Ираны баллистик пуужинг Орост нийлүүлсэн тухай мэдээллийг нягталж байна гэв

БРЮССЕЛЬ, 2024 оны есдүгээр сарын 10 /DW/. “Иран улсаас Орост баллистик пуужин нийлүүлсэн тухай холбоотнуудын өгсөн найдвартай мэдээлэл” Европын Холбоонд /ЕХ/ бий гэж тус холбооны гадаад бодлогын албаны төлөөлөгч Питер Стано өчигдөр мэдэгджээ.

 

Тэрбээр мэдэгдэхдээ, “Бид ЕХ-ны гишүүн орнуудтай хамтран энэ мэдээллийг нягтлан судалж байгаа, хэрэв мэдээлэл батлагдвал энэ нь Украины эсрэг өдүүлсэн ОХУ-ын хууль бус дайныг Ираны тал дэмжиж байгааг харуулна" гэж цохон тэмдэглэсэн байна.

 

"ЕХ-ны удирдагчид маш тодорхой, нэгдмэл байр суурь баримталж байгааг гадаад бодлогын албаны төлөөлөгч дурдаад, “Европын Холбоо олон улсын түншүүдтэйгээ хамт Ираны эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах болно" гэж анхааруулав.тХарин Ираны Гадаад хэргийн яам дээрх мэдээллийг няцаасан байна. “Иран улс дайнд оролцогч талуудын аль нэгэнд зэвсэг экспортолсон гэх мэдээллийг бид эрс няцааж байна” гэж тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Насер Канани долоо хоног тутмын хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 

 

ОХУ-д ойрын зайн тусгалтай баллистик пуужин нийлүүлсэн байж магадгүй талаар АНУ холбоотнууддаа мэдэгдсэн гэж АР агентлаг мэдээлжээ. Мөн “The Wall Street Journal” сонин болон “CNN” суваг тагнуулын байгууллага дахь эх сурвалжийг эш татан мэдээлсэн байна.

 

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Шон Саветт хэлэхдээ "Иран улсаас ОХУ-д баллистик пуужинг нийлүүлэх нь Украины эсрэг Оросын цэргийн түрэмгийллийг дэмжиж байгааг илэрхийлнэ" гэжээ.

 

“Ийм түншлэл нь Европын аюулгүй байдалд аюул учруулж байгаагийн сацуу нөхцөл байдлыг тогтворгүй болгоход чиглэсэн Ираны нөлөө Ойрх Дорнод төдийгүй дэлхий даяар хэрхэн тархаж байгааг харуулж байна” гэж тэрбээр тэмдэглэжээ.

 

Харин Украины Гадаад хэргийн яам энэ алхмыг Украин-Ираны харилцаанд "сөрөг үр дагавартай" гэж мэдэгдсэн байна. Орост баллистик пуужин нийлүүлсэн нь Иранд нэмэлт хориг арга хэмжээ авахад хүргэж болзошгүй, гэхдээ тус улсаас Москвад нисгэгчгүй онгоц нийлүүлсэнтэй холбогдуулан хэдийнэ аваад буй хэд хэдэн арга хэмжээг тооцож үзвээс нэмэлт хориг үр дүнтэй эсэх нь тодорхойгүй байна гэж “Bloomberg” агентлаг мэдээлжээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)