Ч.Отгочулуу: ЗХУ-ыг дахин амилуулах зорилготой Евразийн эдийн засгийн холбоонд нь элсчих юм бол татваргүй болгоно гэж амлаж л байна билээ
- 2024-09-10
- Нийгэм
- 0
Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.
-ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин сая манай улсад айлчилсан. Түүний айлчлал эдийн засгийн агуулгаараа ямар үр дүнтэй болов?
-Монголын эдийн засгийг боомилж буй хамгийн том саад бэрхшээл бол бензин дизель цахилгаан эрчим хүчний хувьд ОХУ-аас бүрэн ба хагас хараат байгаа байдал юм. Өнгөрсөн 30 жилийн хамгийн том алдаа завхрал бол энэ гинжнээсээ мултрахын оронд улам бүр чангалуулж ирсэнд байгаа. Энэ гунигт байдалтайгаа эвлэрсэн, дэлхийд зарласан ийм л үр дүнтэй айлчлал боллоо. Цахилгаан станцын өргөтгөлийн хувьд ОХУ нь өөрөө Герман ба Францын үйлдвэрүүдээс асар хараат. Тэдгээр улсууд нь санкц тавьчихсан байгаа. Эдгээр бодит байдлыг харгалзан үзэх юм бол эдийн засгийн хувьд агуулга, ач холбогдол багатай айлчлал боллоо.
-Хоёр улсын эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ач холбогдолтой айлчлал боллоо гэж талууд онцолж байсан шүү дээ. Үнэн хэрэгтээ Монгол Оросын гадаад худалдааны тэнцэл дандаа айлын талд ашигтай байж ирсэн. Энэ айлчлалын үр дүнд гадаад худалдааны тэнцлийн алдагдал арилах уу?
-В.Путины айлчлал Монгол Оросын эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг тэлэхэд ач холбогдолтой боллоо гэж байгаа нь манж үг. Ер нь гадаад худалдааны тэнцлийн алдагдал арилахгүй. За тэгээд хийнэ гэж ярьсан юмнууд дотор шинэ юм бараг алга. Өнөөх л Эгийн гол, тарифын хөнгөлөлт, худалдааны шударга бус тэнцэл. Сүүлийн 30 жилд л ингэж ярьсан. Энх цагт биелээгүй ажлууд дайны цагт биелнэ гэдэг юу л бол.
-Монголоос Орос руу гарч байгаа бараанд асар өндөр татвар оногдуулдаг. Манай бараа үнэтэй болохоор зарагддаггүй. В.Путины айлчлалаар энэ тал дээр ямар шийдэл гарав?
-Хэрэв ЗХУ-ыг дахин амилуулах зорилготой Евразийн эдийн засгийн холбоонд нь элсчих юм бол татваргүй болгоно гэж амлаж л байна билээ. Европын холбоог эсэргүүцэх зорилготой улс төрийн зорилго бүхий эвсэл бол манай аюулгүй байдлын үзэл баримтлалтай харшлах болно.
-Ямартай ч ойрын жилдээ шатахуунаар тасалдуулахгүй гэдгээ баталгаажуулчихав уу?
-Бензин, тогоор таслахгүй л гэнэ. Гэхдээ бодит боломж ямар байна вэ. Энүүхэн Халимагийн их талын цаана орших нэг том нефть бааз бөмбөгдүүлээд утаа нь замхарч амжаагүй байхад Москва болон бусад хотуудтай ойролцоо үйлдвэрүүд нь дрондуулчихлаа. Цаашид хэд нь ийм байдлаар жагсаалаас гарахыг хэн ч мэдэхгүй.
-“ДЦС-3”-ын өргөтгөл шинэчлэлийн зураг төслийг боловсруулах төсөлд хоёр улсын Төрийн тэргүүн гарын үсэг зурсан. Үр шимээ хэзээнээс өгөх бол?
-Монгол Улс хууль журамтай. Тэр дагуу эхэлж техник эдийн засгийн үндэслэлийг төрийн байгууллага хүлээж авч баталгаажуулах учиртай. Тэгж байж зураг төсөл хийгдэнэ. Гэтэл ТЭЗҮ байхгүй үед шууд алгасаад хүчилж байгаа нь мордохын хазгай болгох вий.
-В.Путин мэдэгдэлдээ “Зөвлөлт Монгол” гэдэг үгийг давтаж байсан. Тухайн үед ЗХУ байсан. Тэр үеийн удирдлагууд украин голдуу хүмүүс байсан гэж судлаачид ярих юм билээ. Улс төрийн байр сууринаас нь та яаж харж байна вэ?
