Үйлчин бүсгүйчүүд чуулсан үдшийн тэнгэр дор

 

         Нэгэн цагт Монгол Улсын төсөвт үлэмж орлого төвлөрүүлж, улс орныхоо ачааны хүндийг үүрэлцэж ирсэн Ахуй үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээ ёслол төгөлдөр болж өндөрлөв. Ойн баярын хүрээнд үйлчин бүсгүйчүүд “Алтан зүү-2016” арга хэмжээг зохион байгуулж шилдгүүдээ тодруулсан сайхан үйл явдал болов. Монгол Улсын 21 аймгийн төлөөлөл чуулсан тус арга хэмжээ нь ойн баяраа тэмдэглээд зогсохгүй өнөөдөр үйлчдэд тулгамдаад байгаа асуудлаа ч дэлгэрэнгүй хэлэлцсэн. 

 

         Дашрамд дурдахад төрд “дагавар хүүхэд” шиг үзэгдэх болоод удсан үйлчид маань ийнхүү ойн баяраа “Ахуй үйлчилгээний хөгжил судалгааны төв”-өө түшиглэн өөрсдөө санаачилан зохион байгуулж байгааг дуулгах нь зүйн хэрэг болов уу. 

 

         Уг баярын арга хэмжээний салхийг хагалж “Бат зүү” компанийн зөвлөх, “Ахуй үйлчилгээний хөгжил судалгааны төв”-ийн тэргүүн Ж.Оюунчимэг үг хэлсэн бол Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Ур ундрах” компанийн захирал А.Алтантуяа нар баярын үйл ажиллагааны нээлтийг түүчээлэв. Эх орны өнцөг булан бүрээс авьяас билэг, ур ухаанаараа шалгарсан үйлчин бүсгүйчүүд баярын ширээнээ тухлахын зэрэгцээ өөрсөддөө тулгамдаад байгаа асуудлыг нээлттэй хэлэлцсэн нь баярлахаа ч баярлаж, ажлаа ч хийдгийн нэгэн жишээ болов. Учир нь Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав үйлчдэд тулгамдаад байгаа асуудлыг төрд түүчээлэн хүргээд зогсохгүй ажил хэрэг болгох тал дээр манлайлан ажиллахаа 21 аймгийн төлөөлөлд андгайлсан нь санаандгүй хэрэг огт биш. Түүний хувьд бизнесмэнүүдийг төрд түүчээлсээр ирсэн нэгэн гэдгийг хүмүүс андахгүй мэдэх биз. Харин “Ахуй үйлчилгээний хөгжил судалгааны төв”-ийн тэргүүн Ж.Оюунчимэг баярын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Бид зах зээлд шилжсэнээс хойш багагүй зовлон бэрхшээл туулж, олон ч нам, олон ч даргын нүүр үзлээ. Ийм хүнд цагт манай үйлчин бүсгүйчүүд энэ их айлын галыг алдалгүй өнөөдөрт авч ирсэн. Бид зах зээлийн өрсөлдөөнт энэ нийгэмд өөр өөрсдийн арга барил ур ухаанаа уралдуулж амьдралаа залгуулж ирсэн. Бидний хувьд төрөөс нэг их зүйл хүсэхгүй. Гагцхүү төр маань ганц хоёр үйлдвэртэй болооч ээ. Тэгвэл ажиллах хүч нь байна, ур ухаан, авьяас чадвар нь байна, түүхий эд нь байна. Зах зээлээ дэлхийн хэмжээнд тэлэх боломж бүрэн бий. Тэгэхээр төр маань ганц хоёр сайн үйлдвэртэй л болохыг хүсч байна” хэмээсэн нь нийт үйлчин бүсгүйчүүдийн чин хүсэл бололтой. 

