Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар дараах эерэг үр дүнд хүрнэ гэж үзжээ
- 2024-05-15
- Улс төр
- 0
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2024.05.14/ хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.
Монгол Улсын Их Хурлаас 1995 онд баталсан Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар төрийн тусгай хамгаалалт, түүнийг хэрэгжүүлэх байгууллагын эрх зүйн үндсийг анх удаа хуульчлан тогтоосноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд улс орны эдийн засаг, нийгэм, эрх зүйн болон гадаад харилцаанд томоохон хөгжил, шинэчлэл, өөрчлөлтүүд гарсан тул энэхүү хуулийг шинэчлэн боловсруулах зайлшгүй шаардлага үүсч байна хэмээлээ.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт судалгаагаар дараах нөхцөл байдлууд тогтоогдсон байна. Үүнд:
-төрийн тусгай хамгаалалтын зорилгыг хэт ерөнхий тогтоож өгснөөс бусад төрийн хамгаалалтаас ялгамжтай байдал тодорхой бус;
-хуулиар төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэний шалгуур үзүүлэлтийг тогтоогоогүйгээс холбогдох зохицуулалтыг хэрэгжүүлэхэд хүндрэл учирдаг;
-обьектыг төрийн тусгай хамгаалалтад авах шалгуур үзүүлэлтийг тогтоогоогүйгээс төрийн тусгай хамгаалалтад байгаа обьектын хүрээ хэт өргөжиж, хамгаалалтын иж бүрэн байх зарчим алдагдсан;
-төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэх арга хэлбэрийг хуулиар хатуу тогтоож өгсөн нь хамгаалалтын арга, тактикийг өөрчлөх, олон нийт болон хамгаалуулагч нараас тавьж буй шаардлагад нийцүүлж уян хатан байх боломжийг хязгаарласан;
-төрийн тусгай хамгаалалтын бүс, дэглэм тогтоох үйл ажиллагаа нь хуулиар тодорхой бус
-Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар тогтоосон төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагааг бусад хуулиар өргөжүүлэн тогтоодог хуулийн гажуудал бий болсон;
-төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид тавих шаардлага, эрх зүйн байдал, эрх зүй, нийгмийн баталгаатай холбоотой зохицуулалт нь төрийн албаны болон бусад тусгай чиг үүрэг бүхий салбарын эрх зүйн шинэчлэлээс хоцорсон, эрх зүйн байдал нь хийдэлтэй, эрх зүй, нийгмийн баталгаа нь сул.
-төрийн тусгай хамгаалалтад албадлага хэрэглэх үндэслэл, журмыг хүний эрхийг хүндэтгэх зарчимд нийцүүлээгүй нь тодорхой болжээ.
Иймд хуулийн хэрэгжилттэй холбоотой хүндрэл бэрхшээлийг арилгах, төрийн тусгай хамгаалалтын зорилго, хамрах хүрээг Монгол Улсын Үндсэн хууль болон Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн оновчтой тогтоож, төрийн тусгай хамгаалалтын байгууллагын чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалтыг эрх зүйн зохицуулалтыг шинэчилж, албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлэх, эрх зүйн баталгааг бүрдүүлэх чиглэлээр Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан байна.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 7 бүлэг 60 зүйлтэй боловсруулж, хуулийн төсөлд хуулийн зүйл, заалтын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хуулийн зарим, зүйл, хэсэг, заалтын хэл зүй, найруулгыг ойлгомжтой, тодорхой болгох үүднээс найруулгын шинжтэй зарим өөрчлөлтүүдийг хийжээ.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар дараах эерэг үр дүнд хүрнэ гэж үзжээ.
• Төрийн тусгай хамгаалалтын зорилго хуульчлан тодорхойлогдож төрийн бусад хамгаалалтаас ялгамжтай байдал тодорхой болно.
• Төрийн тусгай хамгаалалтын хамрах хүрээ, үйл ажиллагааг бусад хуулиар өргөжүүлэн тогтоодог байсан гажуудал арилна.
• Төрийн тусгай хамгаалалт нь аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээнд үндэслэдэг бөгөөд шинжлэх ухааны хөгжил, техник технологийн дэвшлийг хүний хүчин зүйлтэй хослуулсан, цаг үедээ нийцсэн, уян хатан хамгаалалтын арга, хэлбэр, тактикаар хэрэгжинэ.
• Төрийн тусгай хамгаалалтын алба мэргэшсэн, чадварлаг, шилдэг албан хаагчид бүхий тусгай алба байх эрх зүй, нийгмийн баталгаа бүрдэнэ.
• Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаа улс төрөөс болон гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаанаас ангид байна.
• Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаанд хүний эрхийг хүндэтгэх зарчим хэрэгжиж, хүний эрхийг зөрчих боломж хязгаарлагдана хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Сэтгэгдэл (0)