-Зөвлөлт холбоот улс Дэлхийн II дайнд ялсан. Дайны хүнд үед Украины ард түмэн оросуудаас дутахгүй зовж, ачааны хүндийг үүрсэн байдаг. БНМАУ-д элэгтэй хандаж ирсэн удирдагчид нь ч тэр украин үндэстнүүд байсан. Ар Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулахад Майский гэх зэрэг еврейчүүд ч асар их үүрэг гүйцэтгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Зөвлөлт бол зөвхөн Орос биш л дээ
-Хүнд хэцүү цагт манай хоёр улс бие биедээ тусалж ирсэн талаар В.Путины хэлсэн үгэнд бий. Цаад нюанс нь одоо дайнтай байгаа энэ цагт монголчуудыг мал, махаар хангаарай гэсэн далд санаа яваад байна уу. Учир эх орны дайны үед Монгол Улс нь Зөвлөлтийн цэргүүдэд зориулж хоёр сая гаруй толгой адуу нийлүүлж тусалсан талаар дурдаж байсан шүү дээ?
-Манайхаас мах авах гэж байгаа болов уу. Хэрэв тэр нь цэрэг армийн хангалтын зорилгоор ашиглагдах юм бол бид жинхэнэ утгаараа түрэмгий дайныг дэмжсэн гэж хоригт орно. Дэлхийн II дайнд Зөвлөлт нь хамгаалах шинжтэй байсан. Одоогийн Орос бол эзлэн түрэмгийлэх дайн хийж байна.
-Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахаар тохиролцсон гэж албан мэдээнд онцолжээ. Энэ холбоонд орсноор бидэнд ямар ашигтай юм бэ. Үнэхээр худалдааны тэнцлийн алдагдал нь арилчих юм шиг мэдээлээд байх юм?
-Чадахгүй. ОХУ нь бензин, дизелийн экспортдоо хориг тавьсан. Гэхдээ энэ холбооны гишүүд, холбоотой түр гэрээ байгуулсан улсуудаа энэ хоригоос чөлөөлж байгаа. Дахиад хэлэхэд гэхдээ, Оросын үйлдвэрүүд өөрсдөө асар хүнд байдалд байна. Дотоод ложистик, түүхий эдийн хангалтын систем нь доголдоод эхэлсэн. Эдийн засгийн бодит байдал нь улс төр-геополитикийн амбицтай нь зөрчилдөж байна.
-В.Путины даргалдаг Евразийн эдийн засгийн холбоонд хичнээн улс байдаг юм бэ. Эндээс гарч, орж байгаа улсууд юу байна?
-Анх Казахстан, Орос, Беларусь гурав нийлж үүсгэн байгуулж. Хожим Армян, Киргизстан хоёр нэгдэж. Гэхдээ нэгдсэн байр суурь байхгүй л болов уу даа. Барууны хоригийг тойрч гарах нэг суваг болж байж болох юм. Анх энэ холбоог байгуулах санаачилгыг гаргаж байсан Нурсултан Назарбаев одоо эрх мэдэлгүй болсон. Казакстанд үндэсний үзэл сэргэж, Оросын эсрэг үзэл идэвхжиж байгаа. Баруун хөрш маань Турк, Хятад, Европтой хамтран ажиллах асар их сонирхолтой. Тийм учир одоо энэ холбоондоо анхны шигээ ач холбогдол өгөх нь юу л бол.
-Монголын ураны төслийг эсэргүүцэж, Евразийн холбоонд манайхыг элсүүлэхээр шахаж оросууд шатахууны цоргоо нарийсгалаа гэх мэдээлэл нэг хэсэг явсан. Энэ хэр үнэний ортой вэ?
-Оросын хувьд Монголыг өөрийнхөө нөлөөний бүс, колони, дуулгавартай дүү гэж харж явдаг. Энэ дүрээсээ өөр дүр тоглох юм бол ахын ёсоор хашраах албан ёсны эрхтэй гэж өөрсдийгөө үздэг. Үүнийгээ ч нуудаггүй. Дээр нь их хартай. Одоо тэгээд яах вэ дээ. Бидний байгаа царай, байдал ч тэр ийм байдалдаа ихэд дасжээ. Дэлхий дээр ах дүүгийн харилцаатай гэмээр улс орнууд бий. Хүний “ах” нар дүүгээ сайн яваасай гэж хүсдэг. Манай ах болохоор зодуурт нь дасгана аа л гээд үзээд байх юм даа.
-Олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг онцгойлон анхаарч, “Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг байгууллаа гэж байна. Энэ яг юу гэсэн үг юм бэ. Эгийн голын УЦС-ын төсөл хөдлөх нь үү. Сэлэнгэ мөрний ай савыг хамгаална гэхээр хүн, мал ойртуулахгүй хяналтандаа авна гэсэн үг үү?
