Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Ухаа худаг-ийн хулгайн асуудлыг дэнсэлнэ
- 2025-02-17
- Улс төр
- 3
Ч.Сайханбилэгийн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг УИХ-аар оруулалгүй шийдвэрлэсэн явдлыг Л.Оюун-Эрдэнэ төрд авах ёстой гэж ЗГХЭГ-ын дарга байхдаа “Монголын Зэс”-ийнхэнтэй ширээний ард суухыг урьж байсан. Энэ хэлэлцээрийн ширээний араас өнөөдөр монголын уул уурхайн томоохон ордуудад төр ямар оролцоотой байх вэ гэдэг асуудал хурцаар тавигдсан юм.
Тавантолгойн бүлэг ордын нэг болох Ухаа худагийг 2008 онд “Энержи ресурс”-ийн өр төлбөрт өгөх шийдвэрийг Ерөнхий сайд асан С.Баярын үед гаргаж байв. Уг нь 86 хувийг нь төрд буцааж авсан ч ийн хамгийн их нөөцтэй ордыг нь “MCS”-ийн Ж.Оджаргал тэргүүтэй 11 хүний эзэмшлийн хамтарсан консерциумд өгчихсөн.
Баялгийн асуудал хөндөгдөж байгаа энэ цаг үед стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний бүлэг орд дээр MCS талынхан эрх ашгийнхаа төлөө улс төрд олон талаар “нөлөөлж” байгаа нь үнэн.
Эргээд Ухаа худагийг ямар замаар MCS-т өгсөн бэ гэдэг асуудлыг сөхөхтэй зэрэгцээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгойн бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуй нэгжид олгосон асуудлаар УИХ, Засгийн газрын өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж танилцуулж боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан байна.
“Эрдэнэс Монгол” нэгдэлд ТӨК-үүдийг нэгтгэж, менежментийг нь жишиг болгоно гэдэг асуудлыг Х.Нямбаатар гардан эхлүүлсэн. Харин ураны томоохон төслөө явуулж, дараа дараагийн олон улсын гэрээ байгуулахад жишиг болох “Орано майнинг”-ийн гэрээг Н.Учрал ажил хэрэг болгосны араас Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын гэрээг Ц.Туваан гардаж ажилласан нь Засгийн газар танхимаараа урагшилъя гэдэг амбицтай байгаа нь илт.
Үндсэндээ салангид биш, нэгдсэн зарчмаар явъя гэдэг байр сууриа бататгаж энэ удаад Монголын чухал стратегийн ордын нэг болох Ухаа худаг-ийг хувийн хэвшилд олгосонд бодит дүгнэлт гаргаж, ажил хэрэгчээр хандахыг О.Алтангэрэлд даалгав.
Ажлын хэсгийн гишүүдээр Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, ЗГХЭГ-ын, Хууль эрх зүйн газрын дарга Д.Саруул-Эрдэнэ нар багтсан байна.
Ингэхээр ажлын хэсгийн дүгнэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл биечлэн хариуцаж, танилцуулах үүрэг хүлээж байна.
Сэтгэгдэл (3)
(139.5.216.108)
Амаа ажил болгох эхний алхам харнаа
(103.57.93.246)
Монголбанкны Валютын газрын захирал асан Цэрэндагвын Одонгуа Швейцарийн Credit Suisse банкнаас хахууль авч, улмаар Монголын алтыг Швейцарьт цэвэршүүлсэн. Хахууль нь Одонгуагийн хүүг Швейцарийн хувийн, бүрэн дунд боловсролын, boarding сургуульд сургах явдал байсан юм.
Бат (202.9.46.248)
Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ухаарч шаардаач