 

      Социалист нийгмийн үед нийслэл хот төдийгүй аймаг тус бүрт үйлдвэрүүд байгаад зах зээлийн нийгэмд шилжихтэй зэрэгцэн үүд хаалгаа барьсан хэдий ч энэ халуун тогоонд чанагдсан бүсгүйчүүд маань өнөөдрийг хүртэл хэний ч дэмжлэггүй үйл хэргээ үргэлжлүүлж ирснийг бид хаа хаанаа мэднэ. Зах зээлд хөл тавихад юуны өмнө тэдний байр савыг хувьчлал нэрийн дор авч одсон. Тодотговол, хувь заяанд нь даатгаад гудамжинд гаргасан гэж болно. Ийм л хүнд хэцүү цагийг туулсан чадварлаг бүсгүйчүүдийн туйлын хүсэл бол үйлдвэр юм. Өнөөдөр хөрш орнуудад төдийгүй дэлхийн улс гүрнүүдэд Монгол Улсаа сурталчилж байгаа зүйл бол үйлчин бүсгүйчүүдийн маань урласан монгол дээл, бусад хувцас хэрэглэл гэдгийг олонтаа хүмүүсийн амнаас сонсч явжээ. Энэ удаад ч Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав “Би энэ ажлыг аваад хэд хэдэн орноор аялалаа. Тэнд очоод бидний нүүрийг тахалдаг ганц зүйл бол та бүхний урласан дээл, хувцас шүү” гэдгийг ч тодотгож байсан. 

 

      Энэ үеэр “Ур ундрах” компанийн захирал А.Алтантуяа хуран чуулсан үйлчин бүсгүйчүүддээ баярын мэнд хүргээд “Бид өөрсдийгөө хувцаслаж чадна. Ур ухаан авьяас чадвар байна. Бидний урлаж байгаагийн дэргэд юун гадаадын бренд. Бид өөрсдийнхөө хийсэн бүтээснийг дэлхийн бренд болгох тэр зорилго руу зоригтой явах хэрэгтэй” хэмээсэн. Мөн үеэр Б.Лхагважав үйлчин бүсгүйчүүдээ дэмжиж ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ хууль эрх зүйн орчин талаас нь чамгүй дэмжлэг үзүүлэхээ ч амлана билээ. Ингэхдээ тэрбээр монгол дээл урлана гэдэг ур чадвараас гадна оюуны асар их хүч хөдөлмөр зарцуулдгийг ч тайлбарлан ярьж байв. Үйлчин бүсгүйчүүд чуулсан энэ танхимд 21 аймгаас хүрэлцэн ирсэн үндэсний хувцасны үзэсгэлэнг дэлгэсэн нь ирсэн гийчдийн нүдийг хужирлаж, тэдний ур ухааныг өөрийн эрхгүй шагшихад хүргэж байлаа. 

 

 

Шагналын хур буулаа

 

       Үйлчин бүсгүйчүүд зөвхөн ажил хэрэг ярьж зовлон жаргал тоочоод байсангүй. Баярын хундага тулгаж, ая дууны эгшигэнд уярч суусныг ч дурдалгүй өнгөрч болохгүй. Арга хэмжээнд СТА дуучин Ч.Алтантүлхүүр тэдний сүлд дуу болох “Үйлчин бүсгүй” дууг олны сонорт хүргэсэн. Энэ мэтчилэн залуу дуучид ая дуугаа өргөөд зогсохгүй УИХ-ын гишүүн С.Жавхлангийн бие төлөөлөгч залуус “Дээл” хэмээх шинэхэн уран бүтээлээ сонсгоод амжсан юм. Баярын уур амьсгал жигдэрч ахуй цагт ажил үйлс, авьяас билгээрээ шалгарсан нэр бүхий хүмүүст Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дээд шагнал болох “Хийморь” одон, зарим хүмүүст “Мастер оёдолчин” цол тэмдэг гардууллаа. Тухайлбал,  “Бат зүү” компанийн зөвлөх, “Ахуй үйлчилгээний хөгжил судалгааны төв”-ийн тэргүүн Ж.Оюунчимэг, “Ур ундрах” компанийн захирал А.Алтантуяа, н.Цэрэнхүү нарын хүмүүсийг “Хийморь” одонгоор шагнасан бол “Мастер оёдолчин” цолыг н.Бариадсүрэн, н.Отгонбаяр, н.Амаржаргал, н.Өлзийжаргал, н.Цэрэнлхам, н.Цэцэгноров, н.Наранцэцэг, н.Хишигжаргал, н.Сугарсүрэн нарын хүмүүсийг урамшуулав.  
 

