээс валют оруулж ирэх ёстой байдаг. Таныхаар шийдэл юу байна вэ?

-Нүүрс бол манай экспортын голлох бүтээгдэхүүн. Золоор гэдэг шиг бидэнд хамгийн том хэрэглэгч орон маань урд хөрш. БНХАУ өөрөө жилд 4.7 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Үүнээс гурав орчим тэрбум тонныг нь өөрсдөө олборлодог, маш том олборлогч. Харин манайх бол жилд 40-хөн сая тонн нүүрс олборлодог. Түүнийхээ 30 сая тонныг л хилээр гаргадаг.

АМНАТ гэхэд хуулин дээрээ 5-8 хувийн татвар оногдуулна гэчихээд бодит байдал дээрээ жишиг үнийн асуудлаас болоод 20-30 хувь татдаг болчихсон байх жишээтэй. Энэ журам нь хуулиа давчихсан асуудал. Төсөл хэрэгжүүлэгчид анх ТЭЗҮ-ээ харахдаа татвар 5-8 хувь байх нь ээ гээд явж байтал 20-30 хувийн татвар төлөх болчихож байна. Тодруулбал, Монголын зах зээл дээр борлуулж байгаа үнээс нь биш гадаадын заах зээл дээр зарласан үнээс нь татвар аваад байгаа. Ингэхээр олборлогчид ашиггүй байна гээд экспортоо хумьчихаж байна.

-Хөрөнгө оруулалтыг татах тал дээр Засгийн газар дорвитой шийдэл санал болгож чадахгүй байна гэж харагдаад байгаа. Зөв үү?

-Яахав, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн зүйл хэлж байна. Хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг явуулна, дэмжинэ гэсэн байр суурь илэрхийлсээр байна. Энэ бол асуудлаа олж харж байна гэсэн үг. Гол нь бодитоор, богино хугацаанд шийдвэрлэх деталь асуудлууд байна. Түүнийг зоригтой хийх хэрэгтэй. Мэдээж төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүд асуудлыг маш их ярьж, гарц шийдлийг гаргаж тавьдаг. Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах тал дээр ядаж байгаа төслүүдээ богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах болов уу гэсэн хүлээлт өндөр байна.

-Таны хэлснээр богино хугацааны шийдэл гэдэг валют ховордсон энэ цаг үед хэрэгтэй алхам. Ямар шийдэл та санал болгох вэ?

-Доллар орж ирдэг ганц салбар маань л уул уурхай. Экспортоо нэмэгдүүлж аль болох бараа бүтээгдэхүүнээ борлуулж байж долларыг нэмэгдүүлнэ. Аж үйлдвэржилтийг нэмэгдүүлье гээд байгаа ч өнөөдөр хөрөнгө оруулалтыг нь яах вэ гээд нөгөө л чөтгөрийн тойрог шиг юм болчихоод байгаа. Том төслүүдээ дэмжье гэхээр хөрөнгө оруулалт шаардана. Богино хугацаанд үр өгөөж өгөхгүй шүү дээ.

Эхний боломж бол экспортоо нэмэгдүүлж гаргах хэрэгтэй. Алтны үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний гаралтыг нэмэгдүүлье. Ингэхээр импортын асуудал гарч ирдэг. Үйлдвэрлэгчид боловсруулах үйлдвэрийн түүхий эдээ урд хөршөөс авдаг. Гэтэл хил гаалийн асуудлаас болоод энэ нь хүндэрсэн.

Түүнээс гадна богино хугацааны хөрөнгө оруулалт бол татвараас чөлөөлөх арга байж болно. Урт хугацаандаа мэдээж өөр, өөр арга замыг тодорхой болгох ёстой. Хайгуул хийгдэхгүй болохоор хичнээн төсөл яаж цаашаа явах нь тодорхойгүй болчихож байгаа юм. Дэлхийн чиг хандлага критикал минерал руу явж байгаа. Гэтэл манайх үүнээс дахиад 10 жил хоцрох нь тодорхой болж байх шиг байна. Мөн дараагийн “Оюу толгой”, “Эрдэнэт”-ээ олохгүй бол дараагийн ашиглах төсөл байхгүй болно.

Нөгөө талдаа гадаад зах зээлээр зогсохгүй дотоодын аж ахуйн нэгжүүдтэйгээ маш сайн ажиллах шаардлагатай. Тэдэнд дараагийн төслүүдийг эхлүүлэх боломжийг олгох хэрэгтэй. Мэдээж тэд дотооддоо үйл ажиллагаа явуулаад сурчихсан учраас манай хууль эрх зүйн нөхцөл байдал, тогтвортой байдал ямар байна, хэрхэн өөрчлөгддөгийг харьцангуй мэддэг болчихсон. “Рио тинто”-д гэхэд дараагийн хайгуул хийх боломжийг олгоход буруудахгүй.

Б.Энхзаяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)