Хятад улс цөмийн зэвсэгтэй болсон нь

60 жилийн өмнө буюу 1964 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хятадын баруун хойд нутаг Шинжаан Уйгурын өөртөө засах орны Лоб нуурын орчим Хятад улс анхны атомын бөмбөгийн туршилтыг амжилттайхийсэн билээ. Энэ явдал Хятад улсыг цөмийн зэвсэгтэй том гүрний тоонд оруулсан юм. Хятад улс хэрхэн атомын зэвсэгтэй болсон түүхийг сөхөж үзье.

1955 оны нэгдүгээр сард болсон Хятадын Коммунист Намын Төв Хорооны өргөтгөсөн хуралдаан дээр Мао Зэдун “ Хятад улс Зөвлөлт Холбоот улсын тусламжаар эсхүл өөрөө бие дааж өөрсдийн атомын бөмбөгтэй болох хэрэгтэй” гэсэн үүрэг чиглэл өгчээ. Тэр үед зөвлөлтийн хүмүүс “хятадыг дүү нар,өөрсдийгөө ах нар нь”,“оросын ард түмэн, хятадын ард түмэн хоёр мөнхийн ах дүү” хэмээн үздэг байв. Энэ хуралдаан болохоос 3 сарын өмнө Маогийн орлогч Жу Дэ, цэргийн яамны сайд Пэн Дэхуай нар Зөвлөлт Холбоот улсад очиж орчин үеийн цөмийн зэвсэг хэрэглэсэн цэргийн сургуулилт үзэж ирээд энэ тухайгаа Маод илтгэж Хятад улс нэн яаралтай цөмийн зэвсэгтэй болохоор шийдсэн юм. 

1955 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр хоёр улс зөвлөлт - хятадын Шинжаан дахь ашигт малтмалын хамтарсан хайгуул хийх хэлэлцээрт гарын үсэг зурав. Удалгүй зөвлөлтийн геологчид уран олж 1957 оны өвөл Чугучак хотод хятадын уран олборлох уурхай байгуулагдав. Хятад улс 1958 онд цөмийн яам байгуулж цөмийн зэвсэгтэй болох асуудлыг Аюулгүй Байдлын Газрын дарга Кан Шэнд хариуцууллаа.  1958 онд зөвлөлтийн мэргэжилтнүүд Хятад улсын Ланьжоу хот болон Өвөр монголын Бугат хотодуран баяжуулах үйлдвэр барьж өгөв. 1957 онд зөвлөлтийн тал Хятад улсад атомын бөмбөг үйлдвэрлэх технологи өгч,атомын бөмбөгийн загварийг ч өгөв. 1958 онд зөвлөлтийн атомын бөмбөг зохион бүтээгч эрдэмтэн Евгений Негин, Евгений Воробьев тэргүүтэй зөвлөлтийн цөмийн мэргэжилтнүүд Хятад улсад очиж ажиллав. 1950-1960 оны хооронд Хятад улсад зөвлөлтийн 12 000 цөмийн мэргэжилтэн очиж ажиллажээ. Тэд Лоб нуурын орчим цөмийн туршилтын талбай байгуулж, хятадын анхны цөмийн тогоо байгуулж ашиглалтад өглөө. Тэр үед Зөвлөлт Холбоот улсад Хятад улсын 11 000 мэргэжилтэн, 1000 гаруй эрдэмтэн цөмийн физикийн сургалтанд сурчээ. 

1950 онд АНУ-д цөмийн физикээр докторын зэрэг хамгаалсан 26 настай залуу эрдэмтэн Дэн Зясянь Хятад улсад буцан ирж 14 жил нөр их судалгаа шинжилгээний ажил хийсний дүнд түүний төслөөр Хятад улс 1964 ондатомын бөмбөгтэй болж улмаар 1966 онд устөрөгчийн бөмбөгтэй болсон юм.  Хятадад цөмийн бөмбөг бүтээхэд гадаадад амьдардаг олон зуун цагаач хятад эрдэмтэд их тусалсан юм. Тэдгээрийг дурдвал, 1940 онд Францын Париж хотод эрдмийн зэрэг хамгаалсан физикч Цянь Саньцянь, АНУ-ын Калифорний их сургуулийн цөмийн физикч Ван Ганьфан, Жао Жуняо, Иллинойс мужийн их сургуулийн математикч Хуа Логэн зэрэг эрдэмтэд Хятад улсдаа буцан ирж үр бүтээлтэй ажиллаж байлаа.  Хятад улсдаа цөмийн зэвсэг бүтээхийн тулд залуу эрдэмтэд өдөр шөнөгүй олон жил уйгагүй ажиллаж байлаа. Тэд гэртээ ч очилгүй бүтэн 5, 10 жил маш нууц нөхцөлд тусгаарлагдажэнэ хугацаанд хүүхэд нь өсөж хүүхдээ бараг танихгүй болсон тохиолдол ч гарч байв.  Хятадын эрдэмтэд цөмийн зэвсэгтэй шумбагч хөлөг онгоцыг ч бүтээх ажилд шургуу оров.

