“Гэгээн Муза”-д хоёр хүний жүжгийн төрлийг оруулж магадгүй

“Гэгээн Муза” наадмын шилдгийг тодруулах улаан хивсний ёслол ирэх сарын 13-нд болно. Энэхүү наадмын тухай “Гэгээн Муза” наадмыг санаачлагч, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, ардын жүжигчин С.САРАНТУЯАТАЙ цөөн хором ярилцлаа. 

-“Гэгээн Муза” наадамд хэдэн уран бүтээлч өрсөлдөж байна вэ?

-“Гэгээн Муза” наадмыг нэг жил алгасан зохион байгуулдаг болсон. Тийм болохоор уран бүтээлчид манай наадамд өрсөлдүүлэх олон бүтээл ирүүлсэн. Энэ удаагийн наадмын “Нэр дэвшүүлэх комисс”-ын нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын нийт 50 гаруй уран бүтээл бүртгүүлсэн. Шүүгчдийн баг өнгөрсөн нэгдүгээр сараас хойш аймаг орон нутгаар явж, 23 бүтээлийг хоёрдугаар шатанд буюу цомын төлөө өрсөлдүүлэхээр болжээ. Өнөөдөр наадамд өрсөлдөх 90 гаруй уран бүтээлчийн төлөөлөл нэр дэвших эрхийн гэрчилгээгээ хүлээн авлаа.

-Хоёр жилд нэг удаа зохиогддог болсноор “Гэгээн Муза” наадмын номинацийн хувьд өөрчлөлт оруулах уу?

-Мэргэжлийн шаардлага хангахуйц олон бүтээл байвал хоёр хүний жүжгийн төрлийг ”Гэгээн Муза” наадмын номинацид оруулах сонирхолтой байна. Моно жүжгийн төрөл орж ирснээр манай театрын урлаг нэлээд хөгжсөн. Манай уран бүтээлчид энэ төрлөөр олон улсын наадамд оролцож байр эзэлж, түрүүлдэг болсон. Энэ бол хөгжил дэвшил. Үүнтэй адилаар хоёр хүний жүжгийн төрлийг хөгжүүлэхийг бид зорьж байна. Өнөө жилийн номинацийн хувьд өөрчлөлт ороогүй. Харин Монголын урлагийн ажилтны холбооноос Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч, найруулагч, урлаг судлаач, орчуулагч Э.Оюуны нэрэмжит шагналыг нэг шилдэг уран бүтээлчид олгохоор болж байна.

-Наадмын үеэр өөр ямар ажил зохион байгуулах вэ?

-Наадмын хүрээнд ирэх сарын 5-7-нд “Онгодыг хөглөхүй” жүжгийн зохиолын сургалтыг зохион байгуулна. Уг сургалтыг наадмын зочин шүүгчээр ажиллах Хонконгийн театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пуун удирдан явуулна. Тэрбээр сүүлийн үед дэлхийд зохион байгуулсан олон улсын жүжгийн зохиолын уралдааны тэргүүн байрыг эзэлсэн чадварлаг уран бүтээлч юм.

-Наадмыг шүүхээр гаднаас шүүгчид урилгаар ирж байгаа гэсэн. Ямар улсаас ирэх вэ?

-Энэ жилээс шүүгчдийг номинацийн төрлөөр нь хуваан ажиллуулна. Өмнөх жилүүдэд ерөнхий шүүгчид бүх төрлийн бүтээлийг үзэж шүүн тунгаадаг байсан. Энэ удаагийн “Гэгээн Муза” наадамд Монгол, ОХУ, Косова, Хонконг, БНХАУ- ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украйн улсын уран бүтээлч болон зочин шүүгчид оролцоно. Тухайлбал, наадмын зочин шүүгчээр ОХУ-ын гавьяат жүжигчин, Оросын театрын зүтгэлтнүүдийн холбооны гишүүн В.В.Мирошниченко, Косова улсын Олон улсын театрын институтийн Ерөнхийлөгч, жүжигчин, найруулагч Ментор Зумбераж, Хонконгийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пуун нар урилгаар ирж ажиллана.

Г.Нямсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)