Б.Баярчимэг: “Эрүүл хүнс-эрүүл хүн” аянаар салбарын мэргэжилтнүүд нэг зорилготой болно
- 20 цаг 34 мин
- Эрүүл мэнд
- 0
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор хүнсний технологич, эрүүл ахуйч, Магнафлок ххк үүсгэн байгуулагч, Магна-өөд Эрүүл хүнс эрүүл хүн НҮТББ-ын хамтран үүсгэн байгууулагч Б.Баярчимэгийг урилаа.
“Бодлогын баримт бичгийг уялдаа холбоотой хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшилд дэмжлэг хэрэгтэй
-Мэргэжлээрээ ажиллах энэ хугацаанд нэлээдгүй ажил сольж, тэрийгээ өөрийнхөө хувь хүнтэй холбож боддог байлаа. Харин сүүлд “Оюу толгой” компанид хүнсний чанарын аудитор хийх үедээ хамтын гаргасан бодлогын бичиг баримтыг уялдаа холбоотой хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил хоёуланд нь дэмжлэг хэрэгтэй гэдгийг ойлгосон.
Бид суурь судалгаандаа сошиал хандалт, хүнсний чиглэлийн 5700 гаруй үйлдвэр, зоогийн газар, цэцэрлэг, сургуулийн хоолны үйлдвэрлэл гээд бүх төрлийн хоол бэлтгэх байгууллагуудыг хамрууллаа. Өмнө жил ШУТИС-ийн багш нартайгаа хамтран энэ салбарт тулгамдаж буй асуудлуудыг тодруулснаар энэ аяны үндэс тавигдсан. Оролцогч тал олон болохоор сайн болон сайжруулах зүйл их гарах болов уу. Тэр бүрийг зөвөөр хүлээн авч, олон хүнтэй хамтарч, санаа зорилгоо нэгтгэхийг хүсэж байна. Үр дүнгүй ажил хийхгүйн тулд нэг сэдвийг олон талаас нь хэлэлцэж, санал зөвлөмжөө яаманд хүргэнэ.
Иймд “Эрүүл хүнс-эрүүл хүн” хүнсний чанар аюулгүй байдлын нөлөөллийн аян эхлүүлж байгаа юм. Үүгээр салбараа буюу мэргэжлээ илүү олон хүнд таниулаад зогсохгүй 3-5 жилийн урт хугацааны төлөвлөгөөний дагуу олон талт ажлуудыг хэрэгжүүлэх зорилготой. Аяны нээлтээ энэ 14-нд болно.
Энэ аянд Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн бизнес инновацын газар гээд төрийн байгууллагаас гадна олон холбоо, дэмжигч байгууллага хамтарч байна. Хувийн олон байгууллага дундаас “АПУ”-г онцолмоор байна. Учир нь сүү, ус, ундаа бусад үйлдвэрлэлээрээ Азидаа тэргүүлээд эхэлсэн. ISO стандартууд хэрэгжихээс гадна нөлөөллийн хүрээнд олон байгууллагуудыг чадавхжуулж байгаа. Мөн олон улсын сүлжээ дэлгүүрээс “CU” бидний саналыг хүлээн авч өөрсдийн манлайллыг үзүүлж байна. Мэдээлэл солилцох үед энэ байгууллага нь нийгэм рүү чиглэсэн олон ажил хийдэг нь харагдсан. Үүний сацуу хэрэглэгчдэд мэдлэг олгоосой гэж хүсэж байгаа юм.
Сүлжээ дэлгүүрт зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүн тэр дундаа бэлтгэсэн хоол хүнс нь хэрэглэгч хүлээн авах хүртэл олон шат, дамжлагыг туулдаг. Мөн хоол нь хүнсний үйлдвэрлэлийн том дэмжигч. Иймд салбарынхан нь хоорондоо хамтарч, уялдаа холбоотойгоор хэсэгчилж хөгжсөнөөр дараагийн түвшинд хүрнэ гэсэн зорилготойгоор аянаа зохион байгуулж байна.