1953 онд Хятадын цөмийн физикч эрдэмтэн Цянь Саньцянь Зөвлөлт Холбоот улсад айлчилжээ. Эхлээд Зөвлөлтийн Шинжлэх Ухааны Академи түүнд цөмийн зэвсгийн хуучирсан загварыг үзүүлэхээр төлөвлөж байсан боловчЗөвлөлт улсын Хятад дахь цөмийн асуудлын зөвлөх Задикян үүнийг мэдэж дээд байгууллагад мэдээлж зөвлөлтийн хамгийн сүүлийн үеийн цөмийн технологийг үзүүлэхээр болжээ.  Зөвлөлт Холбоот улсад Октябрийн хувьсгалын 40 жилийн ойгоор Мао Зэдун тэргүүтэй хятадын коммунистууд айлчилжээ. Энэ үеэр зөвлөлт хятадын хэлэлцээр болж Зөвлөлт улс Хятад улсад цөмийн бөмбөгний хамгийн сүүлийн үеийн загварыг өгөхөөр болжээ.

Мао Зэдун Октябрийн хувьсгалын 40 жилийн ойгооор зөвлөлтийн цөмийн бөмбөгний загварыг Хятадад өгөхгүй бол Москвад айлчлахгүй гэсэн тул зөвлөлтийн тал аргагүйн эрхэнд түүний шаардлагыг зөвшөөрсөн ажээ.  Мао Зэдун тэрхүү Москвагийн зөвлөлгөөн дээр” Дэлхийн бүх хүн амын тал хувь нь цөмийн дайн болвол үхэж үрэгдэнэ биз. Харин империализм газрын хөрснөөс арчигдаж, хүн төрөлхтөний үлдсэн тал хувь нь хагас зууны турш илүү олон дахин өсөх болно. Дорно дахины салхи Өрнө дахины салхийг ялан дийлэх болно” хэмээн хэлж байв.

1958 онд Хятад улс Зөвлөлт улсад атомын бөмбөгтэй шумбагч хөлөг онгоц бүхий цэргийн тэнгисийн флот байгуулах хүсэлт тавив. Зөвлөлтийн Хятад дахь элчин сайд П.Юдин тэр үед хятадынталд “ Энэ асуудал маш их үнэ өртөгтэй шинэ асуудал. Харин Зөвлөлт улс танай улстай хамтарсан орчин үеийн цэргийн тэнгисийн флот байгуулж болно” гэсэн хариу өгчээ.  Хэдэн өдрийн дараа Мао Зэдун зөвлөлтийн Элчин сайдад “ Хятад улс өөрийн газар нутаг дээрээ зөвлөлтийн цэргийн баазыг тайван энхийн цагт байгуулахыг зөвшөөрөхгүй. Харин та нар бидэнд орчин үеийн тэнгисийн цэргийн флот байгуулахад туслалцаа үзүүлэх хэрэгтэй” гэв.Эцсийн эцэст энэ том асуудлыг Хрущев, Мао Зэдун хоёр л уулзалт хийж шийдэх болно гэж тохиров. Зөвлөлтийн удирдагч Никита Хрущев хүн төрөлхтөний тал хувь нь атомын дайны дараа үхэж үрэгдэнэ гэж хэлсэн Маотай уулзах уу, болих уу гэдгээ сайн шийдэж чадахгүй байв. 

Гэвч Никита Хрущев 1958 оны 7-р сарын 31- ний өдөр нууцаар Хятад улсад айлчлал хийхээр нисэж очсон юм. Тэр уулзалт бол нөгөө алдартай “усан бассейнд хийсэн хэлэлцээ” гэж нэрлэгддэг уулзалт юм. Хоёр өдрийн турш Мао, Хрущев хоёр усан бассейн дээр яриа хэлэлцээ хийсэн юм. 

Мао Хрущевт оросын үндэсний үзэл хятадын далайн эрэг орчим тархаж байгаагшүүмжлэв. Мао Хятад улс орчин үеийн тэнгисийн цэргийн флот байгуулж Номхон далайд үйл ажиллагаагаа явуулна, энэ ажиллагаанд Зөвлөлт улсыг хамтрахыг санал болгов. Харин Хрущев зөвлөлтийн шумбагч хөлгүүдийг Хятад улсын далайн эргээр байрлуулахыг санал болгоход Мао харин түүнд хятадын шумбагч хөлгүүдийг Баренцевын тэнгист байрлуулахыг санал болгов.

Никита Хрущев Маод “Танай улсад атомын бөмбөг чухал хэрэгцээтэй биш ээ. Учир нь танай улсыг Зөвлөлт Холбоот улс өөрийгөө хамгаалдаг шигээ хамгаална” гэв. Мао “ Бид өөрсдийгөө хамгаалах болно.Хэрэв та нар бидэнд цөмийн зэвсгээр туслахгүй бол цөмийн зэвсгийн технологио өгчих. Хэрэв өгөхгүй бол бид өөрсдийн хүчээр цөмийн зэвсгийн технологитой болж чадна”гэв.

