МУИС, МҮИС-ийн нэрийн маргаан эцэслэгджээ

 

Монгол Улсын их сургууль /МУИС/ болон Монголын үндэсний их сургууль /МҮИС/-ийн хооронд 2020 оноос хойш үргэлжилсэн барааны тэмдэгтийн маргаанд 2023 онд МУИС ялсан. Харин тус хоёр их сургуулийн нэршлийн асуудал шийдэгдээгүй үргэлжилж байсан билээ. Тэгвэл өнөөдөр тус маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн талаар МУИС-аас мэдээллээ. 

Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Монголын Үндэсний их сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Монгол Улсын их сургуулийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна. 

Эргэн сануулахад, МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуягаас 2020 оны есдүгээр сард Оюуны өмчийн газарт “MNU”, “MUIS”, “Mongolian National University” барааны тэмдгийг хууль бусаар ашиглаж буй Монголын үндэсний их сургуулийн үйлдэлд холбогдох зөрчлийн хэрэг үүсгэж, хууль бус ашиглалтыг таслан зогсоох тухай гомдлыг гаргасан байдаг. Тус гомдлыг анхан шатны шүүх 2022 оны наймдугаар сард МУИС-ийн талд шийдвэрлэсэн. Гэвч МҮИС-иас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, давж заалдах шатны шүүх 2022 оны арванхоёрдугаар сард анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үргэлжлүүлэн МҮИС-иас улсын Дээд шүүхэд гомдол гаргаж байсан. Тэрхүү гомдлыг улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд, гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчинтэй хэвээр үлдсэн билээ. 

Монгол Улсын их сургууль нь Монгол Улсын их сургууль гэсэн үгийн англи, монгол хэлээр, мөн англи, монгол үгийн товчилсон хувилбар оролцуулаад нийт 17 төрлийн үгэн болон дүрсэн барааны тэмдгийн хууль ёсны өмчлөгчөөр Оюуны өмчийн улсын бүртгэлд бүртгүүлж хамгаалуулсан байдаг аж. Тэдгээрт “MNU”, “MUIS”, “Mongolian National University” барааны тэмдэгт багтдаг. Энэхүү гурван тэмдэгтийн МҮИС хууль бусаар хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үр дүнд дахин хэрэглэх эрхгүй болсон. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)