Ард түмнийхээ эрүүл мэндэд асар их ач буян түгээгчид
- 2013-05-29
- Эрүүл мэнд
- 0
Тэртээ 1958 онд аравдугаар ангиа төгссөн охид, хөвгүүд бид эх орны өнцөг булан бүрээс ирцгээж, МУИС-ийн анагаах ухааны салбарт элсэн орж, нэг курсын оюутан, хамт олон болсон билээ. Бид таван жил суралцахдаа хичээл сурлагадаа шамдахын зэрэгцээ Жаргалант, Орхон, Ерөөгийн сангийн аж ахуйд тариа, ногоо, хадлан хурааж, Архустайд төл бойжуулж, говьд худаг гаргаж, хотод мод тарьж, субботник хийж, эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан билээ. Оюутан ахуйн сайхан жилүүд нэг л мэдэхэд өнгөрч, 1963 онд сургуулиа төгсч, Эмнэлэг гэгээрлийн ордонд эмчийн тангаргаа өргөсөн. Эрүүлийг хамгаалах яамны домогт сайд Г.Туваан гуайгаас дипломоо гардан, тэмдгээ зүүцгээж байсан үе саяхан мэт санагдавч хагас зуун жил өнгөрчээ. Бид Анагаах ухааны дээд сургуулийн хоёр дахь төгсөлт бөгөөд 139 их эмч төгссөн. Б.Нэргүй, Т.Тойвгоо, П.Янсан нар онцсайны улаан диплом өвөртөлсөн. Олон сайн сурлагатан байсан даа. Эрүүлийг хамгаалах яамны шийдвэрээр олонхи нь буюу 130 орчим нь 18 аймагт хуваарь, томилолт авч хөдөөд аяны жолоо залж, салан одоцгоосон. Тэдний олонхи нь сумын эмнэлэгт хуваарилагдсан юм даг. 1960- аад оны үед сум төдийгүй аймгийн эмнэлэг ч их эмчээр бүрэн хангагдаагүй байсан учир тэд сумдад очсон хэрэг. МХЗЭ-ийн Төв хорооны илгээлтээр Д.Нинжээ, Т.Тойвгоо, Ш.Цэвээн нар маань Баянхонгор аймгийн Баацагаан сумын дундын эмнэлэгт очиж, сайн ажилласан. Тэр үед хөдөөгийн эмнэлгүүд зориулалтын байр байшингүй, мэргэжлийн боловсон хүчин, тоног төхөөрөмж дутуу, түргэний машин зөвхөн аймгийн төв болон сум дундын эмнэлэгт 1-2 төдий байлаа. Өөрөөр хэлбэл, манай төгсөлтийн эмч нар сумын их эмчийн салбарыг байгуулж, ихэнх нь анхны их эмч нь болцгоосон хэрэг. Сум дундын эмнэлэг дөнгөж байгуулагдаж, бидний өмнөх төгсөлтийн Д.Даваадорж, Чүлтэм, Г.Цэвээн, Тоня /орос/ нар Увс аймгийн Баруунтурууны сум дундын эмнэлэгт илгээлтээр очсон анхдагчид билээ. Илгээлтээр ажилладаг ийм хэлбэр 1980- аад он хүртэл байлаа. Одоо тэгвэл саналаараа илгээлт авах нь бүү хэл хөдөө ажиллах малчны хүүхэд ч олдохгүй болсон нь харамсалтай. Үүнээс болж хотод их эмч илүүдэж, хөдөөгийн сумдад дутагдаж, ард түмэн хохирч байна. Манай курсын ихэнх эмч нар аймаг, сумдад сайн ажилласны учир яамныхаа шийдвэрээр хотод ирж, улс, хотын томоохон эмнэлэгт дарга, зөвлөх, тасгийн эрхлэгч, тэргүүлэх мэргэжилтэн болж, өсч хөгжсөн түүхтэй. П.Янсан, Д.Сундуй, П.Даваажав, П.Гүнчин нар аймгийн Эрүүлийг хамгаалах газрын дарга, Эрүүлийг хамгаалах яаманд П.Янсан, Д.Сундуй, Д.Нинжээ, О.Эрдэнэчулуун, Т.Тойвгоо нар олон жил хариуцлагатай алба хашсан, Н.Нямдаваа, Х.Тэрбиш, П.Янсан, Д.Сундуй, М.Ядмаа нар эмнэлгийн дарга хийж, А.Отгондалай, Н.Нямдаваа, Д.Нинжээ, Б.Саарал, Б.Норпил, Р.Энхтуяа, Я.Нина зэрэг нөхөд минь зөвлөх эмчээр ажилласан билээ. Т.Тойвгоо Намын төв хороонд зааварлагч, Биеийн тамир спортын хорооны орлогч дарга, П.Янсан МУЗН-ийн орлогч дарга хийж байлаа. Анагаах ухааны дээд сургуульдаа М.Онолбаатар, Ч.