Хрущев 8-р сарын 3-ны өдөр Зөвлөлт улс руугаа буцав. 8-р сарын 23-ны өдөр Мао Тайваний орчмын Куэмой арлыг буудахыг тушаав. Учир нь Мао энэ буудалтаараа АНУ-ыг өдөөж улмаар АНУ Зөвлөлт улсыг цөмийн дайнаар сүрдүүлэх болно. Тэгээд Зөвлөлт улс цөмийн зэвсгийн технологио яаралтай Хятад улсад өгнө  хэмээн тооцоолжээ.

Үнэхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Фостер үүний хариуд Хятадын эх газрыг хариу буудахаар сүрдүүлжээ. Байдал хурцадмал болмогц Зөвлөлт Холбоот улсын Гадаад Явдлын яамны сайд А.ГромыкоБээжинд яаралтай нисэн ирж Маотай уулзав. Мао Громыког тайвшруулж “ Хятад улс АНУ-ын атомын сүрдүүлгээсайхгүй. Хэрэв АНУ Хятадыг атомын бөмбөгөөр бөмбөгдвөл хятадын Засгийн газар Яньань ууланд очиж америкийн империализмтай тэмцэх болно. Хэрэв шаардлагатай бол бид социалист ертөнцийн нийслэлийг Номхон далайн төв дунд орших арал дээр босгох болно” гэв. Громыко Маогийн энэ үгэнд мэл гайхаж нутаг буцжээ.

1958 онд Жоу Эньлай “ Хятад улс 8 жиийн дотор өөрсдийн хүчээр цөмийн зэвсэгтэй болно” хэмээн мэдэгдэв. Удалгүй зөвлөлт хятадын харилцаа 1959 онд муудаж Хятадад атомын бөмбөг хийхэд нь тусалж байсан зөвлөлтийн 12 000 цөмийн мэргэжилтэн Зөвлөлт Холбоот улс руугаа буцжээ. Мөн тэр үед Зөвлөлт Холбоот улсад суралцаж байсан хятадын 6000 оюутан Хятад руугаа нутаг буцжээ. Зөвлөлтийн мэргэжилтнүүд нутаг буцсан ч гэсэн хятадууд атомын бөмбөг бүтээх ажлаа зогсоосонгүй, өөрсдийн хүчээр улам эрчимжүүлж шургуу зүтгэсээр байв. 

1964 оны 10-р сарын 16-ны өдөр Жоу Эньлай Маод “ Манай агуу их Хятад улс хятадын атомын бөмбөгийг амжилттай дэлбэллээ” хэмээн мэдэгджээ.

Өрнөдийн судлаачид ”Атомын бөмбөг бүтээхэд Хятад улс хорьдугаар зууны тавь, жараад онуудад нийтдээ 4 тэрбум 100.0 сая ам долларын зардал гаргажээ. Энэ их валютаар өдөр бүр 300 калори хүнсээрөлсгөлөнд нэрвэгдэж үхсэн хятадын 38 сая хүнийгхоёр жилийн турш хангах боломжтой байлаа. Маогийн атомын бөмбөг америкчуудын Японд хаясан хоёр атомын бөмбөгнөөс бараг 100 дахин олон хятад хүний амь насыг авч оджээ” хэмээн дүгнэлт гаргажээ. Тэр үед хятадын коммунистуудын цөмийн зэвсгийн төлөөх хийрхэл өлсгөлөнгөөр үхэж буй ард түмнээсээ ч илүү хүчтэй байв.

Эдүгээ Хятад улс тив алгасагч пуужинтай, цөмийн бөмбөг тээвэрлэгчнисэх онгоцтой, цөмийн зэвсэгтэй шумбагч хөлөгтэй орчин үеийн армитай улс болжээ. Хятадын тив алгасагч пуужин 12 000 км холын тусгалтай, шумбагч хөлөг нь 12 цөмийн хошуутай пуужин хөөргөх хүчин чадалтай болжээ.

АНУ-ын Пентагоны хамгийн сүүлийн үеийн мэдээлснээр” Эдүгээ Хятад улс шууд яаралтай хэрэглэхэд бэлэн байдалд байгаа цөмийн зэвсгийн 400 хошуутай, хэтдээ 2035 он гэхэд 1500 цөмийн хошуутай болох боломжтой “ гэсэн дүгнэлт хийжээ. 

Орчин үеийн Хятад улс цөмийн зэвсэггүй улсад цөмийн бөмбөг хэрэглэхгүй, аливаа улсад эхэлжцөмийн цохилт өгөхгүй гэсэн үүрэг хүлээж байна. Орчин үед Хятад улс цөмийн зэвсгээр бусад улсыг сүрдүүлж байсан явдал байхгүй.    Хятад улс цөмийн зэвсэгтэй болсон түүхийг товч ярихад ийм л байна.

                                                                                                                                                                                                                              2024.10.23 

                                                  Ашигласан материал:В.Тольц “Документы прошлого”

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)