Гадаад диваажин биш
- 4 цаг 15 мин
- Топ сэдэв
- 0
Тэртээд цэлийх тэнгэрийн дор монгол хүний өлгий бий
Тэнүүн талын уудамд ч холдоогүй монгол хүний сэтгэл бий
Алтан шаргал нарны дор амьтан бүхний жаргал бий
Амин голоос ч алдран алдраагүй ариун хайрын минь ундарга бий”
хэмээх дуу монголчуудын зүрх сэтгэлд хэдийнэ хоногшиж, сэтгэлийнх нь утсыг өөрийн эрхгүй хөглөдөг сайхан дуунуудын нэг билээ. Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай энэ дуугаа “Орчлонд ижилгүй нутаг” хэмээн нэрийдсэн нь харийн орныг эх нутагтайгаа зүйрлэхийн аргагүй, бүр хосгүй хэмээн илэрхийлсэн байна. Эх нутгаа үзэсгэлэнт Таж махалтай ч зүйрлэшгүй, алдарт Нью-Йорктой ч зүйрлэшгүй гэдгийг илэрхийлжээ. Бидний эх орон бол өөр хэнд ч заяагдашгүй гайхамшигтай юм хэмээн тэрээр нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
Нийтлэлч Д.Түмэн-Өлзий
"Дэлхийн хамгийн том, хараа гүйцэхгүй тэгш тал нутаг Монголынх. Үснийхээ ойчихыг ч сонсом аниргүй шөнө Монголынх."
Эх орондоо элэг бүтэн
Үр хүүхэд, гэр бүлээ сайхан амьдруулахаар алс холыг зорьсон монголчууд олон бий. Тэд эх орондоо нуруугаа бөхийтөл, хөлөө цэврүүттэл ажилласан ч гэсэн авч байгаа цалин нь амьдралын наад захын хэрэгцээнд нь хүрдэггүй. Иймээс олон сайхан залуу гэр бүл, мэргэжилтнүүд харь орныг зорих болсон билээ.
НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага Засгийн газартай хамтран “Хилийн чанад дахь монгол иргэдийн нөхцөл байдал” нэртэй судалгааг өнгөрсөн онд хийжээ. Уг судалгаанд Монгол Улсын 211611 иргэн буюу нийт хүн амын 6.1 хувь нь хилийн чанадад оршин сууж, ажиллаж, амьдарч байгааг тогтоосон байна. Гадаадад суралцаж буй иргэдийн 79 хувь нь 15-34 насныхан бол хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 52.8 хувь нь 35-54 насныхан байна гэх тооцооллыг гаргажээ. Судалгаанаас харахад иргэдийн хамгийн их шилжиж буй улсууд нь БНСУ, АНУ, Япон, Швед болон Чех аж. Тухайлбал 27 хувь нь Солонгост, 20.5 хувь нь Америкт, 8 хувь нь Японд тархан суурьшиж буй. Улмаар гадаадад амьдарч байгаа иргэдийн бараг тал нь буюу 46.7 хувь нь боловсрол эзэмших зорилгоор гадаадыг зорьжээ.
Мөн боловсрол эзэмших зорилгоор гадаад руу явсан иргэд илүү удаан хугацаанд тухайн улсдаа бусад зорилгоор үргэлжлүүлэн амьдрах хандлагатай байгааг уг судалгаанд дурдсан байна. Гэр бүлээрээ гадаадад амьдарч буй иргэд илүү удаан хугацаагаар тухайн улсад суурьшин амьдрах хүсэлтэй байдаг аж. Гэсэн хэдий ч олон эцэг, эх гадаадын боловсролын болон амьдралын чанар илүү гэж үздэг боловч үр хүүхдүүдээ үндэсний бахархал, өв соёлоо хадгалан үлдэхийг эрмэлздэг аж. Тэгвэл удаан хугацаагаар буюу таваас дээш жил хилийн чанадад оршин суугаа иргэдэд нийгэм, эх орондоо эргээд хувь нэмрээ оруулах нөөц бололцоо хүсэл эрмэлзэл илүү их байдаг гэдгийг судалгаанд цохон тэмдэглэжээ.
НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын төслийн зохицуулагч М.Бямбасүрэн
"Шилжилт хөдөлгөөний онолоор хөгжиж буй улсуудын иргэд хилийн чанад руу гарах урсгал хөгжлийн явцад нэмэгддэг гэж тодорхойлсон байдаг. Гэвч энэ урсгал түр зуурын үйл явц юм."
Гадаадад өндөр боловсрол эзэмшиж, төгссөн залуусын хэдэн хувь нь Монголдоо буцаж ирдэг талаарх нарийн тооцоо, судалгаа манайд одоогоор алга. Гэсэн хэдий ч тэднийг эх орондоо эргэж ирүүлэх олон төсөл хөтөлбөр, уриалгыг төрөөс дэвшүүлж байсан удаатай. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Зөгийн үүр” хөтөлбөрийг 2010 онд зарлаж байсан билээ. Үүний дараагаар 2016 онд мөн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг зарласан. Гэвч эдгээр хөтөлбөр нь бодит үр дүнгээ өгөлгүй замхран үлджээ.
Харин өнгөрсөн жилээс эдгээр бүтэлгүйтлийг засаж залруулахаар “Зөгийн үүр-2” хөтөлбөрийг дахин эхлүүлээд байгаа аж. Улс төр, эдийн засгийн хямрал удаан үргэлжилсээр байвал залуус нь ийн гадагш оддог гэдгийг бид хангалттай харж, мэдэрч авлаа. Иймээс л энэ алдааг засаж тэднийг ирээдүйгээ эх орондоо бүтээх хөрсийг нь бэлдэх хэрэгтэй. Уг нь эх орондоо элэг бүтэн, амар тайван амьдрахыг ямар ч хүн хүсэх нь мэдээж. Гэтэл эдийн засаг нь элгээрээ унаж, доройтож байгаа улсад ирэх зоригтой хүмүүс ховор. Иймээс л тэд ямар ч сонголтгүй харийг хөөсөөр байна.
Зөгий балаа цуглуулаад үүрэндээ заавал буцаж ирдэг жамтай. Яг үүн шиг гадагшаа явсан “зөгийнүүдээ” буцаад эх оронд нь балтай нь хамт авчрах боломжийг төр засаг бүрдүүлэх ёстой.
“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын дэд тэргүүн А.Долгион
"Хөгжлийг хөдөлгөх гол хүч нь хүн. Хөгжлийг хэзээ ч мөнгө, технологи шийдэхгүй. Хүнээ тогтоож барихын тулд төрийн цогц бодлого чухал. Дан ганц төр засаг ч гэлтгүй иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо маш чухал. Эх орондоо ирэх үү, яах вэ гэж эргэлзсэн залуусын шийдвэрт нөлөөлөхийн тулд төр засгаас өмнөх шигээ ирээч ээ гээд дуудвал хэн ч ирэхгүй. Манай зөвлөлөөс гурван улирал дараалан “Гэртээ харих зам” нэртэй подкаст нэвтрүүлэг хийсэн. Монголдоо буцаж ирээд бизнес эрхэлж байгаа 120 гаруй залуусын яриаг подкастаар хүргэсэн. Уг яриаг сонсоод Монголдоо амьдрахаар эргэж ирсэн олон залуус бий."
Монгол руу буцагсад
Үндэсний статистикийн хорооноос гадаад улсад оршин суугаа монголчуудад тулгамдаж буй асуудал, эх орондоо ирэх төлөвлөгөө болон тэдгээрийн өрхөд үзүүлж буй үр нөлөөг тодорхойлох судалгаа явуулсан байна. Уг судалгаанд дэлхийн 18 улсад зургаа болон түүнээс дээш сар оршин суугаа 1865 иргэн хамрагджээ. Тус судалгаанд хамрагдагсдын 61 хувь нь эх орондоо буцаж ирэх төлөвлөгөөтэй бөгөөд үүний тал хувь нь таван жилийн дотор буцахаар төлөвлөж байгаа гэжээ. Харин 39 хувь нь нутаг буцах төлөвлөгөөгүй гэж хариулсан байна. Түүнчлэн 23.1 хувь нь оршин суугааулсынхаа иргэн болох бодолтой байна гэж хариулжээ.