Шагдар, Р.Энхтуяа, С.Очирбат, Э.Баяр нар үндсэн багшаар, Т.Тойвгоо, Н.Нямдаваа, П.Янсан, Д.Дамдин, Я.Нина, А.Отгондалай нар цагийн багшаар ажиллаж, олон мянган оюутны мэдлэг, оюуны санд хөрөнгө оруулалт хийжээ. Бидний олонхи тэтгэвэртээ гарсан ч Д.Дамдин, Ц.Бархас, Я.Нина, О.Эрдэнэчулуун, З.Нямаа зэрэг нөхөд маань улс, хувийн хэвшлийн эмнэлэгт одоо хүртэл үр бүтээлтэй, 50-иад жил ажилласаар л байна. Төгссөнөөсөө хойш Ц.Бархас, Мундгар, С.Дүүдээ нар зөвхөн сумын эмнэлэгт дагнан ажилласан түүхтэй. Манай курсэд местный буюу нутгийн Зайсанов, Л.Маркова, Чуракова, Е.Вера, Г.Истомина, Лизунова, П.Таня, Е.Феликс, В.Москвитина зэрэг орос оюутнууд суралцаж төгссөн, тэд мөн л орон нутагт үр бүтээлтэй ажиллаж, одоо ихэнх нь Орост амьдарч байна. Анагаах ухааны дунд сургууль төгсөөд хөдөө ажиллаж байсан Д.Сундуй, Лхагважав, Ц.Дулмаа, П.Даваажав, Шатар, Б.Найдан, С.Цэрэн, Н.Лхамсүрэн, Цэрэндэжид, Сандагдорж, Лувсандагва зэрэг нөхөд минь аравдугаар анги төгссөн бидэнтэй мөр зэрэгцэн амжилттай суралцсан билээ. МУИС-ийн анагаах ухааны салбарт 1942-1950-иад оныг дуусах үед багш нарын ихэнх нь Зөвлөлтийн мэргэжилтэн байсан бөгөөд бидний үеэс ихэнх багш нар үндэсний эмч нар, цөөн хэсэг нь Зөвлөлтийн эрдэмтэд байв. Өөрөөр хэлбэл, 1960-аад оны эхэн гэхэд үндэсний багшлах боловсон хүчин үндсэндээ бүрдсэн байна. Бидэнд анатомийн хичээлийг доцент Дорж, Дашцэрэн, Дамдинсүрэн, физиологийн хичээлийг дэд эрдэмтэн Э.Донгиндоо, Бадамханд, Б.Од, латин хэлийг Дулмаа, эмгэг анатомийг Д.Цэдэв, гистологийг Манлай, хожмоо академич болсон Х.Цэрэв, дотор өвчин судлалыг академич доктор профессор Б.Рагчаа, доцент Ц.Ишханд, Б.Цэрэнлхам, Т.Батсүх, Долгормаа, Ц.Долгор нар зааж байв. Мэс засал судлалыг академич Т.Шагдарсүрэн, В.Ичинхорлоо, Б.Гоош, эрдэмтэн П.Долгор, М.Сүхбаатар, Ч.Батмөнх, Самбуу зэрэг, эх барих эмэгтэйчүүд судлалыг гавъяат эмч Д.Цэвэлмаа, эрдэмтэн Ц.Готов, мэдрэл судлалыг гавъяат эмч Л.Дагзмаа, профессор Г.Лодон нар заадаг байсан. Харин арьс өнгөний өвчин судлалыг ардын эмч Ч.Долгор, эрдэмтэн Нямдорж, Лхүндэв, нүд судлалыг ардын эмч Р.Нямаа, Э.Санжаа, чих хамар хоолой судлалыг Ц.Довчин, хүүхдийн өвчин судлалыг гавъяат эмч Н.Гэндэнжамц, эрдэмтэн Т.Бямбажав, элэг судлалыг С.Сүндэв, бөөр судлалыг гавъяат эмч Лувсанбалдан, микробиологийг гавъяат багш, проф Г.Жамба, Г.Санжмятав нар маань зааж сургасан. Халдварт өвчин судлалыг эрдэмтэн Г.Дуламсүрэн, Л.Дамдинсүрэн, эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтыг доцент, доктор Д.Цагаанхүү, эрүүл ахуйг эрдэмтэн Ч.Чүлтэмдорж, А.Дамдинсүрэн, эм судлалыг Гавьяат ажилтан доктор, проф Д.Балдандорж, Ж.Цогнэмэх нар заасан. Харин Петрясан, Цэнд нар шүүх эмнэлэгийг, эрдэмтэн, Гавьяат эмч Д.Дэнсмаа рашаан сувиллыг, сэтгэл мэдрэлийг доктор Ш.Доржжадамба, Ц.