М.Сарантуяа: 10 кг хувцас өмсчихөөд хурдны дасгал хийх амаргүй
- 2017-12-07
- Спорт
- 0
Кэндогийн улсын аварга шалгаруулах тэмцээн хэдхэн хоногийн өмнө болсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байрт шалгарсан Монголын кэндогийн холбооны дэргэдэх “Чикара Кэндо” клубийн тамирчин М.САРАНТУЯАТАЙ ярилцлаа. Тулааны спортын тивийн аваргын анхны медалийг эх орондоо авчирсан түүний зорилго дэлхийн аварга болох юм.
-Кэндогийн энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд өмнөх жилүүдээс олон тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Таны тулалдсан эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөөн ширүүн байв уу?
-Өнгөрсөн бямба гарагт улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн боллоо. Тэмцээнд харьцангуй олон тамирчин оролцсон нь Улаанбаатар дахь кэндогийн клубийн тоо нэмэгдсэнтэй холбоотой. Кэндогийн спортыг анх 1996 онд Монголд нутагшуулахад хоёрхон клуб үйл ажиллагаа явуулж байсан. 2008 оноос кэндогийн бэлтгэгдсэн тамирчид гарч ирж спортын энэ төрлийг хөгжихөд түлхэц өгсөн. 2016 оноос хичээллэх хүний тоо улам олширч, хамрах цар хүрээний хувьд өргөжсөн юм. Одоогийн байдлаар нийслэлийн зургаан клубт 200 гаруй тамирчин хичээллэж байна. Энэ нь улсын аварга шалгаруулах тэмцээнийг жилээс жилд өрсөлдөөнтэй болгож байгаа юм.
-Монголд төдийлөн хөгжөөгүй байсан энэ спортоор яагаад хичээллэх болов. Кэндогийн тамирчин болоход юу нөлөөлсөн бэ?
-2010 онд Америкт сурахдаа чөлөөт цагаараа аль нэг спортын төрлөөр хичээллэх шаардлагатай болсон. Спорт клубээс сонголт хийхэд кэндогийн өмсгөл миний сонирхлыг ихэд татсан. Хэдийгээр ийм хийсвэр, өнгөн талыг нь харж сонгосон ч кэндогоор хичээллэсэн эхний өдрөөсөө энэ спортын мөн чанарыг ойлгож, илүү ихийг мэдэхийг хүссэн юм. Түүнээс хойш тасралтгүй хичээллэж байна.
-Нэг жил тасралтгүй хичээллэвэл мөн чанарыг нь ойлгож эхэлдэг гэсэн. Түүн шиг та энэ спортын мөн чанарыг бүрэн утгаар нь таньж чадсан уу?
-Би кэндогоор зургаа дахь жилдээ хичээллэж байна. Гэсэн ч энэ спортыг гүн гүнзгий ойлгож чадсан уу гэвэл эргэлзээтэй. Философилог тулааны спорт учраас зүйрлэвэл хаалгаар нь дөнгөж орж байна гэж өөрийгөө тодорхойлно.
-Улсын аваргаар Японоос мэргэжлийн шүүгчид ирж тэмцээнийг шүүсэн нь манай улсын кэндогийн хөгжилд анхаарал хандуулж буйн илрэл байх. Ер нь гадаад харилцааны хувьд энэ спорт ямар байдаг вэ?
-Монголд спортын энэ төрөл хурдацтай хөгжиж байна. Манай улс өнгөрсөн долоодугаар сард кэндогийн олон улсын анхны шүүгчтэй болсон. “Чикара Кэндо” клубийн багш Т.Чинзориг олон улсын шүүгч болж Монголын кэндогийн спортыг нэг шатаар ахиулсан. Мөн олон улсын кэндогийн холбоо манайд анхаарал хандуулж 2016 онд кэндогийн зэрэг буюу дан-гийн шалгалтыг зохион байгуулсан.
-Тивийн аваргын анхны медалийг та эх орондоо авчирсан. Олон улсын анхны тэмцээний дожо /кэндогийн дэвжээ/ дээр гарахад хэр зэрэг сандарч байсан бол?
-Азийн аваргаас өмнө 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Түүний дараа Солонгост дэлхийн тулааны урлагийн наадамд тулалдсан ч амжилт гаргаагүй. Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнгөрсөн дөрөвдүгээр сард болоход мөнгөн медалийн эзэн болсон. Дожо дээр гарахдаа зоригтой гарсан. Тухайн үед гаднын тамирчдыг сайн судлаагүй ч монгол тамирчин хурд хүчээрээ бусдаас илүүрхэх боломжтойг ойлгосон. Тиймээс ч илүү шуналтайгаар, илүү их амжилт гаргахын төлөө бэлтгэл сургуулилтаа шаргуу хийж байна. Азиас Япон, Солонгос улсын кэндочид хөгжлөөрөө тэргүүлдэг. Гэхдээ бидэнд ч нөөц бололцоо бүрэн бий.
