Цам харайхын утга учир...

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам өнө эртнээс уламжилж ирсэн түүхэн улбаатай. 1639 онд Халхын Түшээт ханы Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын шашны тэргүүн Жавзандамба хутагтаар залахдаа их Даншиг өргөх ёслол хийж байжээ.

Энэ цагаас хойш 1920 он хүртэл энэхүү наадмыг зохион байгуулж ирсэн аж. Зарим хүмүүс Манжийн үеийн баяр ёслолыг хийж уламжилж байгаа мэтээр эндүү ойлгодог ч Даншиг наадам нь Монголчууд Богд хаандаа өргөсөн баяр ёслол болон уламжилж ирсэн гэдэг. Халхын дөрвөн аймаг ба Эрдэнэ шанзодбын яамны газруудаас хоорондоо даншиг өргөх наадмын талаар харилцсан бичигт “Манай язгуурын багш ламыг анх хутагт болгон өргөмжилсөн тэр цагаас нааш үргэлжлэн хүндэтгэж үүрд тахихын тул Халхын дөрвөн аймаг бүгдээр үг санаа нийлж наадам бэлэглэсээр ирсэн нь он удах тутам халхчуудын журамлан явах хууль болов” гэсэн байна.

Энэ нь монголчууд хэдийгээр өөрсдийн тусгаар байдлаа алдаж, харийн эрхшээлд байсан хэдий ч даншиг наадам нь монголчуудын уламжлалт төрт ёсны баяр наадмын үүргийг гүйцэтгэж байсны зэрэгцээ Манжаас тусгаар төрт ёстой улс гэдгээ ухамсарласан санаа нуугдаж байсан гэдэг. Даншиг наадмын гол арга хэмжээ нь цамын бүжиг. Цам нь буддын шашныг дэлгэрүүлэх, газар лусын эздийн уур хилэнг намжаах, хүн ардад учирсан гай зовлон, ад зэтгэрийг арилгах шалтгааны улмаас үйлддэг шашны томоохон баяр бүхий зан үйл юм.

Цам нь төвд хэлээр бол нам дарах гэсэн утгатай үг бөгөөд шашны дайсныг дарах утгыг агуулж буддын шашны үлгэр домгийн дүрүүдийг биетээр үзүүлэн бурхан чөтгөр, буян нүглийн утга учрыг сүсэгтэн олонд ухуулах зорилготой байжээ. Цамын ёслол нь хүнд хүчир шашны ёслолуудаас хамгийн томд тооцогддог. Цамын ёслолыг хийх лам нар 2-3 сарын бэлтгэл хийдэг байна. Том хүнд баг, зузаан хувцастай энэ ёслолыг хийхийн тулд бэлтгэл сайн хангах хэрэгтэй болдог. Монголчууд эрт дээр үеэс цам харайсан хүн буян хурдаг, урт насалдаг гэж ярьдаг.

Цамын бүжиг хийдэг лам нар хөл, гар, биеийн хөдөлгөөнийг уран яруу хийдэг. 1911 оны тусгаар тогтнолын үед VIII Богд зарлиг гарган шашин төрийг бие даасан, тусгаар тогтносон хэлбэрээр явуулах бодлого гаргасан. Үүнээс улбаалан Монголын бурхан шашин хараат бус үйл ажиллагаа явуулах зорилго тавьж, энэхүү Даншиг наадмыг зохион байгуулж нийт Монголчууд, сүсэгтэн олондоо хүргэдэг болжээ.

 

Даншиг наадам, Хүрээ цам нэг талаас баяр наадмын шинжтэй боловч бас том засал, гүрэм болдог учиртай. Тиймээс жилд нэг удаа Даншиг өргөж цам харайж сүсэгтэн олны сайн сайхны төлөө ном хурдаг. Цамын үүсэл: Цам гэдэг нь гар хөлийн янз бүрийн хөдөлгөөнийг илэрхийлсэн шашны бүжиг байсан бөгөөд багтай баггүй байдлаар бүжиглэдэг байв. Өөрөөр хэлбэл эртний үлгэр домгийг биетээр харуулахын тулд тэнгэр нар гэх мэтийг төлөөлсөн амьтдыг дуурайлган хийсэн баг хувцас өмсөөд тус тусын хэлээр ярьж бүжиглэдэг байжээ.

YIII зууны үед Төвдийн анхны хийд болох Самьяа хийдийг барьж байгуулахад тэр үеийн Төвд орны хар зүгийн лус савдагууд элдвээр эсэргүүцэж ажил үйлсийн замд нь ихээхэн саад тотгор учруулсан гэдэг. Тийм учраас Энэтхэгийн их тарнич ловон Бадамжунай Хэлая бурхны баг хувцсыг өмсөж цамыг зохион байгуулан хар зүгийн лус савдагийг ялаад саадыг арилган амар амгаланг тогтоожээ.