Харин буцаж ирэх төлөвлөгөөтэй иргэдийн хувьд эрүүл тав тухтай орчныг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээг сайжруулах зэрэг асуудлыг шийдвэрийг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Хүнсний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийг тогтвортой байлгах зэрэг амьдрах орчин, нөхцөл, нийгмийн үйлчилгээг сайжруулах тал дээр арга хэмжээ авахыг ч хүссэн байна. Гадаадаас буцаж эх орондоо суурьшихаар ирж буй иргэдийн дийлэнх хувь нь сайн дурын үндсэн дээр ирдэг аж.
Харин зарим нь хаана амьдарч, ажиллаж байгаагаас шалтгаалан тухайн улсдаа өндөр татвар төлөх, амьжиргааны зардал зэргээс шалтгаалан нутаг буцах шийдвэрийг гаргадаг байна. Тухайлбал, өндөр хөгжилтэй орнууд буюу АНУ, Канад, Их Британи, Герман гэх мэт улсад амьдрах нь харьцангуй өндөр зардалтай байдаг аж. Энэ нь орон байрны үнэ, амьдралын өртөг, эрүүл мэндийн даатгалтай холбоотой байна. Жишээ авч үзвэл, Numbeo судалгааны төвөөс гаргасан тооцооллоор АНУ-ын Нью-Йорк хотод амьдарч буй гадаад иргэд сард дунджаар 3580 ам.доллар буюу 12.5 сая төгрөгийг сарын хэрэглээндээ зарцуулахаар байна. Харин гэр бүлтэйгээ хамт амьдарч байгаа тохиолдолд үүнийг хоёр дахин нугалсан зардлыг сар болгон гаргахаар тооцжээ.
Австралид амьдрах нь маш өндөр өртөгтэй байдаг. Төлбөр тооцоо нь долоо хоног болгоноор тооцогдоод явдаг. Ажиллаж олсон мөнгөнийхөө нэлээд хувийг байрны түрээс, сургалтын төлбөр, унааны мөнгөнд зарцуулна. Хүүхэдтэйгээ цуг ирж амьдарч байгаа тохиолдолд цэцэрлэгийн төлбөр гэж өдөрт 120-180 ам.доллар төлдөг. Үүн дээр нэмэгдээд эрүүл мэндийн даатгал гэж сард 400 ам.долларыг тушаана. Ингээд сард дунджаар 8460 ам.доллар буюу 29.6 сая төгрөгийг хэрэглээний зардалдаа төлдөг. Энэ мэт тухайн улсын иргэн нь л биш бол гадаадад амьдрах маш хүнд. Үнэхээр өвдөх эрхгүй ажиллаж байж эдгээр зардлуудаа төлж амьдарч чадна. Иймээс манай гэр бүл удахгүй эх орондоо очихоор шийдсэн.
Контент бүтээгч Дола
Ийнхүү эцэст нь, олон залуус эх нутгаа санаж, бэтгэрэн ирэх өдрөө хуруу даран хүлээсээр байна. Тэднийг ийн ирэхэд нь хөрсийг нь бэлтгэж эх нутагтаа элэг бүтэн амьдруулахад туслах хэрэгтэй. Өнөөдөр монгол хүн эх хэлээрээ элгэн садантайгаа ярилцаж, сайхан амьдрах эрхтэй. Үүнийг бий болгохын тулд төр засаг бодлогоороо дэмжих нь зүй ёсны хэрэг билээ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Сэтгэгдэл (0)