“Салбарын мэргэжилтнүүд цөөрч байна”
-Би төр болон хувийн байгууллагад илүү дэмжлэг хэрэгтэй гэж боддог. Энэ нь хувийн байгууллагуудад ямар хэрэгцээ, шаардлага тулгараад байгааг төрд ойлгуулах хэрэгтэй гэсэн утгатай юм. Мөн хоорондоо хамтарч ажилласнаар хөгжлийн гарц нээгдэнэ гэж хардаг. Монголд хөрсний бохирдол, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, хангамж, шим тэжээл гээд олон тулгамдаж байгаа асуудал байгаа ч тухайн салбар, нэгж бүр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна. Харин бид түүн дээр нь хурдацтай, дэмжлэгтэй хөгжихөд нөлөөлөх зорилготой. Гэтэл бас нөгөө талаар манай салбарын мэргэжилтнүүд цөөрч байна. Жишээлбэл, ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн сургуульд манай мэргэжлийн элсэлт 9-10 хүүхдийн дундажтай байгаа болохоор энэ салбарыг таниулах нь чухал. Мөн шинэ төгссөн залуу боловсон хүчнээ сургаж авах хэрэгтэй. Гэвч мэргэжилтэн нь захирлууддаа мэдлэг олгох, өөрөө чадавхжих, ажилчдаа сургах гээд олон үүрэг ажлыг байгууллагад ганцаараа гүйцэтгэдэг. Иймд нэгдсэн удирдлагаараа клуб, ТББ-тай хамтын уялдааг холбож өгөх нь зүйтэй гэж болов уу. Энэ аяныг зарласнаас хойш нэг хэсэг нь зөвлөгөө өгмөөр, нөгөө хэсэг нь авмаар байгаагаа илэрхийлж байгаа. Тиймээс энэ үйл ажиллагаагаар хоёр талыг уулзуулж, хамтарч ажиллах боломжийг олгоно. Энэ салбарын бизнес эрхлэгчдэд бизнесээ эрхлэхэд хялбар байх үүднээс зөв төлөвлөлт, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхийг зорьж байна.
Бидний үр үндэс бол хүүхэд. Тиймээс цаашид хүүхдийн хоол, шим тэжээл рүү чиглэж Пүрэвжав багшийнхаа хамт олон ажил хийхээр төлөвлөж байна. Эхлээд хүүхдийн хоолыг сайжруулчихвал эцэг, эх дагаад мэдлэг мэдээлэлтэй болно. Мөн Боловсролын яам хүүхдийн хоолон дээр систем хөгжүүлсэн байгаа. Бид өмнөхтэйгөө харьцуулахад сайжирч байгаа боловч тасралтгүй хөгжих хэрэгтэй. Ингэвэл олон улстай нэг хэлээр ярьдаг болно.
“Хэрэглэгчдийг мэдлэгээр хангах нь нь эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчны олон талт ач холбогдолтой”
-Эрүүл хүнс, хүнсний чанар аюулгүй байдал гэж юу вэ гээд олон талаас нь хэрэглэгчдийг мэдлэгээр хангах нь эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчны олон талт ач холбогдолтой. Хог хаялаа гэхэд түүнийг мал идээд тэр малын махыг бид нар эргээд идэх магадлалтай. Тиймээс энэ мэт эрсдэлүүд нь хүн бүрийн оролцоотойгоор хамтдаа сайжирна. Харин салбарын мэргэжилтнүүд цөөрч байгаад цалин хөлс бага буюу үнэлгээ муу зэрэг нь нөлөөлдөг. Миний туршлагаас харахад энэ мэргэжлийг хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйтай андуурдаг. Гэвч хоолны технологи, хүнсний чанар аюулгүй байдал, хоол зүйч нь тусдаа нарийн мэргэжил юм. Үүний зэрэгцээ мэргэжлийн бус хүмүүс энэ салбарт орж ирдэг. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн арга зүй эзэмшээгүй атлаа өөрийн жин хассан туршлагаар бусад хүмүүст тураах хүнс, хоол санал болгох нь зөв зүйл биш. Хоол нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг тул мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг зөвлөмөөр байна. Учир нь хүн бүрийн биеийн онцлог, суурь өвчлөл ялгаатай. Тиймээс таны биеийн олон талын шинжилгээ, мэдээлэл дээр үндэслэн зөв арга зүйг боловсруулна.
