Дэлхийн соронзон орноос 800 мянга дахин хүчтэй соронзон орон үүсгэжээ

Хэфэй, 2024 оны есдүгээр сарын 23 /Xinhua/. Хятадын эрдэмтэд өөрсдийн бүтээсэн эсэргүүцэлтэй соронзыг ашиглан Дэлхийн соронзон орноос 800 мянга дахин хүчтэй буюу 42.02 Теслагийн хүчтэй байнгын соронзон орон үүсгэжээ. Энэхүү технологийн нээлт нь 2017 онд АНУ-д тогтоосон дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна. Хятадын Шинжлэх ухааны академийн /CHMFL/ харьяа Хэфэйн физикийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Өндөр эрчимтэй соронзон орны лабораторийн эрдэмтдийн бүтээл нь технологийн салбарт нээлт хийх, түүнийг олон салбарт ашиглахад тус дөхөм болно гэж найдаж байна.

 

Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, өндөр эрчимтэй тогтмол соронзон орон нь шинжлэх ухааны судалгааны хүчирхэг хэрэгсэл болдог туршилтын онцгой орчин юм. Ийм орчинд бодисын шинж чанарыг удирдаж болох ба энэ нь эрдэмтэд шинэ үзэгдлийг нээх, бодисын шинэ хуулийг судлахад тус дөхөм болдог.

 

Түүнчлэн өндөр эрчимтэй соронзон орон нь цахилгаан соронзон металлурги, химийн урвалын синтез зэрэг салбаруудад хэрэглээний шинэ технологийг бий болгох, ялангуяа цөмийн соронзон резонансын технологийг анагаах ухаанд өргөнөөр ашиглахад түлхэц өгнө. Физик, хими, эд материал судлал, амьдралын шинжлэх ухаан зэрэг төрөл бүрийн салбарт чухал ач холбогдолтой учраас байнгын өндөр эрчимтэй соронзон орныг Нобелийн шагналын "өлгий" гэж нэрлэдэг.

 

CHMFL-ийн шинжлэх ухааны академийн захирал Куан Гуанлигийн хэлснээр, шинэ ололт нь шинэлэг соронзон бүтцийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн процессыг оновчтой болгох чиглэлээр ажилладаг судалгааны багийг дөрвөн жилийн ажлын үр дүн юм. 

 

Өндөр эрчимтэй тогтмол соронзон орныг судлах таван том лаборатори АНУ, Франц, Нидерланд, Япон, Хятадад байдаг. Хятадын шинжлэх ухаан, технологийн дэд бүтцийн гол байгууламжуудын нэг болох Хятадын зүүн нутгийн Аньхуй мужийн төв болох Хэфэй хотод байнгын өндөр эрчимтэй соронзон орон бий болгох төхөөрөмжийг 2017 онд ашиглалтад оруулжээ. Хятадын эрдэмтэд хайбрид соронзыг ашиглан 2022 онд дэлхийн хамгийн өндөр эрчимтэй буюу 45.22 Тесла байнгын соронзон орныг бий болгосон байна. Өндөр эрчимтэй тогтмол соронзон орон бүхий соронз нь эсэргүүцэлтэй соронз, хэт дамжуулагч соронз, хайбрид соронзоос бүрддэг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, эсэргүүцэлтэй соронзыг уян хатнаар, түргэн хянах боломжтой тул шинжлэх ухааны судалгаанд найдвартай, үр дүнтэй туршилтын орчныг бүрдүүлдэг ажээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)