Засгийн газар: “ОРАНО”-гийн зуучлагч компани 4.8 сая еврогоор торгуулсан нь үнэн

Засгийн газрын хуралдаанаар макро эдийн засгийн нөхцөл байдал, хилийн боомтуудын нөхцөл байдал, бүтээн байгуулалтын ажлыг явцыг хэлэлцсэн. Мөн 14 мега төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Гашуудлын үеийн дэгийн тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг  асуудлыг хэлэлцсэн. Үүнээс зарим зүйлийг онцлон хүргэж байна.

 

ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: МОНГОЛД БИЗНЕС ЭРХЛЭХЭД ТААТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ

 

"Монголын төмөр зам" ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийг нэгтгэснээрээ чиг үүргийн давхардлыг бууруулж, орон тоог 30 хувь хүртэл цомхотгоно. Цаашдаа ийм бодитой тооцооллыг хийнэ. Сая "Эрчист Монгол" дээр уул уурхайн бус компаниудыг нэгтгэснээр одоо ТУЗ байгуулагдаж, олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалтыг хийгээд эхлэхээр цалин дээр гэхэд 11 тэрбум төгрөг хэмнэнэ. Цаашдаа тодорхой хэмнэлтийг тоогоор харуулж, танилцуулна. Цалин хөлс, урамшууллын тогтолцоог бид Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулиар 74 мэдээлэл ил болно. Энэ хүрээнд цалин хөлс нь ил болно. Дээрээс нь Баялгийн санд 270 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлээд байгаа компанийн захирлын цалин, гурван жил алдагдалтай ажилласан компанийн захиралтай адил цалин авч байна. Урамшуулал ашигт ажиллагаанд суурилна. Тэр нь олон нийтэд ил байна. Компаниуд жил бүр алдагдлаа бууруулж, хэмнэлт хийж байх ёстой. Сайн жишигт тулгуурласан бизнес нөхөрлөлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Зөвшөөрөл нэртэй бичиг баримтуудыг цуцлах арга хэмжээг долоо хоног бүр шийдвэрлэнэ. Нийт 360 зөвшөөрөл батлагдсан боловч хууль нэмж баталсантай холбоотойгоор 400 гаруй болж нэмэгдсэн. Зарим бизнесийн үйл ажиллагааг зөвхөн мэдэгдэж, үйл ажиллагаа явуулдаг болно. Монголд бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлнэ.

 

УРАНЫ ЛИЦЕНЗИЙГ ТУХАЙН ҮЕИЙН УУЛ УУРХАЙН ДЭД САЙД, АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА ХОЁР ОЛГОСОН

 

ЗХГХЭГ-ын дарга Н.Учрал мөн "Орано Майнинг" группийн хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгийг ахалж ажилласан.  Дэд таван ажлын хэсэг дээр таван сайд ажилласан. Би өнгөрсөн цаг хугацааны бүх түүх, архивын баримттай танилцсан. Энэ төсөл 28 жил болсон. Алдагдсан боломжийг ярьвал асар том тоо яригдана. Хэрвээ 10 жилийн өмнө энэ төсөл хэрэгжсэн бол бид 2.5 тэрбум ам.доллар олох байсан. Өнгөрсөн 2013-2017 оны үйл явц юм билээ. Энэ мэдээлэл хаанаас ирсэн бэ гэхээр Энержи ньюс, Францын маш олон сайтаар нээлттэй байсан мэдээлэл. Монгол Улсын хэвлэл мэдээллээр 2018 оноос энэ талаар мэдээлж байсан. Энэ нууц биш. Тухайн компани 2013-2017 онд үйл ажиллагаагаа явуулахдаа зуучлагч компаниар дамжуулан гүйлгээ хийж, ашиглалтын гурван тусгай зөвшөөрлийг авахад Монголын төрийн албан тушаалтнуудад нөлөөлсөн гэдэг асуудлаар Францын прокурорын байгууллага шалгасан юм билээ. Түүний дараа 2019 онд Монголын АТГ-руу Францын Санхүүгийн прокурорын газраас хамтран ажиллах хүсэлтээ ирүүлсэн. Тэгээд хэргийг шалгасаар байгаад 2024 оны арванхоёрдугаар сард Францын Санхүүгийн прокурор дээрх хэрэг нь CJIP олон улсад Парисын гэрээгээр баталгаажуулдаг хэлбэрээр тухайн компанид торгууль ногдуулдаг. Тэр компанид ажиллаж байсан хоёр хүн нь Монгол Улсын төрийн албан тушаалтнуудад авлига өгч, лиценз авсан байж болзошгүй гэх 4.8 сая еврогоор торгож, хэргийг хаасан. Харин би үүнтэй холбогдуулан ажлын хэсгийн ахлагчийн хувиар АТГ болон Улсын ерөнхий прокурор руу энэ талаарх нээлттэй мэдээлэл өгөх хүсэлтийг явуулсан. Бусад хаалттай мэдээллийг нь мэдэхгүй. Гэхдээ энэ хэрэг бол ил тод асуудал. Тухайн үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан хүн болон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүн хамтран гурван тусгай зөвшөөрлийг олгосон гэдэг. Үүнд нь "Евро трейд" гэдэг зуучлагч компаниар Францын хоёр иргэн авлига өгсөн байж болзошгүй гэх  хэрэг үүссэн. Тэгэхээр Монголын хуулийн байгууллага ажлаа хийх ёстой байх. Францын шүүх бол эцэслэсэн" гэв.

 

ХЗДХ-ИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ: ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛНЭ

 

Үндсэн хуульд зааснаар Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх ёстой. Энэ дунд авлигын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг нь багтдаг. Өнгөрсөн жилүүдэд иргэдийн бухимдлыг хамгийн ихээр төрүүлж байсан баялгийн шударга бус хуваарилалт, төрийн өндөр албан тушаал хашиж буй этгээд баяжиж хөрөнгөждөг асуудал дээр бухимдаж ирсэн. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт Монгол Улсын иргэн шударгаар өмчтэй байх тухай заасан байдаг. Харамсалтай нь шударгаар гэдэг үгийн утга гажуудаж, албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд хөлждөг ч хуулийн хариуцлага тооцдоггүй. Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс гурван ч удаа Өршөөлийн тухай хуулийг баталж, хоёрт нь албан тушаалын гэмт хэргийг бүхэлд нь хамруулж, нэгд нь хэсэгчилсэн. Мөн 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталж, 35.4 их наяд төгрөгийн хөрөнгө багтсан. Тухайн үед улсын төсөв зургаан их наяд төгрөг байсан. Байнгын энэ асуудал бэрхшээлтэй явж ирж, хууль эрх зүйн зохицуулалтгүй байсан. Бид энэ асуудлыг зохицуулахаар Монголд шударга бусаар хэн ч хөлжих ёсгүй. Ялангуяа нийтийн албан тушаалтан буюу төрийн өндөр албан тушаалтан хууль бусаар хөрөнгөжих ёсгүй. Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хууль, бусад 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах авлигын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)