Г.Дуламсүрэн: Шинэ авто вокзал үйлчилгээгээ илүү сайжруулах чиглэлээр нэмэлт тэмдэг тэмдэглэгээ байршуулах ажлууд хийгдэж байна
- 2023-08-30
- Нийгэм
- 0
Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.Дуламсүрэн "Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв буюу хуучнаар Драгон төв Номин агуулах худалдааны төвийн хажууд байрлах авто вокзал руу нүүж, 2023 оны наймдугаар сарын 25-наас улс, хот хоорондын зорчигчийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг тус автовокзалаас үзүүлж байна. Өдөрт дунджаар 3.000-4.000 хүнд, оргил ачааллын үед 8.000-10.000 хүнд үйлчилдэг" гэлээ.
Тэрбээр "Шинэ авто вокзалд үйлчилгээгээ илүү чанаржуулж, сайжруулах чиглэлээр нэмэлт тэмдэг тэмдэглэгээ байршуулах зэрэг ажлууд хийгдэж байна.
Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан байршлаас тус шинэ авто вокзал нь нийтийн эзэмшлийн талбай 5 дахин, үйлчилгээний талбай 1.5 дахин нэмэгдсэн. Иргэдэд хэрэгцээтэй бүхий л төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, ая тухтай үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Тухайлбал, ариун цэврийн өрөө, гарц, зогсоолын тэмдэг, тэмдэглэгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан такси, ачаагаа зөөх тэрэг, гар утас цэнэглэх цэг, бэлэн мөнгөний машин /ATM/, кофешоп, хоолны газар зэрэг хэрэгцээт бүх үйлчилгээ үзүүлнэ" гэсэн юм.
Цаашид иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ улам чанаржуулж, нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран автобусны зогсоол, зорчих хэсгийг холбох зэрэг зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна.
Түүнээс гадна хууль бус тээврийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг хязгаарлах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогмтол хяналт, шалгалт явуулж байна гэв.
Сэтгэгдэл (0)