Улсын эдийн засгийг тэлэх Оюу толгойн гүний уурхай өнөөдөр нээгдэнэ
- 2023-03-13
- Нийгэм
- 1
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сард /2023.02 сарын 13-17/ БНСУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Монгол-Солонгосын бизнес форумд оролцож “Оюутолгойн гүний уурхайн нээлтийг гуравдугаар сарын 13-нд хийнэ. Нээлтэд Солонгосын бизнесмэнүүдийг урьж байна” гэж мэдэгдсэн. Тэгвэл Оюутолгойн гүний уурхайг тус товлосон хугацаанд буюу өнөөдөр нээх юм. Өөрөөр хэлбэл Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлнэ. Оюу толгой ордын нийт баялгийн 80 хувь газрын гүнд бий.
Тэрбээр мөн МҮОНТ-д ярилцлага өгөх үедээ "Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларыг 100 хувь тэглэсэн тухай хөрөнгө оруулагч талаас захидал ирүүлсэн. Тэрхүү 34 хувьд өр үүсчихээр дараагийн бүтээн байгуулалтыг явуулах боломжгүй болчихоод байсан. Энэхүү гацаа бараг 10-аад жил үргэлжилж, улс төрийн хамгийн халуун сэдвийн нэг болоод байв. Хөрөнгө оруулагч тал 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэснээр 34 хувь тэг балансад шилжиж байна.
Оюутолгойн гүний уурхайг энгийнээр тайлбарлавал, зэсийн гол цооног дунд газар дор хонгил хийн, улмаар цооногууд гаргаж гоожилт хийнэ гэсэн үг. Тэгэхээр бараг хаягдалгүй баяжмал гарах юм. Нэг машин баяжмал гаргах, нэг машин шороотой баяжмал гаргах нь маш их ялгаатай. Тэгэхээр Оюутолгойн гүний уурхай гуравдугаар сарын 13-нд нээлтээ хийнэ гэдэг бол Монгол Улсын түүхэнд болоод гүний уурхайн түүхэнд тод өдөр болох юм. Энэ нь цаашлаад Монгол Улсын ДНБ-ийг хоёр дахин тэлэх боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл, бидний ирээдүй гэрэлтэй тал руугаа явж байна" гэсэн билээ.
Эргэн сануулахад У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын идэвхтэй ажлын үр дүнд Рио тинто буулт хийж Оюутолгой төсөл дэх Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэж байна.
“Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниас “Оюу толгой” төслөөс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэх 5 санал бүхий албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд 2021.12.13-нд ирүүлсэн. Уг албан бичигт “Оюу толгой” төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх, “Дубайн гэрээ” буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахаар тусгасан байна. Түүнчлэн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах саналыг тусгасан юм.
Сэтгэгдэл (1)
Иргэн (192.82.86.175)
Газар доор нүх ухаж чадаж байгаа тул Улаанбаатарт метрогоо бариач ээ!