Умард Солонгосын эсрэг АНУ нэмэлт хориг арга хэмжээ авчээ
- 2023-12-01
- Дэлхий
- 0
ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /Yonhap/. Өнгөрсөн долоо хоногт тагнуулын хиймэл дагуул хөөргөснийх нь хариуд Умард Солонгосын кибер тагнуулын бүлэг болон гадаадад байрладаг найман төлөөлөгчид /агент/ хориг тавьсан тухай АНУ-ын Сангийн яам мэдэгджээ.
Тодруулбал, тус яамны Гадаад хөрөнгийн хяналтын албаны /OFAC/ хориг арга хэмжээний жагсаалтад кибер халдлага үйлдэгч “KIMSUKY” бүлэг болон Пёньяны үй олноор хөнөөх зэвсгийн хөтөлбөрийг дэмжих зорилгоор хориг арга хэмжээг тойрон гарахад тусалсан хувь хүмүүсийг нэмж оруулсан байна. OFAC нь эдийн засгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлдэг.
Гадаад хөрөнгийн хяналтын албанаас мэдээлснээр, Умард Солонгосын тал 11 дүгээр сарын 21-нд цэргийн тагнуулын хиймэл дагуулыг тойрог замд оруулах сансрын пуужин хөөргөсний хариуд Өмнөд Солонгос, Япон, Австрали улстай хамтран шинэ арга хэмжээг авахаар болжээ. “Энэхүү арга хэмжээ нь Умард Солонгост орлого олох, эд материал олж авах, тагнуулын мэдээлэл цуглуулах, зэвсэг, түүнтэй холбоотой материалыг хууль бусаар экспортлоход нь саад учруулах чиглэлд АНУ болон гадаадын түншүүдийн гаргаж буй олон талын хүчин чармайлтыг харуулж байна” гэж уг мэдэгдэлд дурдсан байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)