 

 

     Үйл мэтгэнэ гэдэг амаргүй, үүн дээр оюун ухаанаа шавхаж, өнгө загвар гаргана гэдэг бүр ч амаргүй. Ийн тэдний хөлс хүчээ шавхаж бүтээсэн зүйлийн маань үнэлэмж ямархан байгаа билээ гэхээр үнэхээр чамлалттай. Төр улсаас анхаарч үзэх нь бүү хэл байр савыг нь нэгэнтээ авчихсан. Оёдолчдын хувьд бол “бор зүрх”-ээрээ амин зуулгаа болгож, дэлхий нийтэд Монгол үндэстнээ сурталчилж яваа гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Нөгөө талаар эрх зүйн орчин ч бүрдээгүй гээд маш олон асуудлыг хөндөж болно. Тиймдээ “Бат зүү” компанийн зөвлөх, “Ахуй үйлчилгээний хөгжил судалгааны төв”-ийн тэргүүн Ж.Оюунчимэг хэлэхдээ “Бидний ихэнх нь подвальд үйл ажиллагаа явуулж байна. Цаг наргүй хүнд хөдөлмөр эрхэлж байгаа учраас бид ядахад нэг давхарт гармаар байна. Бидэнд төрөөс зохицуулж өгсөн эрх зүйн орчин алга. Зах зээл хумигдмалаас гадна хоёр хөрш оронд бүтээлээ дэлгэхээр өндөр түрээс өгч, ашиг багатай ажилладаг зэрэг нь эрх зүйн орчин бүрдээгүйтэй холбоотой” хэмээн салбартаа тулгамдаад байгаа асуудлыг хэлнэ лээ. 

 

       Мөн Дархан-Уул, Дундговь аймгаас ирсэн төлөөллүүд ч Ж.Оюунчимэг тэргүүний ижил асуудлыг хөндөж байсан юм. Харин энэ бүх асуудлыг Б.Лхагважав ерөнхийлөгч төрд уламжилж улмаар хууль санаачилан ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ татвар бууруулж бүр тэглэх тухай хуулийн төсөл санаачилж тэр нь амжилттай хэрэгжих шатандаа ирсэн тухай баярт мэдээг үйлчин бүсгүйчүүдэд дуулгав. 

 

 

“Батзүү”-гийнхэн гэнэтийн бэлэг задлав

 

       Нийгэм эдийн засгийн байдал таагүй нөхцөлд үйлчин бүсгүйчүүдийг нэгэн дор цуглуулж баяр жаргалаа хуваалцаж байгаад хаа хаанаа талархалтай хандаж байгааг баярын уур амьсгалаас харж болно. Энэхүү баярын уухайг чимэж ирсэн гэнэтийн бэлэг бол “Батзүү” команийн урлаж буй Хүннү дээл юм. Тус команийн зөвлөх Ж.Оюунчимэгийн санаачилгаар 14 метрийн өндөртэй, 16 метрийн өргөнтэй аварга том Хүннү дээлийг урлаад дуусах шатандаа байгааг дуулгаж, дүрс бичлгээр ажлын явцыг танилцуулсан явдал нь ёстой л гэнэтийн бэлэг болов. Хагас сая метр даавуу орсон аварга том дээлийг эсгэх ажиллагааг Нисэхэд байх слортын цогцолборт хийсэн дүрс бичлэг нь хурсан олны цөсийг хөөргөж байгааг ч танхимын уур амьсгалаас харж болно. Өндөр нь таван давхар, өргөн нь зургаан давхар барилгын хэмжээтэй энэ аварга том Хүннү дээлийн дээд хэсэг буюу хаан хээ зах хэсэг нь үлдээд байгаа бөгөөд энэхүү арга хэмжээний үеэр “Мастер” цол хүртсэн оёдолчид гар бие оролцон  дуусгах тухай яриа гарна билээ. Тэгэхээр энэ аварга том дээл Монголын сор болсон оёдолчдын ур ухаан авьяас чадвар шингэсэн цогц нэгэн бүтээл болох нь дамжиггүй. 
 

