"Улаанбаатар" олон улсын XVI кино наадмын Монгол кино уралдаанд урьж байна

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Монголын урлагийн зөвлөл (МУЗ) Arts Council of Mongolia, Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл (КУЗ) Mongolian National Film Council болон “Номадиа Пикчерс” Nomadia Pictures компани хамтран 16 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг 2024 оны 10 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

“Улаанбаатар” олон улсын кино наадам нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд тус наадам нь нээлтийн кино, Монгол киноны уралдаант хэсэг, олон улсын баримтат ба уран сайхны кино үзвэр, хүүхэд, залуучуудын үзвэр, сургалт, форум гэсэн үндсэн хэсгүүдтэй.

Тус уралдаанд уран сайхны кино хүлээн авах ба уралдаанд ирүүлсэн кино бүтээлүүдээс “Монгол кино хөтөлбөр”-ийн олон нийтэд толилуулах бүтээлүүдийг шалгаруулна. Дараах төрөл тус бүрд нэг шилдэг бүтээлийг шалгаруулж цом, мөнгөн шагнал, өргөмжлөл гардуулна. Үүнд:

1. Шилдэг кино,

2. Шилдэг найруулагч,

3. Шилдэг эрэгтэй гол дүр,

4. Шилдэг эмэгтэй гол дүр,

5. Шилдэг туслах эрэгтэй дүр,

6. Шилдэг туслах эмэгтэй дүр,

7. Шилдэг зураглаач,

8. Шилдэг зураач,

9. Шилдэг зохиолч,

10. Шилдэг хөгжмийн зохиолч,

11. Шилдэг эвлүүлэгч,

12. Шилдэг дууны найруулагч,

13. Шилдэг нүүр хувиргагч.

“Шилдэг кино” төрөлд өрсөлдөх бүтээлд тавигдах шаардлага:

- АНУ болон харьяа нутаг дэвсгэрүүдээс нь гадна хийгдсэн, 40 минутаас дээш урттай бүтээл байх,

- Харилцан ярианы 50-иас дээш хувь нь англиас өөр хэл буюу монгол хэлээр байх,

- Монголд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нээлтээ хийсэн байх,

- Кино театрт дор хаяж долоон өдөр дараалан, ашгийн зорилгоор толилуулагдсан байх, (Фестивалийн үзвэр үүнд хамаарахгүй)

- Кино театрт гарахаар бусдаар олон нийтэд түгээгдсэн, толилуулагдсан бүтээл байж болохгүй. (Өргөн нэвтрүүлгийн болон кабелийн сувгаар, IPTV, PPV/VOD хэлбэрийн үйлчилгээгээр, DVD-ээр, нислэгийн үзвэрт г.м.)

- Кино бүтээх үйл явцад монгол хүмүүс голлох үүрэгтэй оролцсон байх,

- Англи хэлээр хадмал орчуулгатай байх.

Бусад төрөлд өрсөлдөх бүтээлд тавигдах шаардлага:

- Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжилд нийцсэн, урлаг, уран сайхан болон дуу дүрсний хувьд өндөр чанартай бүтээл байх,

- 2023 оны 08 дугаар сарын 20-ноос 2024 оны 08 дугаар сарын 20-ны дотор бүтээгдсэн байх,

- Киноны баг нь уран сайхны кино бүтээх чиглэлээр гурваас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан дадлага туршлагатай байх,

- Англи хэлээр хадмалтай байх.

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, Монголын урлагийн зөвлөл болон чөлөөт уран бүтээлчдийн төлөөлөл бүхий ажлын хэсгээс томилсон шүүгчдийн баг хийнэ.

Сонгон шалгаруулалтын эцсийн дүнг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зарлана.

Уралдаанд кино бүтээлээ хэрхэн бүртгүүлэх вэ?

• Уран бүтээлч нь наадмын www.ubiff.mn цахим хуудсанд байршуулсан уралдааны өргөдлийн маягтыг бөглөн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дотор илгээнэ.

• Киноны 1 хувийг DVD болон бусад файл хэлбэрээр МУЗ-ийн байранд дурдсан хугацаанаас өмнө авчирч өгнө.

• Өргөдлийн маягтыг бөглөж, киноны нэг хувийг хүлээлгэн өгсөн тохиолдолд бүртгэл баталгаажна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)