"Зураг зурснаар аливаа зүйлийг олон талаас нь харж дүгнэлт хийж сурдаг"
- Уржигдар 10 цаг 20 мин
- Үнэн
- 0
Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билэг, энэрэл хайр гээд гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа Дорноговь аймгийн Сайншанд сумын III дугаар сургуулийн Дизайн зураг зүйн Дүрслэх урлагийн багш М.Чимэдбалжир болон түүний шавь нар, бүтээлийг нь онцоллоо.
-Танай сургуулийн хүүхдүүд зургийн уралдаанд хэр идэвхтэй оролцдог вэ?
-Сургуулийн VI-IX ангид дүрслэх урлагийн багшаар ажилладаг. Энэ хугацаанд олон сурагчийг аймаг, улсын тэмцээнүүдэд амжилттай бэлтгэж оролцуулсан. Аймгийн тэмцээнд 30 гаруй сурагч улсын тэмцээнд дөрвөн сурагч байр эзэлсэн байна. “Энергийн төвд эргэлдэх сэнс” гар зургийн уралдаанд н.Бүрэнтунгалаг Б.Маргад амжилттай оролцсон.
-Хүүхдүүд өөрийнхөө зурсан зургийг үзэсгэлэн болж гарсныг хараад их баярладаг байх даа?
-Сурагчдадаа чөлөөтэй сэтгэж зурах, түүнийгээ тайлбарлах орчныг нь бүрдүүлэхийн тулд бүтээлүүдээр нь үзэсгэлэн гаргаж хамтарч ажилладаг. Хүүхдүүдийнхээ зурсан зургаар нь бахархаж, магтаж, итгэл найдвар өгдөг.
-Таны хувьд ямар арга барилаар хичээлээ ордог вэ?
-Дүрслэх урлагийн хичээлээр сурагчдын чөлөөт сэтгэлгээг хөгжүүлж үгээр илэрхийлэх боломжгүй үзэл бодлыг зургаар илэрхийлэх чадвар суулгахыг зорьдог. Мөн сурагч бүрийг “би зурж чаддаг юм байна” , “би чадна” гэсэн итгэл өгөхийг хичээж ажилладаг. Хичээлийн 40 минутад сурагчиддаа хичээлээ орохоос гадна чөлөөт цагаар зураг зурах, уралдаан тэмцээнд оролцох, хөгжих боломжийг нь олгодог.
-Дүрслэх урлагийн хичээл нь хүүхдүүдэд ямар арга барилыг суулгадаг вэ?
-Зураг зурдаг хүүхдүүд чөлөөт сэтгэлгээтэй болж аливаа зүйлийг олон талаас нь харж дүгнэлт хийж сурдаг. Өнгийн болон гоо сайхны мэдрэмжтэй болж өөрийн гадаад болон дотоод гоо сайханд хүндэтгэлтэй хандана. Мөн анхаарлаа төвлөрүүлж удаан хугацаагаар сууж сурна. Сууж сурснаар зөвхөн зураад зогсохгүй сурах үйл явцад нь ахиц гарна.
-Хүүхдүүддээ хандаж юу гэж хэлмээр байна?
-Италийн суут уран бүтээлч Леонардо Да Винчи “Байгаль бол миний багш” гэж хэлсэн байдаг. Тийм болохоор өдөр болгон орчин тойрноосоо сонирхолтой санаа хайж, байнгын зурж, эрэл хайгуул хайж байх хэрэгтэй. Мөн тэмцээн уралдаанд сайн оролцож, өөрийгөө сорьж, авьяас чадвараа хөгжүүлж байгаарай. Хэрэглэхгүй авьяасыг хичээл зүтгэл гүйцэтгэнэ гэдэг шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)