Э.Эрдэнэжаргал: “Хараагүй хүн” тайзнаа хэрхэн бүжиглэхийг үзүүлнэ

“Номадик балет” продакшны ээлжит уран бүтээл болох “Touch the feeling” модерн бүжиг, сонгодог балетаас бүрдсэн тоглолт энэ сарын 21-нд болно. Тоглолтын талаар УДБЭТ-ын балетчин Соёлын тэргүүний ажилтан Э.ЭРДЭНЭЖАРГАЛТАЙ цөөн хором ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн онд БНСУ-д модерн, контемпорари урлагийн төрөлд мэргэшээд ирсэн юм.

-“Touch the feeling” тоглолт “Номадик балет” продакшны энэ жилийн уран бүтээлийн салхийг хагалж байна уу?

-Бид продакшнаа байгуулаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд үзэгчдээ модерн, контемпорари төрлийн уран бүтээл толилуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд он гаргаад бид ОХУ-д тоглолтоо толилуулчихаад ирсэн.

-Энэ удаагийн тоглолтод хэчнээн уран бүтээлч оролцож байна вэ?

-Сонгодог болон орчин үеийн бүжгийн урлагийг хамтад нь үзэж тунгаах, мэдрэх нэгэн гайхалтай үдшийг үзэгчдэдээ зориулж байгаадаа баяртай байна. Тоглолтод манай продакшнаас 10 орчим уран бүтээлч оролцоно. Мөн УДБЭТ- ын бүжигчид оролцохоор бэлтгэж байна.

-Өргөн цар хүрээтэй болох тоглолтын онцлог нь юу вэ?

-Бид амьдралаас хайр дурлал, уйтгар гуниг, баяр хөөр худал хуурмаг, зугаа цэнгэл гээд олон зүйлийг мэдэрдэг. Тэр дундаас энэ тоглолтод хүний үндсэн мэдрэмжийн нэг болох хүрэхүйн гайхамшгийг онцлон харуулах болно. Нэг уран бүтээлчийнхээ нүдийг боож тайзнаа бүжиглүүлнэ. Нэг ёсондоо “хараагүй хүн” тайзнаа хэрхэн бүжиглэхийг үзэгчид харах юм. Бүжгийн урлаг нь хүний сэтгэл хөдлөл утга санааг үгээр бус үйл хөдлөлөөр өгүүлж илэрхийлж чаддаг хүн төрөлхтний бий болгосон гайхалтай урлаг юм. Тоглолтын нэгдүгээр хэсэгт модерн бүжгийн тоглолт болно. Энэ хэсгийг би найруулж байгаа.

-Тоглолтын хоёрдугаар хэсэгт “Кармен сюит”-ийг оруулж байгаа нь ямар учиртай вэ?

-Манай продакшныхан өнгөрсөн жилд “Кармен” сюитийг толилуулсан. Энэ удаагийн тоглолтдоо уг сюитийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болоод байна. Цыган бүсгүй Кармен, түүний дурлалт залуу болох цэрэг Хозе болон бухтай тулалдагч зоригт эр гурвын дунд өрнөх хайр дурлал, хууран мэхлэлт, үхэл хагацлын тухай өгүүлэх энэхүү эмгэнэлт бүжгэн жүжиг нь Ж.Бизегийн "Кармен" дуурийн агуулга, үзэл санааг хөгжмийн хэлээр хөрвүүлэн цомхотгож, бүжгийн хэлээр уран дүрсэлж хөрвүүлсэн гайхалтай бүтээл юм.

Г.Нямсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)