Гүрдорж нар заасан. Биохимийг академич Жамсран, эрдэмтэн Балдорж, биологийг академич Дашдорж, Шагдарсүрэн, Цэндсүрэн зэрэг багш нар зааж байлаа. Өөрөөр хэлбэл, Монголын сор болсон тэргүүлэх, эрдэмтэн мэргэдээр бид хичээл заалгаж байсандаа ямагт бахархдаг. Бидний оюутан ахуйд Зөвлөлт, Монголын намын түүх, улстөр, эдийн засаг, философи зэрэг нийгмийн ухааны, мал аж ахуй, физик, олон янзын хими, орос хэл гээд нийтдээ 50 гаруй төрлийн хичээл заадаг байлаа. Өргөн мэдлэг, цар хүрээгээр оюунаа цэнэглэж байсан үе. Тэр үед хөдөөнөөс ирсэн оюутнууд дотуур байрандаа сууна, түргэн шалмаг үйлчилгээтэй, хятад гуанзанд хоолоо амжиж идчихээд их сургуулийн номын сан, дугуй заал, 310, 320 зэрэг танхимд хичээл номоо унших гэж уралдан суудал авдаг байлаа. Тэр үед тэгж л ном уншдаг байсныг одоогийн оюутан, залуучууд бодоосой билээ. Бидний 10 гаруй нөхөд минь хоорондоо гэр бүл болж, дунджаар 3-5 хүүхэдтэй өнөр өтгөн айл байж, үр хүүхэд, ач зээ нараас нь 1-2 нь их эмч болцгоож, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд ажиллаж байгаа нь үр удам, залгамж халаа үргэлжилж байгаа хэрэг. Харин харамсалтай нь өнгөрсөн 50 жилийн хугацаанд бидний 60-аас илүү хувь нь бурхны оронд очжээ. Тэднийхээ гэгээн дүрийг хүндэтгэн дурсаж байна. Ер нь бодит баримт, ажиглалт, судалгаанаас үзэхүл манай улсад эмч нарын дундаж наслалт харьцангуй богино, эрүүл мэнд амь насны сарнилт, өвчлөл арай илүүтэй юмуу даа. Эмч нар төрсөн хүүхдийн час хийх дуугаар, эмчилж буй өвчтөнийхөө эдгэрсэн царай, инээмсэглэлээр, амь насыг нь аварсан хүнийхээ талархал, хүндэтгэлээр сэтгэлд нь гэгээ гийж, биед нь хүч нэмж, мэргэжлээрээ бахархаж байдаг нь сайхан. Гэвч эмч хүн өвдөж, шаналсан хүний дуу, яриаг сонсч, аврал эрсэн царай, нүдийг харж, зарим үед эцсийн амьсгалыг чагнаж, зүрх судасны эцсийн цохилтыг мэдэрч үхлийн мөчтэй уралдаж, аймшигт үеийг харах бүрийд сэтгэл зүрх нь тэдэнтэй хамт шаналж, эд эс нь мөхөж, яс, мах нь өмөрч байдаг билээ. Эмч нар гэмтэл бэртэл, өвчний хүндрэл, халдварын голомт, хавьталтай зэрэг байнгын эрсдэлтэй нөхцөлд улаан гараараа тулж ажилладаг онцлогтой. Нөгөө талаар тэдний ажлын нөхцөл, нийгмийн хамгаалал, ахуй хангамж, цалин хөлс хангалтгүй байдаг нь эмч нарын маань эрүүл мэнд, амь насны эрсдлийн үндсэн шалтгаан болж байгааг төр, түмэн минь мэддэг байх аа гэж бодно. Хичээл зааж байсан багш нараас: Монгол Улсын Гавьяат эмч Д.Цэвэлмаа, Ардын эмч Ч.Долгор, Э.Санжаа, Ч.Цэрэннадмид, Гавьяат багш проф Г.Жамба, Т.Батсүх, эрдэмтэн Г.Санжмятав, Л.Дамдинсүрэн нар энх тунх, урт насалж байгааг хүндэтгэн бахархаж байна. Бидний дундаас олон алдар гавьяаны эзэд, эрдэмтэн мэргэд төрж Монголын эрүүлийг хамгаалах, анагаах ухааны түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Ховд аймгийн уугуул Авирмэдийн Отгондалай Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагнал хүртсэн нэрт мэс засалч байлаа. Хавдар судлалын үндэсний төвийн захирал, зөвлөх эмч, мэс засалч доктор, Ховд аймгийн уугуул Намхай-Очирын Нямдаваа, Улсын клиникийн II эмнэлгийн мэс засалч, Баянхонгор аймгийн уугуул Дашаахүүгийн Нинжээ, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс засалч, Дорнод аймгийн уугуул Гэндэнгийн Амгалан, Дундговь аймгийн уугуул их эмч Цэен-Ойдовын Бархас, нян судлаач, Дундговь аймгийн уугуул их эмч Пүрэвийн Цэнд нар Монгол Улсын Гавьяат эмч цол хүртжээ. Эх нялхсын үндэсний төвийн рентгений эмч, Булган аймгийн уугуул Дамдингийн Дамдин Төрийн шагнал тус тус хүртжээ. Түүнчлэн Намхай-Очирын Нямдаваа, Хандбалын Долгормаа, Маналжавын Онолбаатар, Түгжийн Тойвгоо, Хүдэрхүүгийн Тэрбиш, Чимэдийн Шагдар, Раднаабазарын Энхтуяа, Цэвээний Дуламжав, Пуйдарын Янсан нарын есөн эрдэмтэн төрж, Д.