Аялал, жуулчлалаар амьсгалсан Манжуурын толгод

 Хөвөн цагаан мананд үзэсгэлэн төгөлдөр долгиотож, Манжуурын толгод хэлхэлдэнэ. Толгодыг дамнан аялал жуулчлалын сунагар автобусууд уралдан хажуугаар нь өнгө өнгийн жижиг тэрэг цох хорхой мэт сүлжин давхилдах нь Манжуурыг зорьсон их аяны хөдлөл болой. Эдний дунд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын 14З дугаар үүрийн ахмад голдуу гишүүд элдвийг хуучлан нүд хужирлан явлаа. “Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз” гэдгээр тус үүрийн залуу дарга Ш.Батсайхан, Монгол аяллын хамтын санаачилгаар ийнхүү намбайж яваа нь энэ. Бидний 60-аад хүн Манжуур хот, 4-5 одтой зочид буудал, эрт галавын арслан зааны дүрс мэтийг чихээ элтэл сонссон болохоос үзсэн нь үгүй. Ухаант монголчуудын “Мянга сонсохоор нэг үз” гэдэг үг санаанд бууна. Энэхүү зочид буудлууд нь өндөр барилгуудын орой дээгүүр тэнгэр хатгаж харагдах тул тэнэж төөрөх явдалгүй. Хаяанаас нь үйлчилгээний цэгүүд үргэлжилнэ. Хамгийн сонирхолтой нь бүх үйлчилгээний газрууд орос, монгол, нанхиад хэлээр хаягласан нь бүр ч ойлгомжтой. Хөтчийн ярьснаар тус хотод 500 мянган хүн амьдардаг гэнэ.

Хүн зон нь жуулчидтай харилцаж сурсан бололтой. Такси мэт үйлчилгээний хүмүүс оросоор давгүй ярьчихна. Энэ нь том орны хаялга биз ээ. Манжуурын наймаачид жинхэнэ зах зээлийн жаягаар арилжаа явуулахыг эрмэлзэнэ. Энэ нь эдийн засгийн цагаан толгой болох өрсөлдөөн, эргэлтийг илүүд анхааран, өөрсдийн 20-30 хувийн ашгаа алдахгүйн тулд үнийн бага зэрэг бууралтыг үл ойшоон авбал ав л гэж байна. Эрээний наймаачид шиг толгой сэгсрээд байхгүй, Ээ дээ! Уншигчид минь шөнийн Манжуурыг үзэж сонирхохоо мартав. Юун Токио, хошуу хойгийн Солонгос. Орчин цагийн донж (дизайн)-той нүдэнд уран тусгал бүхий Манжуур хот, шөнө тэр аяараа солонгорон гэрэлтэнэ. Оросын тоглоомын хаан Матрушка тэнгэр баганадан, газрыг дэлхэн өнгө ялгаран харагдана. Шил толиор бүтсэн энэ аварга бүтээл дэлхийд ховорт орох биз ээ. Хутагт Василын сүм ч эрээн мяраанаар өнгө ялгаран харагдах нь бүр ч сонин. Оросууд одоохондоо ийм болгоогүй л байгаа. Нанхиадууд Манжуур хотыг аялал жуулчлалын хот болгох гэж сүүлийн хэдэн жил их зүйл хийжээ. Удахгүй тус хот гурван сая хүнтэй болох аж. Зургаа орчим давхар орон сууцны барилгуудыг хотыг хөндлөн гулд эгнүүлэн барьж байгаа нь ирээдүйн оршин суугчдын өргөө гэнэ. Томоохон толгодын овоонд,элдэв эрээн алаг хувцастай хүмүүс хэлхэлдэн, уншлага шившлэг үйлдэн, дуу хуур бүжиг наадам хийж байгаа нь нутгийн аялагчид байв. Үйлдэж буй зан үйл, хувцас сэлтийг ажиглахад хамниган Буриадууд бололтой.

Манай Завханыхан ч хотоор аялж явав. Аяны замыг огшоон толгодын дундуур давхихад, ар өвөрт нь цэвэрхэн барьсан туйпуун байшин ганц нэг гэр, хонин сүрэг бэлчин хол саахалтын зайд бишгүй таарна. Эд бол бидний нэгэн садан баян барга нутгийнхан болой. Дээр үед 13000 хүртэл хоньтой айл бишгүй байв. Одоо нэлээд цөөрсөн бололтой. Гадна нь зурагтын өндөр антейн намилзан, жижиг тэрэг, зарим нь худагтай, дутах юмгүй харагдана. Монгол гэр барьсан нь алсаас юмс үзэгдлийг харж шинжих, чагнаж мэдэх давуугаараа бариатай байгаа нь тэр биз ээ. Байшингаа дэн буудалд ашиглан орлогын эх үүсвэр болгодгийг хэн мэдэх билээ. Өвсийг томоохон торхны хэмжээгээр хуйлж ачсан том оврын машинууд алхам тутам зөрөлдөнө. Энэ нь өвсийг тармах, бухалдах, нуруулдах, шахаж хайрцаглах олон ажлыг хэмнэсэн төвөг багатай ачаа мэт санагдпаа. “Амьд яваа хүн алтан аяганаас ус ууна” гэдгээр Ардын намын үүрийн санаачилга, “Монгол аялал”-ын хамт олны хичээл зүтгэлд талархан баясч явав. Толгодыг дамнан аяллын зам хөвөлзөх бүр, холын Австрийн хөгжмийн суут зохиолч Иоган Штраусын 1905 оны Манжуурын толгод вальсын уянгалаг аяс сэтгэлд буун бүүвэйлэгдэж тэр агуу бүтээлийн гайхамшгийг биширч явлаа. Д.ДЭМБЭРЭЛ /Сонгинохайрхан дүүрэг XXIX хорооны ахмад/ манай наймаачид шиг хоёр нугална, үнэ өсгөн, барааныхаа яс чанарыг алдуулахгүй. Нэгийгээ ханш унагав гэж өрсөлдөөнийг чөдөрлөхгүй, зөвхөн эргэлт (гүйлгээ) бодож наймаа хийнэ. Энэ наймаа нь хэн хэндээ ашигтай давуу тал юм. Манай охид, хүүхнүүдийн шохоорхдог булган шубыг эндхээс 400000- 500000 төгрөгийн татуу авах боломжтой аж.

Д.ДЭМБЭРЭЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)