ОХУ цөмийн туршилтыг хориглох тухай гэрээг соёрхон баталсныг хүчингүй болгожээ

МОСКВА. 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /RT/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг тус улс соёрхон баталсныг хүчингүй болгох тухай хуульд гарын үсэг зуржээ. 

Уг хуулийн төслийг Оросын парламентын доод танхим буюу Төрийн Дум аравдугаар сарын дундуур, Холбооны Зөвлөл аравдугаар сарын 25-нд баталсан юм. Орос дээрх гэрээг соёрхон баталснаа эргүүлэн татаж болзошгүйг В.Путин энэ сарын эхэнд анхааруулж байв. 

 

Эл гэрээг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1996 онд баталжээ. Энэхүү баримт бичигт гэрээг хэлэлцэх үед цөмийн чадавх, техник технологитой байсан 44 орны жагсаалтыг хавсаргасан байна. АНУ, Египет, Израил, Иран, Хятад, Энэтхэг, Умард Солонгос, Пакистан улсууд гарын үсэг зураагүй эсвэл соёрхон батлаагүй учраас гэрээ хүчин төгөлдөр болоогүй юм. ОХУ 1996 онд гарын үсэг зурж, 2000 онд соёрхон баталжээ. 

Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу гэрээг соёрхон баталсныг эргүүлэн татах болсон шалтгааныг тайлбарлахдаа, "АНУ-тай тэнцвэртэй байдлыг хангах" гэсэн эрмэлзэлтэй холбов. Москва, Вашингтоны нөхцөл байдал де юре тэнцвэржиж байгааг Кремль мөн тэмдэглээд "Одоо АНУ, ОХУ хоёр орны хувьд гэрээнд гарын үсэг зурсан, аль аль нь соёрхон батлаагүй улс болж байна" гэж мэдэгдсэн байна. 

Цөмийн туршилтыг хориглох тухай гэрээг В.Путин АНУ тив алгасагч "Minuteman III" баллистик пуужинг цэнэгт хошуугүйгээр туршсан өдөр хүчингүй болгосон байна. АНУ-ын Агаарын цэргийн хүчний цохилт өгөх командлалын мэдээлснээр, шалтгаан тодорхой доголдол үүссэний улмаас пуужин Номхон далайн дээр дэлбэрчээ. Пуужингийн туршилт явуулах талаараа Вашингтон Москвад мэдэгдсэн гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)