-Энэ асуудлыг хариуцсан дарга, сайд нар ярих ёстой болов уу. Миний хувьд эдийн засагчийнхаа байр сууриа илэрхийлэхэд Монгол цахилгаан үйлдвэрлэх өртөг асар өндөр байна. Нэгжийн өртөг нь 10 жилийн өмнө 11 цент байсан. Одоо бүр ч өсөө биз. Гэтэл усан цахилгаан станцын хувьд нэгжийн өртөг нь гурван цент байх боломжтой. Оросууд асар их усан цахилгаан станцтай. Тийм учир тэд цахилгаан их хэрэглэдэг боловсруулах үйлдвэр ихтэй. Монголд боломж бий. Гэвч дүү нь дарвалзаад ахтайгаа зиндаархаад байж болохгүй биз дээ.
Үнэн хэрэгтээ оросууд олон жил байгаль орчны үнэлгээ хийх комисс байгуулна гэж шахаж ирсэн. Сая энэ зорилгодоо хүрэх шиг боллоо. Монголын талын хувьд ухралт боллоо гэж харж байна.
-Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай протокол байгууллаа. Монгол, Оросын 50:50 хувь өөрчлөгдөх үү. Ер нь төмөр замын салбарт хөрөнгө оруулахаар энэ хувь саад болдог гэдэг шүү дээ. Цаашид ямар байдлаар авч явах ёстой вэ?
-Ер нь хувьчлах хэрэгтэй. Эсвэл монголчууд 70 хувиа авах хэрэгтэй. Бүр болохгүй бол зэрэгцүүлээд өөрсдийн өмчийн замаа тавих ёстой. Тусгаар улс мөн л юм бол. Олон жилийн өмнө америкууд хос, цахилгаан төмөр замтай болгоод өгнө гэсэн. Оросууд тас эсэргүүцээд долоон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ л гэсэн. Тэр амлалт ажил хэрэг болоогүй шүү.
-В.Путины энэ удаагийн айлчлалд судлаачид янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа харагдсан. Дэлхий даяар хоригт орсон орны төрийн тэргүүнийг урьж авчирсан явдал олон улсын тавцанд манай нэр хүндийг унагах эрсдэлтэй юу. Бид эдийн засгийн хоригт орчихгүй биз дээ?
-Монгол Улс угаасаа л эдийн засгийн хоригт байгаа шүү дээ. Оросоос манайд тавьдаг өндөр тариф бол дайн хийгээд хоригт орсон улсуудад тавьдаг тарифаас ч өндөр байдаг юм. XXIзуунд дэлхийн соёлт хэсэг нь дүрэмд суурилсан олон улсын харилцааны дэглэм тогтоох гэж үзэж байна. Хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхдэг XX зууны харгис дэглэмийг халах гэж үзэж байна. Орчин үеийн дэг журам уг нь монголчууд бидний уламжлалт үзэлтэй их ойр. Хүний олон хүнээ барихгүй ээ гэж. Гэтэл бид хөрш орноо эзлэн түрэмгийлж буй улсын тэргүүнийг хүндэтгэн хүлээн авлаа. Гэрээ конвенцио ч зөрчих шиг боллоо. Украинд гэмгүй хүүхдүүд бөмбөгдүүлж байна. Ядаж тэдний төлөө сүржин, гялтгар, херо-стайлын видео шторк хийж дэлхийд цацах хэрэггүй байв. Тэрнийг үзсэн нэг жиргээч арга ядаад “Би монгол хүн байгаадаа ичиж байна” гэж бичсэн байна лээ. Европын холбооны зүгээс хориг ирж магадгүй. Тэнд сурч, ажиллаж, амьдрах хүсэлтэй олон залуусын хувьд виз нь хүндрэх магадлал их болчихлоо гэж харж байна. ОХУ, Монгол Улс хоёр бол сайн хөрш.Бидэнд улс төрийн, хилийн, дипломат бодлогын зөрчил, үл ойлголцол байхгүй. Эдийн засгийн хувьд асуудал бий. Гэхдээ тэдгээрийг салбарын сайд нарын төвшинд ярилцаад шийдээд ирдэг. Заавал Ерөнхийлөгчийн түвшний улс төрийн шинжтэй айлчлалдаа хүрэх асуудлууд биш. Ер нь тэгээд дэлхий II дайнд Зөвлөлт ганцаараа ялаагүй. Америк ч тэр, Монгол ч тэр бүхий л улсууд чадлынхаа хэрээр тусалсан. Одоогийн Орос-Украины дайн бол утга агуулгаараа огт өөр. Ийм түрэмгий дайныг хүлээн зөвшөөрсөн мэт харагдах нь манай Үндсэн хуульд заасан энхийг эрхэмлэх гадаад бодлого баримтална гэсэн суурь зарчмыг зөрчсөн гэж харагдаад байна.
М.Мөнхцэцэг
Сэтгэгдэл (0)