Монгол улсын иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцаахгүй байх саналыг тус улсын Элчин сайдад тавьжээ
- 4 цаг 43 мин
- Нийгэм
- 1
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Б.Батцэцэг сайд дараах саналуудыг БНСУ-ын талд тавьсан байна.
- БНСУ-д зорчих хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг тус улсын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саатуулах, гар утас болон бусад эд зүйлсийг хураан авч хувийн мэдээлэлд халдах, улмаар албадан буцааж байгааг зогсоох.
- БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэд зургаан сарын хугацаанд виз мэдүүлэх боломжгүй байгааг цуцлах.
- Монгол Улсын иргэд БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд хариу авах хүртэлх хугацаанд өөрийн гадаад паспортыг буцаан авах боломжгүй байгаа нь иргэдийн чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж байгаа тул визийн хүсэлтийг шийдвэрлэх хугацаанд гадаад паспортыг эх хувиар нь авах бус, харин гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсвэл төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал (Е-Mongolia)-аас олгодог гадаад паспортын лавлагааг материалд нь хавсаргах асуудлыг судалж үзэх.
- БНСУ-ын виз мэдүүлгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, Монгол Улсын иргэдэд визийг цахимаар олгох талаар судалж үзэх.
- Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх БНСУ-ын иргэдийг 2025 оныг дуустал 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргасан. Үүнтэй холбогдуулан харилцан адил байх зарчмын хүрээнд эхний ээлжинд эмчилгээний зорилгоор БНСУ-д зорчих иргэд болон тэдний асран хамгаалагчийг 30 хүртэл хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх, Монгол Улсын шилдэг ААН-ийн холбогдох албан тушаалтнуудад олгох олон удаагийн визийн олголтыг нэмэгдүүлэх асуудлыг судалж үзэх зэрэг саналыг тавьжээ.
Элчин сайд Чой Жин Вон БНСУ-д зорчих, виз мэдүүлэхэд монгол иргэдэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг сайн ойлгож, үүнд анхаарч буйгаа илэрхийлээд дээрх тодорхой асуудлуудын мөрөөр судалж, Монголын талтай үргэлжлүүлэн зөвшилцөж, хамтран ажиллана гэжээ.
Сэтгэгдэл (1)
Бат (202.9.46.38)
Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ухаараач