Гар, хөл, амны өвчний дэгдэлт нэмэгджээ

 

        Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд гар, хөл, амны өвчний дэгдэлт өсч байгаа аж. Тиймээс энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчний тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ж.Энхцэцэгээс тодрууллаа.

 

-Он гарсаар гар, хөл, амны өвчний хэчнээн тохиолдол бүртгэгдээд байна вэ?

 

-Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар хөл, гар, амны өвчний 2240 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1749 тохиолдлоор өссөн байна. Өөрөөр хэлбэл, энэ жил тус өвчний дэгдэлт нэмэгдэж байна гэсэн үг юм.

 

-Уг өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

 

-Хөл, гар, амны өвчин коксаки А16, интеровирус 71 вирусээр үүсгэгддэг. Энэ өвчин гэдэсний халдварын төрөлд ордог. Уг өвчнийг туссан үед залгиур хоолой улайж, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөгөнд гөвдрүүт, цэврүүт тууралт гардаг.

 

-Хэрхэн халдварладаг вэ?

 

-Ихэвчлэн зун, намрын улиралд, агаар дуслын, ахуйн хавьтлаар буюу бохир гараар дамждаг. Дамжих хүчин зүйл нь агаар дуслаар буюу вирус бохирдсон ус, хүнс, хөрс, бохир гараас дамждаг. Дунджаар нууц хугацаа нь 3-5 хоног байдаг. Уг өвчин нэг гэрийн хүүхдүүдийн дунд, цэцэрлэг, сургуулийн хүрээнд голомтлон гардаг. Өөрөөр хэлбэл, бага насны буюу 10 хүртэлх насны хүүхдэд тохиолдоно. Өвчний хүндрэлийн 90 орчим хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдэд тохиолддог. Энэ нь хүүхдийн дархлаатай холбоотой.

 

-Эцэг эхчүүд энэ өвнийг ам гэмтэхтэй андуурч байна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

 

-Эцэг эхчүүд уг өвчнийг салхин цэцэгтэй андуурдаг. Учир нь, салхин цэцэг нь мөн вирусээр халдварлаж, цэврүүт тууралт гардаг. Салхин цэцэг бол өндөр халуурдаг. Мөн амны гэмтэлтэй андуурдаг. Амны гэмтэл бол аман дотор шар өнгөртэй, арилгахад хэцүү тууралт гардаг. Нэг удаа амны гэмтлээр өвдсөн бол дахиж гардаггүй. Амны гэмтэл амнаас их хэмжээний шүлс гардаг. Харин хөл, гар, амны өвчин арай өөр байдаг. Халуурах шинж тэмдгийн тухайд их өндөр биш. Ер нь хөнгөн хэлбэрийн үед цэврүүтэй тууралт гарахаас гадна толгой өвдөнө. Дунд үедээ энэ тууралтууд шархалж болно. Толгой өвдөж, халуурч бөөлжинө. Хүндэрсэн үедээ өндөр халуурч, хордлогын хэлбэрт орж, амьсгал олшрон, цустай хөөсөрхөг цэр гарна.

 

-Уг өвчнийг туссан үед ямар эмчилгээ хийх вэ?

 

-Энэ өвчний үед эмчилгээ байхгүй. Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Тухайлбал, цэврүүг арилгахын тулд эм түрхэх, мөн хүүхдийн дархлааг дэмжих витамин хэрэглэж болно. Тэжээллэг хоол, ариун цэврийг сахих, ахуйн цэвэрлэгээ хийх шаардлагатай.

 

М.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)