Ц.Ягаанцэцэг: Хүн-байгаль дэлхийтэйгээ шүтэлцээтэйг илэрхийлэхийг зорьсон

Байгаль дэлхий цагаан дээлээ тайлж өнгө будгаар гоёх цаг ирлээ. Энэ үед хүмүүний сэтгэлд хөг нэмэх зорилгоор зураач Ц.ЯГААНЦЭЦЭГ “Гэгээ” тав дахь үзэсгэлэнгээ “Улаан гэр” галерейд гаргахад бэлэн болжээ. Түүнээс уран бүтээлийнх нь талаар тодрууллаа.

-Цаг улирлаасаа шалтгаалан бүтээл бүр өөрийн гэсэн утга хүүрнэлтэй. Энэ удаагийн үзэсгэлэнгээрээ та хүмүүст ямар зүйл хэлэхийг зорьсон бэ?

-Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад оюуны их чадамжтай болж, материаллаг баялгийг чухалчлахаа болино. Тэр үед хүн байгаль дэлхийтэйгээ ямар нарийн шүтэлцээтэй болохоо ойлгох цаг ирэхийг бүтээлээрээ илэрхийлэхийг зорилоо. Багаасаа зураг зурах дуртай байсан нь намайг зураач болох замд хөтөлсөн. “Гэгээ” миний тав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн юм. Миний үндсэн мэргэжил загвар зохион бүтээгч. Энэ мэргэжлээрээ Монголд ажиллаж байхдаа Турк улсад болсон олон улсын үзэсгэлэнд оролцож “Мөнгөн баавгай” шагналын эзэн болсон. Ер нь би бүтээл туурвих авьяас хүнд байгалиас заяадаг гэдэгт итгэдэг юм.

-Зурж буй агшин, мэдрэмжээс хамааран уран бүтээлчид онцгой санагддаг зураг гэж бий. Та үзэсгэлэнгийн танхимын хоймортоо ямар бүтээлээ өлгөх вэ?

-Бүтээл болгоноо шинээр мэндэлж буй хүүхэд шиг санадаг учир аль нэгийг нь онцолдоггүй. Тэгээд ч уран бүтээлч бүрт ямар нэг зүйл дутаад байгаа мэт мэдрэмж төрдөг байх. Учир нь, хүн бүр төгс төгөлдөр болохын төлөө тэмүүлдэг шүү дээ.

-Таны бүтээлд тод өнгө давамгайлдаг юм шиг санагдлаа. Энэ таны онцлог уу, эсвэл тухайн агшинд төрсөн мэдрэмж үү?

-Тухайн цаг үед төрж буй мэдрэмж, газар нутгийн энерги уран бүтээлд их нөлөөлдөг. Миний Европт байхдаа зурсан бүтээлүүдэд хөх саарал өнгө давамгайлж байсан. Монгол минь үнэхээр их энергитэй орон. Нүд баясгам өнгөлөг мэдрэмж төрүүлдэг эх орноороо би бахархдаг.

-Бүтээлийн сэдэв хязгааргүй арвин. Та энэ их далайгаас ямар сэдвийг онцлон уран бүтээл туурвиж байна вэ?

-Оюун санаа, байгаль орчин миний гол сэдэв. Эдгээрийг орчин үеийн чиглэлийг баримталж, уран бүтээлдээ тусгадаг. Урлаг бодит ертөнцөөс холдох тусам хүмүүсийг илүү татдаг гэж би боддог юм. Учир нь, хүмүүс тааварлашгүй зүйлийг илүү сонирхдог.

-Та Европт үзэсгэлэн гаргасан уу. Барууныхан болон ази хүний уран бүтээлд хандах хандлага юугаараа ялгаатай вэ?

-Европт үзэсгэлэн гаргаж байгаагүй. Тэнд 10-аад жил сурч, ажиллахдаа уран бүтээлд хандах хандлага ямар ялгаатайг ойлгосон. Европ хүмүүс дүрслэлийг илүү томоор хардаг. Ази хүн багахан зүйлээр нарийн дүрслэл гаргаж бүтээлээ туурвидаг шиг санагдсан. Гэхдээ энэ зөвхөн миний бодол шүү. Мэдээж тухайн бүтээл ямар урсгалд хамаарч байгаагаас ихээхэн зүйл шалтгаалдаг байх.

Б.СИЙЛЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)