Э.Амартүвшин “Травита”-д дуулна
- 2018-04-17
- Энтертайнмент
- 0
УДБЭТ-ын уран бүтээлчид Ж.Вердийн “Травиата” дуурийг энэ сарын 22- нд толилуулахаар боллоо. Уг дуурийн Виолеттад Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, Альфредод соёлын тэргүүний ажилтан Б.Батжаргал тоглох бол Жермоны дүрийг Монгол Улсын соёлын элч, гавьяат жүжигчин Э.Амартүвшин бүтээхээр болжээ.
Тэрбээр дэлхийн нэр хүндтэй театруудын урилгаар сонгодог бүтээлүүдэд тоглож, шилдэг гэдгээ баталсаар ирсэн юм. Э.Амартүвшин өнгөрсөн сарын 11-нд Москва хотноо Их театрын тайзнаа дэлхийн шилдгүүд өрсөлддөг олон улсын мэргэжлийн дуу, хөгжмийн “Браво” ёслолд урилгаар оролцсон билээ. Тэрбээр Евразийн 15 улсын мэргэжлийн уран бүтээлчдээс шалгарч “Браво” шагналын эзэн болсон. Ойрын мэдээнээс дурдвал гавьяат жүжигчин маань хэдхэн хоногийн өмнө Шанхайн Их театрын тайзнаа Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүрд дуулжээ.
Энэхүү тоглолтдоо тэрбээр дэлхийн агуу удирдаач Дэниэл Орэнтэй нэг тайзнаа гарчээ. Дуурийн театрын уран бүтээлчид 55 дахь тоглолтын улиралд түүхэн ач холбогдол бүхий арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Энэ сард онцлох бүтээлийн нэг нь “Камелийн цэцэгт хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээсэн Ж.Вердийн “Травиата” дуурь юм. 160 гаруй жилийн түүхтэй уг дуурь анх Монголын тайзнаа 1977 оны дөрөвдүгээр сарын 9-нд үзэгчдийн хүртээл болж, өдгөө 41 дэх жилтэйгээ золгож байна. Монголын анхны эмэгтэй найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ё.Цэрэндолгор сургуулиа дөнгөж төгсч ирээд монгол хэлээр найруулан тавьсан бүтээл нь “Травиата” юм. Тухайн үед түүнтэй хамт удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжав, зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх нар ажилласан түүхтэй. Түүний дараа 2000 онд найруулагч Ё.Цэрэндолгор уг дуурийг итали хэлээр шинэчлэн тавьсан юм. Тэр үед дуурийн удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү ажилласан байна. Харин 2015 онд БНСУ-ын найруулагч Ан Ху Вон “Травиата” дуурийг дахин найруулж, тайз хувцсыг шинэчилсэн байна.
Б.Сийлэн
Сэтгэгдэл (0)