Б.Мягмар: Баярынх нь энэ өдөр эмч нартаа урам хайрлаарай

“Хэрвээ иргэн танд талархаж явдаг эмч байдаг бол талархалаа заавал дэвшүүлж, баярынх нь энэ өдөр урам хайрлаарай гэж хүсье”

 

 

        Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар.

 

-Танд энэ өдрийн мэндийг хүргье. Яриагаа удахгүй болох гэж буй “Алтан чагнуур-2016” ёслол хүндэтгэлийн арга хэмжээний талаар эхлэе гэж бодож байна.

 

-    Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргье. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2011 оноос хойш “Алтан чагнуур” арга хэмжээг санаачлан зохион байгуулаад, энэ жил 6 дахь жилтэй золгож байна. Энэхүү арга хэмжээг зохиох болсон шалтгаан бол монгол улсад эрүүл мэндийн салбарт үндсэн мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж байгаа чадварлаг эмч нарыг олон нийтэд таниулах, тэдэнд урам өгөх зорилготой юм. 2011 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн хурлаар баталсан шагналын журам нь одоог хүртэл өөрчлөгдөөгүй. Шагналын гол онцлог нь дотор, зүрх, мэдрэл, нүд, чих, хамар хоолой  гэдэг ч юм уу мэргэжлийнхээ төрлөөр шалгардгаараа онцлог. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд нийтдээ 74 эмч “Алтан чагнуур”-ын эзэн болсон. Энэ жилийн хувьд 10 эмчийг “Алтан чагнуур”-ын эзнээр шалгаруулахаар төлөвлөж байна. 

 

- Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн онцлог ер нь юу байна вэ?

 

-    Энэ жилийн гол онцлог бол манай үйлдвэрчний эвлэлийн холбоо 1926 оны дөрөвдүгээр сарын 10-нд анх “Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн үйлдвэрчний эвлэлийн холбоо” нэртэйгээр байгуулагдсан. Энэ жил 90 жилийн түүхэн ойн босгон дээр болох гэж байгаагаараа онцлог. Манай холбооны ой дөрөвдүгээр сарын 10-нд болох гэж байна. Мөн энэ жил хөдөө орон нутгаас маш олон эмч нар нэр дэвшин оролцож байна. Энэ нь урд урдны жилээс мэдээлэл сайн тарсаны үр дүн. 

 

- Хот, хөдөө нийлээд хичнээн эмч, эмнэлгийн байгууллага уг арга хэмжээнд оролцох вэ?

 

-    Ер нь бол манай салбарт улсын хэмжээнд 40000 гаруй эмч, эмнэлгийн ажилчид ажиллаж байна. Энэ дундаасаа их эмч нар 8000 орчим байдаг. Жилээс жилд арга хэмжээнд оролцох эмч, эмнэлгийн байгууллагын тоо нэмэгдсээр байна. Энэ бол арга хэмжээний маань гол зорилго биелж байна гэж үзэж болно. 

 

- Ёслолын үйл ажиллагааны бэлтгэл ажил хэр зэрэг хангагдсан вэ? 

 

-    Манай холбоо энэ ёслолын үйл ажиллагааг бараг бүтэн сарын турш бэлтгэдэг. Яагаад гэхээр улс орон даяар ETV телевизээр шууд дамжуулдаг учраас ямар нэгэн алдаа гарах ёсгүй, зохион байгуулалтын өндөр түвшинд өдөр, шөнөгүй ажиллаж байна. 

 

- Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооныхоо талаар, мөн үйл ажиллагааныхаа чиглэлийн талаар ярьвал?