Нинжээ, Н.Лхамсүрэн нар Ардын их хурлын депутатаар сонгогдож байлаа. Ховд аймгийн Үенч суманд бага, их эмчээр олон жил ажилласан Ц.Даваа, Хөдөлмөрийн баатар, А.Отгондалай нар Сүхбаатарын одонгоор, Б.Норпил, О.Эрдэнэчулуун, Ц.Бархас, Д.Нинжээ нар “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор, Т.Тойвгоо, Н.Цэндсүрэн, Ц.Бархас, Г.Амгалан, Д.Нинжээ, О.Эрдэнэчулуун, М.Ядмаа, П.Янсан нарын 25 хүн “Алтан гадас” одонгоор, Б.Тунгалаг, Р.Энхтуяа, З.Цэсэнхүү, Ц.Дулмаа, С.Цэрэн, Ч.Дэнсмаа нарын 38 хүн “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар, С.Цэрэв, Н.Хандмаа, Ш.Гэлэгжамц, С.Жавзмаа нарын 18 хүн Засгийн газрын жуухаар шагнагдсан. Үүнээс гадна ардын хувьсгалын ойн медалиуд, нам олон нийтийн байгууллагын шагнал, мөн салбарын дээд шагнал болох “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр ихэнх нь шагнагдсан байна. Бидний үед шагналын нэр хүнд, босго, шалгуур өндөр байсан билээ. Гэвч цөөн зарим нөхөд минь хүнд хэцүү нөхцөлд, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө 30-40 жил ажиллачихаад Эмнэлгийн тэргүүний ажилтнаа аваагүй үлдсэн нь шударга бус хэрэг учир одоо байгаа хэдэд минь олгох байх гэж Эрүүл мэндийн яаманд уламжилчихъя. Манай төгсөлтийн эмч нараас 20 гаруй нь аймаг, хот, дүүргийн Ардын хурлын депутатаар, 40 гаруй нь нам, эвсэл, үйлдвэрчин, улаан загалмай, эрдэм дэлгэрүүлэх, эмч нарын их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон байна. Энэ бүхэн бол манай төгсөлтийн эмч нарын ажил мэргэжил, ур чадвар, үүрэг хариуцлага ямар түвшинд байж, хүн амын эрүүл мэндийн үйлсэд ямар их хувь нэмэр, ач тус, буян болсныг илтгэх бодитой түүх, бидний бахархан дуурсах сайн үйлс билээ. Эх орон, ард түмэндээ эзэмшсэн мэргэжил, бие сэтгэлээ үнэнчээр зориулж, эрүүл мэндийн ач буяныг 40-50 жил түгээсэн, эдүгээ 73-80 настай буурлууд бид амьдрал ахуй дундаж түвшингээс арай доогуурхан, бие сэтгэл гундуухан байгааг нуух юун. Сүүлийн жилд тэтгэвэрт гарч байгаа эмч нар 36 сарын дундаж цалингийн тэтгэмж авч байна. Бид эрт төрж, эрт тэтгэвэрт гарснаараа хохирох ёсгүй гэж үздэг. Иймд 2004 оноос өмнө тэтгэвэрт гарсан одоогоор амьд байгаа цөөхөн эмч нарт нэг удаа, наад зах нь 3-5 сая төгрөг нөхөн олгох нь шударга, тэднийг баярлуулсан хэрэг болох сон гэдгийг төр засагтаа эцэст нь уламжилж байна. Хамт төгссөн анд нөхөд, ачит багш та бүхэндээ дээд сургууль төгссөний түүхт 50 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, урт удаан наслахын ерөөл өргөе. Үе үеийн төгсөгч дүү нартаа ажлын амжилт хүсье.
Анагаах ухааны доктор, профессор Пуйдарын Янсан
Анагаах ухааны доктор, профессор Пуйдарын Янсан
Сэтгэгдэл (0)