-Хэдхэн сарын дараа болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргах нь таны нэн тэргүүний зорилго байх?
-Тэгэлгүй яахав. Монголын кэндогийн холбоо тамирчдынхаа чансааг тогтоохын тулд сар бүр сорил тэмцээн зохион байгуулдаг. Үүний дээр улсын аварга болон олон улсын чанартай тэмцээнд гаргасан амжилтыг харгалзан чансаагаа гаргадаг юм. Миний хувьд энэ жил тэргүүн байрт долоон удаа шалгарсан амжилтаар эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлж байна. Тиймээс ирэх онд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ багийн баг бүрэлдэхүүнд орсон. Ер нь Монголд будо /жүдо, сүмо, карате гэх мэт /-гийн спортын төрлийг түлхүү хөгжүүлснээр тамирчид ч амжилт гаргаж байна.
-Дэлхийн аваргын бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ?
-Кэндогийн тулааны арга техникийг шатрын спорттой зүйрлэж болно. Нүүдэл хийх бүртээ дараагийн алхмаа түрүүлж тооцоолох шаардлагатай байдаг. Мөн өрсөлдөгчөө хэрхэн дайрахыг урьдчилан таамаглах ёстой. Үүний дээр кэндочид биеийн хүчний дасгал их хийдэг. Хэдий тулааны урлаг ч хурд шаарддаг учир энэ төрлийн бэлтгэлийг түлхүү хийх хэрэгтэй болдог. Энэ мэтчилэн хоёр цагийн турш бэлтгэл хийх амаргүйг биеэр үзсэн хүн л мэднэ. Кэндогийн хувцас 10 гаруй килограмм. Ийм хүнд хувцас өмсчихөөд 1000 удаа цавчих болон хурдны дасгал хийх нь амаргүй байдаг ч баг тамирчид маань шаргуу бэлтгэл хийж байна.
-Кэндогийн спортын зэрэг дангаар хэмжигддэг. Хамгийн олон буюу арван дан авсан тамирчин цөөхөн. Та өөрийгөө хэдэн дантай болох боломжтой гэж бодож байна?
-Одоогийн байдлаар найман дантай нь хамгийн өндөр хэмээн тооцогдож байна. Найман дан авахын тулд кэндогоор 33 жил хичээллэсэн байх шаардлагатай. Гэхдээ шалгалт бүртээ тэнцсэн тохиолдолд ийм өндөр амжилтад хүрдэг. Хүмүүс гурван дангаас эхэлж тамирчин кэндогоо ойлгодог болно гэж ярьдаг. Монголд гурван дантай хоёр, дөрвөн дантай дөрвөн багш бий. Кэндогоор хичээллэж буйн хувьд найман дантай болох зорилго надад бий. Таван дангаас эхлээд бичгийн шалгалтаа японоор өгөх ёстой. Тулааны мэхийг төгс эзэмшсэн байх шаардлагатай гэх зэргээр шаардлага улам өндөрсдөг.
-Та бүхэнд олон улсын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх боломж гардаг уу?
-Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Солонгосын кэндогийн холбооноос чансаагаараа эхний долоод эрэмбэлэгдсэн тамирчдыг урьж хамтарсан бэлтгэл хийсэн. Ер нь ийм боломж ховор гардаг. Ирэх жилийн гуравдугаар сарын дундуур Монголд анх удаа кэндогийн олон улсын тэмцээн зохион байгуулна. Тэр үеэр олон улсын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх байх. Мөн үеэр Монголын кэндогийн шигшээ багийн чансаа харагдана гэдэгт найдаж байна.
-Кэндочид хоёр сэлэмтэй, шинай буюу хулсан сэлэм. Нөгөө нэг нь бокуто буюу модон илд гэж бий. Тамирчид ямар тохиолдолд бокутогоор тулалддаг вэ?
-Бид дасгал сургуулилт болон тэмцээнд оролцохдоо шинайгаар тулалддаг. Бокутог шалгалт буюу цол зэргээ авахад хэрэглэдэг юм. Өөрөөр хэлбэл, шалгалтын үеэр үзүүлэх дасгалаа бокутогоор хийдэг гэсэн үг.
-Монголд шинэ тутам хөгжиж буй энэ спортыг хөгжүүлэхэд юу үгүйлэгдэж байна вэ?
-Монголын кэндогийн холбоо 1996 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч чамлахааргүй амжилттай яваа гэж боддог. Кэндогийн спортынхныг дэмжиж тусалдаг хүн тун цөөн. Тамирчид тэмцээнд хувийн зардлаараа явдаг. Зардал мөнгөнөөс шалтгаалан товлосон тэмцээндээ оролцохгүй үлдэх харамсалтай тохиолдол гарч байсан. Тиймээс энэ мэт асуудлыг зохицуулж чадвал тамирчдад ирэх дарамт багасч зөвхөн тэмцээндээ амжилт гаргахын төлөө хичээх боломж бүрдэнэ.
Б.Сэлэнгэ
Сэтгэгдэл (0)