“Таван түлхүүр зарчмыг баримталснаар хоол хүнсээр дамжих өвчнөөс сэргийлнэ”
-Хувь хүн талаас гэвэл гэрийн эзэгтэйн сонголтоос гэр бүлийн эрүүл мэнд шалтгаалдаг. Цаашлаад бүтээгдэхүүнээ хадгалдаг сав, хадгалах горим, гарын ариун цэвэр гээд олон зүйл нөлөөтэй. Үүнд таван түлхүүр зарчим гэж бий. 2001 онд ДЭМБ-аас хоол хүнсээр дамжих өвчний гаралтыг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор боловсруулсан байдаг. Үүнийг бүх шатны үйл ажиллагаанд чанд баримталснаар хоол хүнсээр дамжих өвчнөөс бүрэн сэргийлэх боломжтой.
Өвчин үүсгэгч нян нь бохирдсон гар, хувцас, алчуур, сав суулга, багаж хэрэгсэл, ялангуяа тавиур модоор дамжин хүнсийг бохирдуулдаг. Үүнийг бид цар тахлын үед харьцангуй сайн суралцсан.
Дараа нь болгосон болон түүхий хүнсийг тусгаарлах орно. Төрөл бүрийн түүхий мах тэдгээрийн шүүсэнд агуулагддаг бичил биетнүүд нь хүнс бэлтгэх, хадгалах явцад бусад бүтээгдэхүүнийг бохирдуулдаг. Иймээс бусад болгосон хүнснээс тусгаарлах хэрэгтэй. Хүнс худалдан авахдаа шууд хэрэглэх бэлэн хоол хүнсийг түүхий хүнстэй холихгүй. Түүхий хүнсэнд хэрэглэх хутга, тавиур мод зэрэг багаж хэрэгсэл болгосон хүнснийхээс тусдаа байна. Үүнд таван өнгөний кодчиллыг хэрэгжүүлэх нь үр дүнтэй. Сүүлийн үед автомат аяга угаагч нь халдвар өвчин үүсэхээс сайн хамгаалж байна. Харин эргүүлээд түүнийгээ ариутгахгүй бол халдвар дамжих эрсдэлтэй. Эсвэл аяга угаагч шингэнээ гадаргууд үлддэггүй найрлагатайг сонгох нь чухал. Үүгээр зогсохгүй хувин савны материал нь өөрсдийн кодчилолтой. Зэвэрдэг, зэвэрдэггүй ган. Хүнсэнд хүрэлцдэг, хүрэлцдэггүй гадаргуу гэж бий. Мөн нэг удааны хуванцар саванд айраг, сүү хийх нь эргээд биднийг хордуулах эрсдэлтэй. Тиймээс дагалдах бичиг баримтыг нь харж, сонголтоо хийх нь чухал. Мөн хоол хүнсийг сайтар чанаж болгосноор ихэнх аюултай бичил биетүүд устдаг.
Үүнээс гадна хоол хүнсийг зохих температурт хадгалбал зохистой ба хөргүүрийн эсвэл хөлдөөгчийн температурт байлгахыг зөвлөдөг. Учир нь тасалгааны буюу 18-23 градуст нян үржих магадлал өндөр. Гэхдээ боловсруулалтын технологиос хамаарна. Хүнсийг хөргөгчид хэт удаан хадгалаад хэрэггүй. Хөлдөөсөн хоол хүнсийг тасалгааны хэмд гэсгээж болохгүй, харин богино долгионы зууханд, хөргөгчийн хөргүүрийн хэсэгт, эсвэл хүйтэн усанд барьж гэсгээнэ. Хамгийн сүүлийнх нь ундны ус юм. Усны асуудал Монгол Улсад харьцангуй бага ч улирал, хөрсний бохирдол, дамжуулах хоолойноос шалтгаалж өөрчлөлт ордог тул үйлдвэр, байгууллагууд гурван сар тутамдаа лабораториор баталгаажуулж, шинжлүүлдэг. Харин ахуйн орчныг орон нутаг, СӨХ хариуцдаг.
Энэ удаагийн үйл ажиллагаагаар “Эрүүл хүнс-эрүүл хүн” нэрийн доор эрүүл гэдэг ойлголтыг юугаар хэмжих юм бэ гэдгийг хүргэнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)