Эмнэлэг, эмийн сангаар үйлчлүүлэхэд эрүүл мэндийн дэвтэр шаардахгүй

Эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн улсын хэмжээний бүх эмнэлэг, хувийн хэвшлийн зарим эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын дэвтэргүй ч үйлчилгээ авах боломжтой болсон байна. Мөн хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчилснээр зарим нэр төрлийн эмийг 80 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр авах болжээ.

Эрүүл мэндийн даатгал төлөгч дэвтэр дээрээ бичилт хийлгэж, тамга даруулсан байх, түүнийгээ биедээ авч явахыг эрүүл мэндийн байгууллагаас шаарддаг байсан. Харин одоо улсын хэмжээний бүх эмнэлэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй хувийн эмнэлэг болон эмийн сангийн ажилчид үйлчлүүлэгчийн регистрийн дугаараар даатгалаа төлсөн эсэхийг хянаж үйлчилгээ үзүүлэх юм.

ЭМДЕГ-ын хэлтсийн дарга Х.Бат-Оргил "Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ бүхий байгууллагууд манай цахим систем руу хандан тухайн хүний регистрийн дугаарыг оруулаад хайхад л хангалттай. Ингэхэд тухайн иргэн 2018 онд шимтгэлээ төлсөн эсэх, 2019 оны байдлаар хэрхэн төлснийг энэ системээс хянан иргэдэд заавал ЭМД-ын цэнхэр дэвтрээ байгууллага дээрээ бөглүүл гэж чирэгдэл учруулах шаардлагагүй"     

Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 24-р тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд  хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталсан байна. Шинэчилсэн жагсаалтаар насанд хүрэгчдийн 170 ерөнхий нэршлийн 630 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80 хувь хүртэл, хүүхдийн зайлшгүй шаардлагатай 59 ерөнхий нэршлийн 170 гаруй эмэнд дунджаар 50-80 хувийн үнийн  хөнгөлөлтийг үзүүлнэ. Уг жагсаалтаар  эмийн бүртгэлтэй холбоотой шалтгаанаар өмнөх жагсаалтаас хасагдсан өргөн хэрэглээний жортой нөхцөлөөр олгогддог  17 нэрийн эмийг нэмж  оруулсан бол цаашид зах зээлд нийлүүлэгдэхгүй буюу олгох нөхцөл нь өөрчлөгдсөн 29 эмийг хассан байна.  

ЭМДЕГ-ын бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Хишигсүрэн  "Гол өөрчлөлт нь бид иргэд даатгуулагчдынхаа санал хүсэлт дээр тулгуурлаад зарим эмийн хөнгөлөлтийн хувийг нэмэгдүүлсэн. Жишээ ньдаатгуулагчийн өргөн хэрэглэдэг зүрх судасны эм, чихрийн шижин бууруулах эм, элэг, цөсний эмийн хөнгөлөлтийн хувийг нэмэгдүүлсэн. Даралтынхаа эм буюу 5 мг-тай амлоденкийг иргэд хуучин 9000 төгрөгөөр хөнгөлүүлж авдаг байсан бол одоо 4500 төгрөг төлж авахаар хөнгөлөлтийн хувийг нь нэмэгдүүлсэн"

2019 онд  даатгуулагчдад олгох эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 33,9 тэрбум төгрөгийг төсөвлөж улсын хэмжээнд 1017 эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эмийн сангаар дамжуулан шинэчилсэн жагсаалтаар хөнгөлөлттэй эмийг олгож байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлтийг авч буй даатгуулагч иргэдийн 56,7 хувийг 50 буюу түүнээс дээш насныхан, 21,1 хувийг 0-18 насныхан  эзэлж  байсан.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)