“Мак цемент” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ
- 2023-08-24
- Нийгэм
- 0
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрөгч онд “МАК цемент” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгаад давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглан хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулж цементийн үнэд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх буюу 5.370.546.910 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. “МАК цемент” ХХК нь шийтгэлийг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр зөрчилд шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах “МАК цемент” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 08 дугаар тогтоолоор “МАК цемент” ХХК-ийг цементийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон.
Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 7.1.2-т “бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан байдаг гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)