Түүнээс хойш янз бүрийн цамын бүжгүүд тархан дэлгэрсэн түүхтэй юм. XYI зууны үеэс эхлэн Төвдийн шарын шашны хийдүүдэд түгэн дэлгэрчээ. XIX зууны эхээр Монголд анх Гэсэрийн түүхийг бүжиглэж Гэсэр цам гэдгийг байгуулснаар Монгол цамын түүх эхэлдэг. Түүний дараа 1811 онд Их хүрээнд Ямандаг бурхан аюулт эрлэгүүдийг номхотгосон тухай түүхийг харуулсан Жахар цамыг бий болгожээ.

Тухайн үед Төвдээс ирсэн лам цамын хамгийн нандин нууц тарни бүхий “Дансран Жамцын гарчим” гэдэг номыг зааж өгөөгүй ажээ. Тэрхүү нууц номыг Хүрээний XII их хамба байсан Хайдав лам бүтээснээр цамын нууц номлолын ёсон бүрдсэн гэдэг. Түүнээс хойш лам нар жилд нэг удаа цугларч дадлага туршлагатай, өндөр мяндаг тушаалтан ламын удирдлаган доор 1-2 сар тусгай сургууль хийсний дараа зуны сүүл сарын шинийн 9-нд шарын шашны зан үйлийг сүсэгтэн олонд таниулах зорилгоор цам бүжиглэдэг болжээ.

Манай оронд тоглогдож байсан цамуудын хамгийн том нь Хүрээ цам юм. Үүнд Эрлэг номун хаан болох Дамдинчойжоо, Цагаан өвгөн, Улаан жамсран, Баян намсрай, Хангарьд, Гомбо гэх мэт 108 баг бүхий дүрүүд гардаг. Мөн ардын дунд тархсан домог түүхтэй холбоотой амьтад болох жигүүртний хаан Хангарьд, араатны хаан Арслан, гоо үзэсгэлэнгийн дээд Буга, зөгнөгч Хэрээ болон зарим тэжээмэл амьтдыг дүрсэлсэн эерэг болон сөрөг дүрүүд оролцдог.

Цам харайхын утга учир: Цам нь ад хорлол, гай барцад, муу муухай бүхнийг даран сөнөөх зорилготой нууц тарнийн ёсонд тулгуурласан шашны зан үйл юм. Чойжин сахиусуудыг бодитойгоор харуулснаар хүний сэтгэлийн гүнд нууц тарнийн онолын үрийг суулгаж байгаа ажээ. Үнэхээр сүсэглэж чадвал сахиус чойжингууд бодитойгоор морилон бууж цамнан бүжиж байна гэж бодогдох учиртай гэдэг.

Цамын хөдөлгөөн бүр нь муу ёрыг дарах, хөөн зайлуулах номын үйлдэл юм. Тийм үйлдэл хийснээр тийм муу зүйлийн хорлолыг дарна гэх мэт гүн гүнзгий утга агуулгатай байдаг. Хамгийн гол нь хүний сэтгэлд буй уур, мунхаг, тачаангуй гурван хорыг даран мөхөөж элдэв зүйлийн гайгаас ангижруулах увидас шидтэй бурхны шашны хатуу үйл гэж номлосон байдаг. Нууц тарнийн ёсны дэг сахилга хатуу учир цамын Чойжин сахиусны бясалгалыг хийж, дотоод санаа бодол нь номын зүгт бүрэн хандсан, номын абшиг санваар хүртсэн лам хуврагууд л цамд цамнадаг.

Цам нь жирийн нэг бүжиг наадам биш, баг өмсгөл чимэг зүүлтээсээ эхлээд гар хурууны байрлал хөдөлгөөн, харайх үсрэх нь цөм нууц тарнийн ёсны зан үйлийн гүн бясалгалын илэрхийлэл байдаг. Цам харайх дэг жаяг: Цамын бүжгийг эхлүүлэх хамгийн эхний дүр нь Үхээрийн эзэд буюу хохимой нар бөгөөд тэдгээр нь оршуулгын газрын хамгаалагч эзэд юм. Тэднийг хон хэрээ дагасан байх ба хэрээ ариун тахилд хүрч бузарлахыг оролдох бөгөөд хохимой түүнийг хамгаалж буй дүр үзүүлэн бүжиглэдэг. Энэ үед хөгжим улам чанга сүртэй болж Хуушин хаан найман хүүхдийн хамтаар гарч ирнэ.

