Г.Занданшатар: Богд хааныхаа 150 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлөх нь эх оронч үзэл, ухамсрыг сэргээхэд чухал ач холбогдолтой

Монгол Улсын хаан VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Богд хааны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлиг буулгасныг холбогдох байгууллагуудад гардуулах ёслолын ажиллагаа Богд хааны ордон музейд боллоо.

Зарлигийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нар гардаж авлаа.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар энэ үеэр

-Богд хааныхаа 150 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь XX зууны түүхийн балархай хэсгийг илүү тодруулж, үндэсний эх оронч үзэл, ухамсрыг сэргээн мандуулахад чухал ач холбогдолтой. Богд хааны музей, түүний гадаад орчин, өнгө үзэмжид анхаарах нь чухал.  

Иймд өнөөдөр зарлиг хүлээж авсан холбогдох байгууллагууд чиглэл чиглэлээрээ үндэсний хэмжээнд эх оронч үзлийг сурталчлах, түүхийнхээ эгзэгтэй агшин бүрийг тодруулах, үндэснийхээ шинэ сэргэн мандалтын их галыг дахин өрнүүлэхэд хичээн зүтгэж ажиллах учиртай гэж хэллээ.

Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг тэргүүлэн удирдсан, манлайлан оролцсон, амь биеийг үл хайрлан зүтгэсэн баатарлаг эх орончид, төр нийгэм, шашны зүтгэлтнүүд, хүнд цаг үед зориг, ухаан, тэсвэр, хатуужил, эв санааны хүчийг үзүүлэн нэгдэж, тууштай тэмцсэн эгэл ард иргэдийн түүхэн гавьяаг мөнхжүүлж, хойч үеэ үндэсний бахархалт үзэл санаанд хөтлөн тусгаар тогтнолын үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгуулж, хайрлан хамгаалах ухамсрыг цэгцлэн төлөвшүүлэхийг эрмэлзэх нь зүйтэй хэмээн үзэж наймдугаар Богд Жавзандамба хутагтын түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолборыг Богд хааны ордон музейн орчимд байгуулах, Монголын төлөө явуулсан үйл хэргийн түүхэн болон улс төрийн ач холбогдлын талаар олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хутагтын дурсгалд зориулсан кино бүтээх, амьдрал, түүхэн замналын талаарх судалгаа, баримтуудыг нэгтгэсэн эмхтгэл бүтээх зэрэг чиглэлийг Засгийн газар, БСШУСЯ, НЗДТГ, Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний номын сан зэрэг холбогдох байгууллагад өглөө гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)