Адуу, ардчилал хоёр

Сонгох, сонгогдох эрх бол ардчилсан нийгмийн нэг үнэ цэн. Одоогоос 40 хүрэхгүй жилийн өмнө монголчууд энэ эрхийг хүссэнээрээ эдлэх боломжгүй байлаа. Хүний ёсоор эхнэр, нөхрөө л сонгож байснаас өөр сонголт байгаагүй гэхэд хилсдэхгүй. Хөдөө явахдаа хүртэл дураараа явах боломжгүй, заавал замын хуудас авдаг байв. Харин ардчилсан тогтолцоонд шилжснээс хойш бүх зүйл сонголттой, шийдвэр гаргах эрх чөлөөтэй болсон. Дарга нарыг дээрээс томилдог байсан бол иргэд өөрсдөө сонгодог болов. Монгол Улсын иргэн хэн ч байсан сонгох, сонгогдох эрхтэй болсон нь ардчиллын юугаар ч үнэлэгдэхгүй ололт, үнэ цэн. Харин сүүлийн үед эдийн засгийн хувьд хүч чадалтай нь чадалгүйнхээ энэ эрхийг худалдаж авах болов. Хэн ч сонгогдох эрх нээлттэй байх ёстой атал “Намайг л сонго, энэ хүнийг л сонго” хэмээн бусдынхаа сонгогдох, сонгох эрхийг худалдаж авсаар байна. Улстөрчдөөс эхлэлтэй энэ үйлдэл улам газар авах боллоо. 2020 оны сонгуулиар АН-ын дарга С.Эрдэнэ намаасаа УИХ-д нэр дэвшигчдэд 100 сая төгрөг дэнчинд тавихыг санал болгож байлаа. Үүнээс хойш нэр дэвших хүн болгон дэнчин төлөх, дэнчин нэрээр нэр дэвших эрхээ худалдаж авах болсон. Улстөрчдийн эхлүүлсэн энэхүү буруу жишиг төрийн бус байгууллага, холбоодод халдаж эхэлжээ.

Өнгөрсөн сард Монголын морин спорт, уяачдын холбоо наймдугаар их хурлаа хийж тэргүүнээ шинээр сонголоо. Ингэхдээ нэр дэвшигчдээсээ 150 сая төгрөгийн дэнчин авав. Энэ хэмжээний мөнгийг гаргах боломжгүй л бол Монголын морин спорт, уяачдын холбоог удирдах хүсэл, сэтгэлтэй байгаад нэмэргүй гэсэн үг. Гурван хүн энэхүү мөнгийг нь төлж өрсөлдөөд “Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж ялалт байгууллаа. Холбооныхоо их хуралд оролцсон уяачдад ч мөнгөө төлсөн тэднээс өөр сонголт хийх эрх байсангүй. Энэ мэтээр боломжтой нь боломжгүйнхээ сонгогдох, сонгох эрхийг худалдаж авах боллоо. Уг нь энэ бол ардчиллын үнэт зарчим биш. Ардчилал ингэж л гажуудаж байна. Үүнээс гадна бас нэг асуудал анхаарал татаж байгаа нь 150 сая төгрөг төлөөд Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн болох нь ямар ашигтай вэ гэдэг асуудал. 150 сая төгрөг гэдэг бага мөнгө биш. Олон гэр бүлийн хүсээд, хөдөлмөрлөөд ойрын хэдэн жилдээ олж чадахгүй, тийм л их мөнгө. Гэтэл энэ их мөнгийг төлөөд ашгийн төлөө бус нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн болохоор өрсөлдөж байгаа нь гайхмаар. Монголын морин спорт, уяачдын холбоо бол эх орныхоо өнцөг булан бүрд суугаа 120 гаруй мянган уячдыг төлөөлсөн, 2025 онд 30 жилийн ой нь тохиох төрийн бус байгууллага. Энэхүү төрийн бус байгууллагын зорилго бол “Хурдан морины уралдааны соёлын өвийг хадгалах, хамгаалах, өвлүүлэх, хөгжлийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, үндэсний спорт, орчин үеийн хурдан морины уралдаан, морин спортын төрлийг хөгжүүлэх, хурдан морины уралдаанд оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах”. Тэд өөрсдөө зорилгоо ингэж тодорхойлжээ. Ийнхүү наанаа өв соёл, уяачдынхаа эрх ашгийг хамгаалах дүртэй боловч цаанаа өөр ашиг сонирхол явагддаг бололтой. Тийм биш бол ийм их мөнгө төлж улайран зүтгэхийн хэрэг юу билээ.

Ямартай ч улс төрд нэр нөлөөтэй байхыг хүссэн хүмүүс Монголын морин спорт, уяачдын холбоо, нийслэл, аймаг, сум, дүүргийн уяачдын холбоотой хувь заяагаа холбохыг эрмэлздэг. Аль нэгийг нь тэргүүлж чадвал сонгуулиар уяачдаасаа санал цуглуулж УИХ, ИТХ-д сонгогдоно гэж тооцдог. Энэ нь ч биелэлээ олдог. Бүр энэхүү холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдож байлаа. Одоо тэрээр Кувейт улсад Элчин сайдаар ажиллаж байгаа. Ингээд бодохоор Монголын морин спорт, уяачдын холбоо бол зарим улс төрийн намаас ч илүү том бүтэц.

