С.Мөнхбаатар: Цаас, будгаа мэдэрч байж бүтээл төрнө

Олон улсын усан будгийн мастер зураач С.Мөнхбаатартай ярилцлаа. Түүний зурсан “Бүргэдийн шивнээ” хэмээх бүтээл Олон улсын усан будгийн нийгэмлэгээс зохион байгуулсан тэмцээнд тэргүүн байрт шалгараад буй. Тэрбээр олон улсад эх орныхоо нэрийг гаргаж, усан будгийн урлагийг Монголд дэлгэрүүлэн, хөгжүүлэхийн төлөө авьяас чадвараа зориулж буй залуу зураач юм. 

-Таны бүтээл дэлхийд үнэлэгдэж эхний байр эзлээд байна. Шилдгээр шалгарсан “Бүргэдийн шивнээ” бүтээлээ хэзээ зурсан бэ?

-Энэ бол Олон улсын усан будгийн нийгэмлэгээс зохион байгуулж буй чансаа өндөр зураачдын анхдугаар тэмцээн юм. Өөрөөр хэлбэл, олимптой дүйцэхүйц чанартай тэмцээн. Тэр хэрээр зураачийн бүтээлд тавих шалгуур өндөр гэдгийг хэлэх нь зүйтэй. Миний бүтээл 70 орны 1200 уран бүтээлчийн зургаас ялгаран эхний байр эзэлсэн явдалд баяртай байна. Эцсийн шатанд 60 орчим бүтээл үлдсэн байсан. Шилдэг бүтээлүүдээр ирэх аравдугаар сард БНХАУ-д нэгдсэн үзэсгэлэн гаргах юм билээ. “Бүргэдийн шивнээ” бүтээлээ энэхүү уралдаанд зориулж зурсан. Өнгөрсөн гуравдугаар сард болсон бүргэдийн баярын үеэр энэ бүтээлийнхээ санааг олсон.

-Өмнө нь бас “Бүргэд” хэмээх бүтээлээрээ шилдгийн тоонд багтаж байжээ. Ер нь яагаад усан будгийн төрлөөр дагнан ажиллах болсон бэ?

-2014 оноос усан будгаар дагнан зурж эхэлсэн. Тэр үед “Монголын усан будгийн мастерууд” үзэсгэлэнд оролцож байлаа. Уг үзэсгэлэнд оролцсон хамгийн залуу мастер нь би байсан. Түүнээс хойш усан будгаар зурах сонирхолтой болсон. Энэ төрлөөр дагнан зурахад боломж, чадвар гарц байгаа гэж харсан. Ингээд хэдэн зураач ахтайгаа хамтран Монголын усан будгийн нийгэмлэгийг байгуулсан.

-Энэ нийгэмлэгийг байгуулснаар усан будгаар дагнаж бүтээл туурвидаг зураачид олширсон уу?

-Одоогоор манай нийгэмлэгт 10 орчим уран бүтээлч дагнан уран бүтээл туурвиж байна. 2015 онд Олон улсын усан будгийн нийгэмлэгийн гишүүн орон болсон. Бидний хамгийн том зорилт бол эх орондоо усан будгийн том фестиваль зохион байгуулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Ер нь гадаадын орнуудаас эх орондоо том наадам зохион байгуулаач гэсэн санал их ирдэг. Ийм наадам зохион байгуулъя гэхэд эдийн засгийн асуудал бидэнд хүнд тусдаг. Олон орны уран бүтээлчийн зургийг эх орондоо авчрах, буцаагаад явуулах зардал, ирсэн уран бүтээлчдийг байрлуулах орон сууц, шагналын сан гэх зэргээр эдийн засгийн хувьд одоохондоо наадам зохион байгуулах боломжгүй байна.

-Усан будгаар бүтээл туурвиснаас хойш бүтээлийн тоо хэр олон болсон бэ?

-Хүн бүр бүтээлийн талаар өөр өөр ойлголттой. Бүтээл гэж юуг хэлэх вэ гэдэг маш том асуулт. Олон хүн үзээд таалагдаж байгааг бүтээл гэх үү, өөрт таалагдсанаа бүтээл гэх үү. Усан будгаар дагнаснаасаа хойш би дөрвөн удаа бие даасан үзэсгэлэн гаргасан байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд “Watercolour III” үзэсгэлэнгээ гаргасан. Ер нь нэг жилд 100-150 орчим зураг зурдаг байх.

-Зураач болсны учир юу вэ?