Тэд хуран цугласан олныг баясгагч дүрүүд юм. Тэдний дараа шашны хамгаалагч бурхад буюу зовлонгоос гэтэлгэгч Гомбо, эд баялгаар хангагч Намсрай, шашны хамгаалагч эм бурхан Лхам, дайчин тэнгэр Жамсран, тэдгээрийг дагалдагч Буга толгойт Шива, Үхэр толгойт Махиа нар гарч ирнэ. Тэдний бүжиг маш хурц ширүүн байдаг. Бүжиг дуусах үед Цагаан өвгөн гарч ирнэ. Цагаан өвгөн хүмүүсийг хөгжөөгч бурхан юм. Бурхад сор тойрон бүжиглэж, муу муухай, хортон дайсан болгоныг линка руу чиглүүлэн түүнд хуримтлуулна. Хар малгайт шанагууд цам бүжигт баг зүүдэггүй ганц дүр юм.

Шанагууд таван хааныг урин залах бөгөөд тэдгээр нь шашныг үүрд хамгаалахаар ам тангараг өргөсөн хаадууд юм. Таван хааны богинохон маш ширүүн бүжгийн дараагаар Эрлэг номун хаан буюу Дамдинчойжоо гарч ирнэ. Бухын толгой бүхий багтай бөгөөд нэг гартаа тэрсүүтнийг барих цалам, нөгөө гартаа дүүрэн цустай гавал аяга барьсан байна. Түүнийг гарч ирснээр цам бүжгийн хамгийн оргил хэсэг эхэлнэ. Энэ бүхний эцэст догшин бурхад линка-г 12 хэсэгт хуваан цавчиж хаяна. Хамгийн сүүлд сорыг тойрсон 2 давхар тойрог үүсгэн бүжиглэнэ.

Дотор тойрогт гол догшин бурхад, гаднах тойрогт шанага малгайтнууд бусад дагалдагч бурхад бүжиглэдэг. Ийм байдлаар дүрүүд бүжиглэсээр бүх цамын бурхад гортиг тигээ 3 удаа тойрч эргээд “Ансол” хэмээх ном уншаад үйлс явдлаа сайн бүтээж өгсөнд харилцан бие биендээ талархаж байгаагаа илэрхийлнэ. Дараа нь эрэмбэ дэс дараагаар анх гарч ирсэн дугандаа орж, хамгийн сүүлд шанага малгайтнууд орно.

Цамын бүжиг дуусахад лам нар босож ёслолын сүүлийн уншлагыг уншин, сорыг хийдээс гарган урьдчилан бэлдсэн талбайд аваачна. Хамгийн өндөр хэргэмтэй лам сорыг авч маш өндөр дуугаар тарни уншингаа сорыг агаарт өргөн толгой дээгүүрээ тойруулан эргүүлж гурван удаа давтсаны эцэст дүрэлзэж буй гал руу хийн шатаагаад сүм рүүгээ буцна. Сор зална гэдэг нь Дамдинчойжоо бурханд дээд зэргийн өргөл өргөж байна гэсэн утга юм.

Сор гэдэг нь хадуур гэсэн үг бөгөөд муу юм бүгдийг юу ч үлдээлгүй хадуураар хадаж үгүй хийж байгаа утгыг илэрхийлдэг. Цам тоглогдоогүй 80-аад жил болсон тул өнөө үе хүртэл олон дэг журам нь алдагдсан байдаг байна.

88d5c265fb927d333210f20bd820bc8e_148093 Цам харайхын утга учир...

 

56194a29f26b0c01b060874a38676844_148093 Цам харайхын утга учир...

 

2bc35287d9ea4d73136b4d166075c2cd_148093 Цам харайхын утга учир...

 

5cdfdde34a6f89f903a1f3ec3d3050f0_148093 Цам харайхын утга учир...

 

e0bb7e0bea83f88f3450186425caaa17_148093 Цам харайхын утга учир...

 

a50364aef3ec1f45838524c51152d564_148093 Цам харайхын утга учир...

 

27ac077a4cd3d3b796d4e7f9b94553a4_148093 Цам харайхын утга учир...

768e775c7e860c08443a926329ae6122_148093 Цам харайхын утга учир...

 Эх сурвалж: Ч.Буянбадрахын "Монгол орны лавлах" эмхэтгэл номоос ашиглав.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Yamar (125.30.69.73)

    2018-08-05

    Yamar yumniih ni utga uchir baidag yum. Shar huvalznuud Tuvd ruugee zail.