 

     Монгол Улсыг дэлхийд сурталчлах, Монгол дээлэнд шингэсэн философи зэрэг нь юу юунаас аугаа зүйл. Тиймдээ ч энэхүү дээлийг он удаан жил үе дамжуулан хадгалах учраас чамгүй зардал хөрөнгө зарж чанарыг эрхэмлэсэн тухай санаачилагчын зүгээс ярьж байсан. Энэхүү дээлийн загвар нь өдгөө манай  улсын төв музейд хадаглагдаж буй Хүннү дээлээс эхтэй аж. Тус музейд байх дээл нь МЭӨ XIII зуунд урласан бөгөөд Хэнтий аймгаас олдсон ийм ховор зүйл юм байна. Тиймээс өвөг дээдсийнхээ энэхүү загвараас үүдсэн хагас сая метр материал орсон энэ дээлийг олны өмнө тун удахгүй дэлгэнэ гэдгээ хэлж байсан. 

 

      Энэхүү дээлийг танилцуулах явцад Ж:Оюунчимэг “Өнөөдөр монголчууд бид дээлээ өмсөх болж, бусдыг уриалж байгаад талархалтай байна. УИХ-ын гишүүн С.Жавхлан дээлээ өмсөхийн зэрэгцээ бусдыг дээл өмсөхийг уриалж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ дээл өмс гэж бусдад тулгахаасаа өмнө дээлийнхээ мөн чанар, ач холбогдолыг бусдад ойлгуулах нь чухал. Дээлийнхээ мөн чанар, ямар философи шингэснийг ойлгосон хэн боловч өөрийн эрхгүй өмсөх болно. Тиймээс бид нар дээл өмс гэж тулгахаасаа өмнө энэ дээлээ урлаж, бусдад мөн чанарыг нь ойлгуулахыг зорсьон. Нөгөө талаар манай өвөг дээдэс чинь ийм учир агуулгатай хувцастай байжээ гэдгийг дэлхий нийтэд сурталчлах зорилго бас бий. Энэ дээлийн энгэр дээд хэсэгт байх хаан хээ бол зүгээр нэг гангараа биш, эр хүний сүлд хийморийг өргөж явдаг тарни үсэг юм билээ. Ханцуйн улаан эмжээр ч зүгээр нэг зүйл биш. Гаднаас муу зүгийн зүйлийг оруулахгүй хориг юм. Хамгийн наад зах нь дээл бүслэх ямар ач холбогдолтой вэ гэхээр эрт дээр үед хүмүүсийн бөөр өвдөж байгаагүй нь бүстэй холбоотой” гэх зэргээр дээлийн ач холбогдлын тухай цухас дурдаад бусад ач холбогдол философийг дээлээ олонд дэлгэх үеэрээ дэлгэрэнгүй ярина хэмээсэн юм. 

 

        Энэ бол яах аргагүй үйлчин бүсгүйчүүдийн баяр дээр баяр нэмсэн сайхан явдал төдийгүй Монгол хүн бүрийн омогшил төрмөөр зүйл болсныг дүрс бичлэгээс харсан юм. Ямартай ч “Батзүү” комани үүсгэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойн баярын бэлэг болгож ард түмэндээ төдийгүй дэлхий нийтэд дэлгэж байгаа Хүннүү дээл удахгүй олны нүдийг хужирлах нь. Хурсан олон ч энэхүү дээлийг хэзээ олонд үзүүлэх юм хэмээн адгаж байсныг ч нуух юун. Энэ бол Монгол Улсад урлаж байгаа анхны том хэмжээний бүтээл гэж хэлж болно. Ямартай ч үйлчин бүсгүйчүүд маань өөртөө байгаа боломжоо бүрэн ашиглаж, салбарынхаа 85 жилийн ойн баярыг тэмдэглэхийн зэрэгцээ салбартаа тулгамдсан асуудлаа нухацтай хэлэлцээд авсан сайхан арга хэмжээ боллоо. 

 

С.Ууганбаяр
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)