БНСУ-ын Ерөнхийлөгчийг баривчлахаар ордонд нь нэвтэрчээ

БНСУ-ын  Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг онц байдал зарласантай холбогдуулан баривчлах тушаалыг биелүүлж буй мөрдөн байцаагчид Ерөнхийлөгчийн ордон доторх хамгаалалтын албаныхантай мөргөлдсөн байна. 

Сөүлийн шүүхээс 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд Юныг богино хугацаанд байлдааны байдал тогтоосонтой холбогдуулан бослого гаргасан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчлах захирамжийг гаргасан. Шүүхийн шийдвэрийг  даваа гарагаас өмнө гүйцэтгэх ёстой. Юны дэмжигчид Ерөнхийлөгчийн ордны гадаа жагсаал зохион байгуулсан нь түүнийг баривчлахад улам хүндрэлтэй болгож байгаа бөгөөд  цаашлаад мөргөлдөөн ч үүсгэж болзошгүй байгаа аж. Сүүлийн өдрүүдэд тус ордны ойролцоо олон мянган дэмжигчид цугларч Юныг импичмент хийхийг эсэргүүцэж байгаа юм.

Юныг баривчлах захирамжийг гүйцэтгэх багт Тагнуулын төв газрын 30 хүн, цагдаагийн 120 албан хаагчаас бүрдсэн бөгөөд тэдний 30 хувь нь л дотогш нэвтэрсэн байна. Мөрдөн байцаагчид түүнээс мэдүүлэг авахын тулд гурван удаа зарлан дуудсан ч хүлээж аваагүй тул шүүхээс ийм шийдвэр гаргуулжээ. Хэрвээ Юнийг баривчилж чадвал Сөүл хотоос өмнө зүгт оршдог Гвачон дахь Авлигатай Тэмцэх Агентлагийн төв байранд хүргэх юм. Шүүхээс олгосон баривчлах хугацаа 48 цаг. Мөрдөгчид энэ хугацаанд багтан Юн Сүк Ёлоос байцаалт аваад суллах, эсвэл хугацааг нэмж сунгах хүсэлтийг шүүхэд гаргаж магадгүй байна.

 Эх сурвалж: Koreatimes

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)