Б.Сарантуяа говийн аймгуудад аялан тоглоно
- 2018-03-26
- Энтертайнмент
- 0
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяагийн намтар “Зууны дуу хоолой, Би Сараа” ном өнгөрсөн оны арванхоёрдугаар сард уншигчдын хүртээл болсон билээ. Амьдралынхаа 30 жилийг Монголын хөгжмийн урлаг тэр дундаа рок попын хөгжилд зориулсан Зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн амьдрал уран бүтээлийн тухай өгүүлэх энэхүү номыг сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин бичсэн юм. Номд дуучин бүсгүйн уран бүтээлээс гадна хувийн амьдрал, хувь хүнийх нь тухай өгүүлснээрээ онцлог юм байна. Тэрбээр Дархан, Эрдэнэт хотод номын баяр, тоглолтоо зохион байгуулсан. Энэ удаад говийн аймгийн сонсогчдодоо ая дуугаа өргөж, номын баяраа тэмдэглэх гэж байна. “Энэ өдөр сонсогчдынхоо сэтгэлд шингэсэн, баяр баяслаар бялхсан хит дуунуудаа өргөн барина” хэмээн поп хатагтай Б.Сарантуяа сэтгэгдлээ хуваалцлаа. Түүний тоглолтыг сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин хөтлөх бөгөөд дуучин Х.Болор-Уянга оролцох аж. Дашрамд өгүүлэхэд, дуучин Б.Сарантуяа номын орлогоо залуу авьяастнуудыг олон улсын уралдаанд оролцоход нь дэмжлэг болгон хандивлах юм.
Х.Заяа
Сэтгэгдэл (0)