Адуу авлигын хэрэгсэл болсон нь

Хурдан морь зарим хүний улс төрд орох, барьцаа ахиулах шат болохоос гадна бизнесийн талбар болсон. Хурдан удмын морьдоо зарах, гадаадаас адуу оруулж ирэх, адуугаа маллуулах, хурдан морио уяуулах гээд ашиг олох, ажлын байр үүсгэх байдлаараа нэг төрлийн бизнес болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Эдийн засгийн хувьд энэ нь сайн ч сүүлийн үед хурдан удмын адуу гэдэг авлигын хэрэгсэл, хөрөнгө орлогоо нуух арга болж хувирсан нь бас үнэн. Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ тусгай зөвшөөрөл хүссэн замын компаниас хурдан удмын адуу авлигалд авсан нь тогтоогдсон юм. Бас УИХ ын дэд дарга асан Т.Аюурсайхан бусдаас авсан авлигаа хурдан мориныхоо жүчээнд зарцуулсан нь ил болсон.

Уламжлал уу, бизнес үү?

Мөн гадаадаас эрлийз адуу орж ирж зардаг шинэ бизнес нь монгол өв соёлд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Одоогоос хэдэн жилийн өмнө уяач болгон морио уралдуулж, монгол мориороо уралддаг байлаа. Харин сүүлийн үед эрлийз адуу их болсноор наадам болгоноор уяачдын дунд хэрүүл үүсдэг болов. Сэрвээний өндрөөр нь хэмжиж монгол, эрлийзээр нь ялгаж уралдуулдаг ч хэрүүл тасардаггүй. Үүнээс болоод уяачдын тоо цөөрч байгааг Монголын морин спорт, уяачдын холбооны их хуралд оролцогчид хэлж байлаа.

Адуу, ардчилал хоёр

Увс аймгийн Улаангом сумын уяачдын холбооны тэргүүн, аймгийн алдарт уяач Ц.Ядамцоо

"Монгол адуу сөнөх тал руугаа явж байна. Үүнд хэд хэдэн шалтгаан байна. Монгол адуу уралдуулахаа больж байгаа гэсэн хандлагаар хүмүүс морь уяахаа больж байна. Айргийн таван морь уралдахгүй, дөрөвхөн морь цоллоод зогсож байгаа сум бий. Энэ бол бодитой. Уяачид эрлийз адуу их авах боллоо. Манай нутагт Х.Баянмөнх аваргаас ч урт цол гуншинтай адуу их очиж байгаа ч тэр бүр хурдлахгүй байна. Эрлийз адуугаар азарга их тавьж байна. Ингэхээр адуу нь эрлийзжээд бэлчээрийнхээ аяыг даахгүй байна."

Үнэ цэнтэй өв соёлоо хэтэрхий их туйлшруулан бизнес болгох нь сөрөг үр дагавартай гэдэг нь эндээс харагдаж байна. Хүний сонгох, сонгодох эрх, үндэсний өв соёл гэдэг бол мөнгөөр сольж болохгүй зүйлс юм. Баян чинээлэг хүн л сонгогдох эрхтэй, бас өв соёлоороо наадах, уралдах, түрүүлэх эрхтэй байж болохгүй. Увс аймгийн алдарт уяач Ц.Ядамцоо “Хөдөөний уяачид будилаан гаргадаггүй юм. Албан тушаалтай, хөрөнгө, чадалтай, босс гэж яригддаг уяачид л будилаан гаргаж, хууль дүрэм зөрчүүлдэг” хэмээн халаглаж байлаа.

Адуу адлагдах цагаар

Уяач нэртэй дарга нарын адуу бэлчээр талхалж байгааг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт анхааруулсан юм.

Адуу, ардчилал хоёр

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат

"Дорнод, Сүхбаатарын отрын бүс нутагт хэдэн мянгаар нь адуу адгуулж байдаг нөхдийг яах вэ. Унаж эдлээд, идэж уугаад барахгүй мянга, хоёр мянган адуутай хүмүүс их байна. Тэд малчдын бэлчээрийг талхалж байна. Эзэд нь Улаанбаатар хотод байж байдаг. Адуу нь мянга мянгаар өсөж байгааг сонсож кайф авдаг юм уу, зугаацдаг юм уу. Ингэж бэлчээр талхалж байгаа асуудлыг бодлогоор зохицуулах хэрэгтэй."

Мориндоо хайртай монголчуудын сэтгэхүй дээр тоглолт хийж “Нэг ч монгол адууг хилээр гаргахгүй” хэмээн цээжээ дэлдэж байсан манай эрх баригчид одоо ямаанаас дутахгүй бэлчээр талхлах болсон адуугаа хэрхэн экспортлох арга сүвэгчилж сууна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Төв Азийн орнуудтай хөдөө аж ахуйн салбар хоорондын гэрээ хийж байгаа. Одоо хоёр улстай гэрээ хийх дутуу байгаа. Төв Ази бол адууны махны хэрэглээний том зах зээл. Экспортыг идэвхжүүлж байж л адууны тоо толгойг зохицуулна. Тэгэхгүй бол адуу байгалийнхаа жамаар мянга мянгаараа өсөж байгаа. Үүнийг малын хөлийн татвараар зохицуулах боломж бий. Адууны тоо толгойг зохицуулах арга хэмжээ авахгүй бол бусад малын бэлчээрийг талхлах, отрын бэлчээрийг идэж байгаа нь үнэн” гэсэн юм.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)