-Урлагийн хүнд төрмөл өгөгдөл авьяас байдаг гэдэгт итгэдэг. Бусад мэргэжил шиг гэнэт шийдээд эзэмшчихдэг мэргэжил биш. Өөрт заяасан өгөгдлөө хөгжүүлж байж тэр урлагаа эзэмшихэд суралцана. Би өөрийгөө зураач гэж хэлэхгүй. Зурах урлагт суралцаж буй нэгэн. -Усан будгийн зураг бусад зургаас ялгарах онцлог нь юу вэ? -Усан будгаар зурах тусам дурлаж, татагддаг юм байна. Илүү гоё. Техник нь бусад төрлийн зургийг бодвол зураачас илүү хүнд, нарийн ур чадвар шаарддаг. Бас их хурд, эмоци, мэдрэмж шаарддаг төрөл. Усан будаг бол дэлхийн олон оронд өндөр хөгжсөн байдаг. Тэр дундаа Тайвань, Хятад, Филиппин зэрэг оронд их хөгжиж байна.

-Усан будгаар зурах аргыг танд хэн зааж сургасан бэ?

-Ер нь хүүхэд болгон усан будгаар зурж эхэлдэг шүү дээ. Биднийг цэцэрлэгт байхаас л усан будгаар зураг зуруулдаг байсан. Үүнийг л мэргэжлийн төвшинд авчирч байгаа юм л даа. Арван жилийн сургуульд байхдаа Хөгжим бүжгийн коллежийн багш усан будгийн мастер Г.Дондовдоржоор уран зургийн хичээл заалгаж байлаа. 2005 оноос хойш өөрөө уран зургийн суурь хичээлийг заадаг болсон.

-Усан будгаар зурахыг сонирхож буй суралцагсад юуг анхаарах хэрэгтэй вэ. Багш хүний хувьд та юу гэж зөвлөх вэ?

-Хамгийн гол нь цаас, будгаа мэдрэх хэрэгтэй. Ингэж мэдэрсэн цагт бүтээл бий болно. Гэхдээ зурсан бүхэн бүтээл болохгүй.

-Та ямар сэдвээр голчлон зурдаг вэ?

-Хөрөг зургаар дагнадаг. Аж байдал, байгалийн зураг зурах дуртай. Сэдэвт баригддаггүй. Өөрт таалагдаж, сэрэл мэдрэмж хөдөлсөн үедээ юуны ч тухай зурж болно. -Энэ онд оролцохоор төлөвлөсөн өөр тэмцээн бий юү? -Усан будгийн чиглэлээр маш олон тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Олон улс орон өөрсдийн нэрэмжит усан будгийн уралдаан зохион байгуулдаг. Тэр бүхэнд оролцож бүтээлээ явуулахыг хичээдэг. Бүх зардлаа өөрөө гаргаж оролцдог болохоор заримдаа хэцүү байдаг. Заримд нь зардал мөнгөнөөс шалтгаалан оролцож чадахгүй байх тохиолдол бий. Өөрийн зорьсон, хүссэн тэмцээндээ хичээж байгаад оролцдог.

-Усан будгаар зурахдаа та ямар арга барил хэрэглэдэг вэ?

-Хүн бүр өөрийн гэсэн арга барилтай. Би бол нойтон техниктэй. Хуурай, давхарлаж бичих зэрэг арга бий. Тэр дундаас нойтон техник хамгийн хүнд нь гэж хэлж болно. Цаас норгоод хатах хооронд зурж дуусдаг. Тэгэхээр цаас, ус, будаг, бийрээ мэдрээд тэрхэн хооронд зураг зурна гэдэг амаргүй л ажил. Гэхдээ ингэж зурсан бүхэн бас гоё сайхан болно гэж байдаггүй.

-Энэ чиглэлийн зургийг хөгжүүлэхийн тулд юу хийх шаардлагатай байна вэ?

-Өмнөх жилүүдийг бодоход усан будгийн зураг сонирхогчид нэмэгдэж байна. Усан будгийн салбар эргээд сэргэж байна гэж хардаг. Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа ихээр зохион байгуулах шаардлагатай. Мөн өөрийнхөө хийх ёстой ажлыг хийгээд зургаа зураад хичээгээд явж байхад болно бүтнэ л гэж боддог доо.

 

Г.НЯМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • unshigch (62.203.245.216)

    2018-04-14

    yneheer gogo boljee. Bayar hyrgej ulam ich amjilt hysen erooe