 

-    За, манай эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо бол “Эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалцгаая” гэсэн уриан доор эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайлбал, сүүлийн жилүүдэд стратегийн бодлогын хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх бол нэгдүгээр асуудал болж байна. Нөгөө талаар хууль эрхзүйн орчинг сайжруулах хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах нь хоёрдугаар асуудал. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэх хүрээнд нилээдгүй олон ажлыг зохион байгуулж байна. Мөн сүүлийн үед үндэслэлгүйгээр ажлаас халсан, цалин бууруулсан, эрх нь зөрчигдсөн олон хүмүүс бидэнд өдөр тутамдаа хандаж байна. Энэ хүмүүст хууль эрхзүйн өмгөөлөл, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилдаг. Ер нь бол стратегийн зорилгын хүрээнд маш олон ажлуудыг манай салбарын холбоо тасралтгүй явуулж байдаг.

 

 

- “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн арга хэмжээнийхээ цаашдын цар хүрээг хэрхэн харж байна вэ? 

 

-    “Алтан чагнуур” арга хэмжээнд цаашдаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг илүү оролцуулахыг зорьж байна. Төрийн төсвийн байгууллагууд их ачаалалтай өндөр нарийн мэргэжлийн эмч нар байдаг ч гэсэн хувийн эмнэлэгт техник, технологийн дэвшилтэт олон шинэ аргуудыг нэвтрүүлж байдаг учраас яг үйлдвэрчний эвлэлийн хүрээнд болвол тэдэнд илүү хүрч ажиллах, хувийн эмнэлэгт ажиллаж байгаа эмч нарыг алдаршуулж арга хэмжээний цар хүрээг илүү их нэмэгдүүлэх, төсвийн гэж хязгаарлахгүйгээр хөгжүүлэхийг зорьж байна. Цаашдаа энэхүү арга хэмжээгээ улам сайжруулахын төлөө ажиллах болно. 

 

- Шалгаруулалтын хүрээнд хичнээн эмчийн материал ирээд байна вэ? 

 

-    Жилдээ 50-80 эмч нэр дэвшдэг. Сүүлийн үед тооны хувьд хэт их нэмэгдэхгүй, илүү их чанаржиж орж ирж байна. Тухайлбал, 500 ажилтантай 150 гаруй эмч нартай газраас нэг  төрөлд нэг л шилдэг гэсэн эмчийг номинацид нэр дэвшүүлдэг учраас илүү их жилээс жилд нэр дэвшигчдийн чанар чансаа нэмэгдэж байна. Өмнөх жилүүдэд нэг байгууллагаас тав, зургаан эмч ирдэг байсан бол одоо нэг байгууллагаас нэгээс хоёр илүү хэмрэхгүй байна. Тиймээс илүү их чанартай хүлээн зөвшөөрөгдсөн эмч нарыг номинацид нэр дэвшүүлж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. 

 

- Ёслолын үйл ажиллагаатай холбоотой өөр нэмэлт мэдээлэл, хэлэх зүйл байвал?

 

-    Нэг зүйлийг би онцолж хэлэхийг хүсч байна. Хэрвээ энэ өдөр иргэн танд талархаж явдаг эмч байдаг бол талархалаа илэрхийлээд сэтгэлийн үгээ гар утас руу нь мессежээр, фэйсбүүк, твиттерээр, ил захидал гэх мэт ямар нэгэн байдлаар талархаж явдаг эмчдээ талархалаа заавал дэвшүүлээрэй. Баярынх нь энэ өдөр тэдэнд урам хайрлаарай гэж хэлье.

 

О.Түвшинзаяа
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • myagmaraa (59.153.85.75)

    2016-03-29

    shudnii emch oroh bolomj bna uu

  • алтан чагнуур (59.153.85.75)

    2016-03-29

    шүдхий эмч орох боломжгүй юм болов уу

  • (103.9.88.210)

    2016-03-29

    Сувилагчийн сургууль төгсчихөөд хаагуур дөвчигнөөд яваад байна. их дээд сургууль төгссөн хүн чамаас араай өөрөөр сэтгэх байх

  • tsolmon (124.158.109.232)

    2016-03-29

    myagmartaa amjilt husie saihan bayarlaarai