Б.Жавхлан: Төсөвт тодотгол хийх хэмжээнд орлого тасраагүй
- 13 цаг 55 мин
- Улс төр
- 0
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 19 асуудал хэлэлцсэн. Хэлэлцэн, шийдвэрлэсэн зарим асуудлын талаар холбогдох сайд нар мэдээлэл хийж байна. Өнөөдрийн хэвлэлийн хуралд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Байгаль орчны сайд С.Одонтуяа, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа нар оролцлоо.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтжээ.
Сангийн сайд Б.Жавхлан: Сангийн яам Засгийн газрын хуралдаан дээр 2025 оны эхний хоёр сарын төсвийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг өглөө. 2025 оны хоёрдугаар сарын байдлаар төсвийн орлого, зарлага хэвийн явж байна. Эхний хоёр сар 4.2 их наяд төгрөгийн орлогоор биелсэн.
Манай нүүрсний үнэ нэлээд унаж байна. Энэ таатай зүйл биш. Эхний хоёр сарын гүйцэтгэлээс харахад төсөвт томоохон цочрол үүсэхээр нөхцөл үүсээгүй байна. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйл дээр төсөвт тодотгол хийх нөхцөлүүдийг тусгасан байдаг. Одоогоор ДНБ-ний гурван хувь буюу гурван их наядаар төсөв тасрах эрсдэл огт үүсээгүй байна.
Мөн эхний хоёр сарын байдлаар гол түүхий эдүүдийн биет хэмжээ хэвийн явж байгаа. 2025 оны эхний хоёр сард 10.5 сая тонн нүүрс экспортолно гэж тооцсон бол одоогоор 11.5 сая тонн нүүрс гаргасан байна.
254 мянган тонн зэсийн баяжмал гаргана гэж тооцсон бол одоогоор 281 мянган тонныг гаргачихаад байна. Зургаа дахин их алт экспортолсон байна. Алтан дээр гэхэд бидэнд маш их нөөц боломж байгаа. Алтны таатай байгаа үнийн өсөлтийг ашиглавал 700 гаруй сая ам.долларын нөөц бүрдүүлэх боломжтой.
Мөн өнөөдөр олон улсын худалдааны тарифууд өдөр өдрөөр нэмэгдэж байна. Тиймээс дотооддоо хариу арга хэмжээ авах шаардлага үүсэж байна. Тиймээс үнэ тарифыг нэмэгдүүлэх ямар ч шийдвэр гаргахгүй байх тогтоол гаргасан.
Сэтгэгдэл (0)