“Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо
- 2020-01-24
- Улс төр
- 0
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.01.24) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяагаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.
Энэ талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүн ам эдийн засгийн хурдтай өсөлтөөс хамаарч усны нөөцийн хомсдол, бохирдол тулгамдсан асуудал болоод байна. Саяхан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 2050 он гэхэд дэлхийн усны нөөцийн хэрэглээ 40 хувиар өсч, нийт хүн амын 25 хувь нь цэвэр усны нөөцийн хомсдолд орж болзошгүй байна гэж онцлон тэмдэглэсэн.
Манай орны хувьд Усны талаар төрөөс баримтлах бодлогыг тодохойлох урт богино хугацааны хэд хэдэн баримт бичгүүдтэй. Тухайлбал: Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Ус” үндэсний хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичгүүдэд гадаргын усыг хуримтлуулах, урсацын тохируулга хийх, шилжүүлэн ашиглах талаар тодорхой заалтууд тусгагдсан байдаг. Монгол орны хэмжээнд гадаргын усны хуримтлал бий болгох, усны нөөцийг нэмэгдүүлэх, урсацын тохируулга хийх, шилжүүлэн ашиглахаар төлөвлөж буй боломжит хувилбаруудыг нэгтгэсэн “Хөх морь” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд манай орны 12 томоохон гол дээр 33 байршлыг сонгон гадаргын ус хуримтлуулах боломжийн талаарх урьдчилсан судалгааг хийгээд байна. Улсын хэмжээнд өнгөрсөн жилийн байдлаар 570 сая м усны нөөцийг ашигласан бөгөөд үүний 170 сая м усыг усалгаатай газар тариаланд, 135 сая м усыг мал аж ахуйн салбарт, 80 сая м усыг хүн амын унд ахуйд, 90 сая м усыг уул уурхайн салбарт, 63 сая м усыг ахуйн үйлдвэрлэл үйлчилгээнд, 32 сая м усыг эрчим хүчний салбарт тус тус ашиглажээ. 2019 оны жилийн эцсийн байдлаар газрын доорх усны хяналт, шинжилгээний нийт 265 мониторингийн цэг ажиллаж байна. Үүнээс 46 бүрэн автомат, 219 хагас автомат багажийг газрын доорх усны хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээнд холбосон гэж байлаа.
Хууль, тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хүрээнд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан, 2019 оны 05 дугаар сард УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан. Уг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ус бохирдуулсны төлбөрийн дээд, доод хэмжээг өөрчилж, бохирдол ихсэх бүрт төлбөр нэмэгдэх зарчмыг баримтлан хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг бодлогоор дэмжих асуудлыг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тодорхой тусгаж өгсөн. Тухайлбал: Ус бохирдуулсны төлбөрийн орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулах гэх мэт. Мөн сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгжүүд ус ашиглах зөвшөөрөл, гэрээнд заасан хэмжээнээс усны нөөцийг хэтрүүлэн ашигласан тохиолдол цөөнгүй гарсан. Энэхүү харилцааг зохицуулах зорилгоор усны нөөцийг зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан тохиолдолд усны нөөцийн төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр ногдуулах Засгийн газрын 391 дүгээр тогтоолыг боловсруулан батлуулаад байна. Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөрийг 50 хүртэл хувиар шатлан өсгөх хэлбэрээр тооцож төлбөр төлдөг болсноор байгалийн нөөцийг зүй зохистой хэмнэлттэй ашиглаж, усны нөөцийг хомсдохоос сэргийлэхэд томоохон хөшүүрэг болно гэж үзэж байна гэж Н.Цэрэнбат сайд мэдээлэлдээ онцолсон.
Саяхан УИХ-ын нэгдсэн чуулганаар Усны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж Усны агентлаг байгуулахаар болсныг Та, бид бүгд мэдэж байгаа. Шинээр байгуулагдах Усны агентлаг нь Монгол улсын хэмжээнд усны нөөцийг судалж тогтоох нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, усны бохирдол, хомсдолоос сэргийлэх төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх бөгөөд усны харилцаанд оролцогч олон талын ажлын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, салбар дамнасан өнөөгийн бүтэц зохион байгуулалтыг нэгдсэн бодлого зохицуулалтанд оруулах, иргэн аж ахуйн нэгж, байгуулагуудыг мэдээлэл, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэгтэй ажиллана. Ингэснээр усны сайн засаглал, зөв менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
“Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу ашигт малтмал олборлох, баяжуулах, зэсийн баяжмал, хайлуур жонш баяжуулахад төлбөрийн хязгаарыг гадаргын усанд 10-50 хувь, газрын доорх усанд 20-70 хувь байхаар дээд, доод хязгаарыг зааж өгсөн.
Хуулийн дагуу ашигт малтмал олборлох, баяжуулах, зэсийн баяжмал, хайлуур жонш баяжуулахад шаардагдах усны төлбөрийн хязгаарыг гадаргын усанд 10 хувь байсныг 15 хувь, газрын доорх усанд 20 хувь байсныг 35 хувь болгохоор судалгаа хийсэн. Усны нөөцийн төлбөрийн хувь хэмжээг ийнхүү нэмэгдүүлэн тооцож үзэхэд, тухайн аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын 0.09-0.9 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь үйлдвэр, уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдэд эдийн засгийн хувьд ямар нэгэн дарамт үүсгэхгүй гэж үзэж байна гэж салбарын сайд мэдээлэлдээ дурдав.
Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар” тавьсан асуулгын талаар Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Ус хамгийн үнэт баялаг тул Монгол Улс усныхаа засаглалыг бэхжүүлэх, одоо мөрдөгдөж байгаа усны хяналт, шалгалтын үйл ажиллагааг сайжруулах нь давуу тал гэж үзэж байгаагаа онцлов. Мөн Монголын усны нөөцийн хяналтын 265 мониторингийн цэг байгуулагдсаны 46 нь л бүрэн автомат байгаад төрөөс анхаарч бүрэн автоматжуулах, уул уурхайн салбарт ашиглагдаж байгаа усны бодлогын асуудалд хяналтын техник, технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна гэж байлаа.
Сэтгэгдэл (0)