Ж.Чинбүрэн: Эмч нар бусдын амь насыг авран хамгаалах явцдаа хохирогч болох ёсгүй

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Донорын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар болжээ


УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр  ангид очиж, тэнд хоигдож буй П.Батчулуун эмчтэй уулзжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс тодруулав.

-Хоригдож байгаа эмчийн биеийн байдал сайнгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Үүссэн нөхцөл байдлыг тодруулав уу?

-Үүссэн нөхцөл байдлын талаар өөртэй нь тодорхой сайн ярилцлаа. Харин биеийн байдал нь сайнгүй байгаагийн улмаас Улсын III төв эмнэлэгт хүргэгдлээ. Энэ хүн зүрхэндээ долоон стэндтэй, ажлаа хийж байх хугацаандаа 16 минут зүрх нь зогсож байсан. Мөн сахрын диабеттэй бөгөөд тархины гавлын ясны 50 хувь нь байхгүй. Нэг үгээр эрүүл мэндийн хувьд ноцтой байдалтай хүн байгаа юм. П.Батчулуун эмчийн хувьд эрхтэн шилжүүлэн суулгуулах албыг хөгжүүлэхийн тулд амьдралынхаа 15 жилийг зориулсан. Цаашид П.Батчулуун эмчид миний зүгээс шаардлагатай бүх нөхцөлд дэмжиж тусалж ажиллах болно. Бидний эмч нар, бусдын эрүүл мэнд амь насыг авран хамгаалах явцдаа хохирогч болох ёсгүй юм.

-Түүний тухайд донороос  эд эрхтэн зөвшөөрөлгүй авсан гэх мэдээлэл цацагдсан?

-Ард иргэдийн шүүмжлээд байгаа хүний эд, эрхтнийг зөвшөөрөлгүй авсан гэсэн асуудал бий. Гэхдээ энэ буруу ойлголт юм. Зөвшөөрлийн хуудсанд элэг, бөөр шилжүүлэн авахыг донорын ар гэрийн гурван хүн зөвшөөрч гарын үсэг зурсан. Ингэж гурван хүний амь насыг авраад, цаана нь 10 гаруй хүний амьдралын чанарыг хангасан юм. Шөрмөс авсан гэх асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллага нэлээд их шуугьж, донорыг оршуулсан газраас нь гаргаж дотор эрхтэн нь байгаа эсэхийг шалгасан. Ингэж шалгаад өөр зөрчил байхгүй гэдэг нь ч батлагдсан.

-Донорын ач буянаар гурван хүний амь нас аврагдсан гэдгийг тодруулна уу?

-Гурван хүний амь нас аврагдсанаас гадна хөл дээрээ зогсож чаддаггүй хүн шөрмөс суулгуулснаар босож явдаг болж, хөдөлмөр эрхлэх боломжтой болсон юм. Үнэндээ П.Батчулуун эмч бусдын төлөө ажиллаж яваад хоёр жил зургаан сарын хорих ял авлаа. Олон нийт энэ тал дээр зөв ойлголттой байгаасай гэж хүсэж байна. Түүнээс биш зөвшөөрөлгүй эд эрхтнийг нь наймаалж, ашиг сонирхлын үүднээс ашигласан зүйл огт биш. Үүнийг олон удаагийн шалгалтаар хянаж нотолсон. Тийм байхад ял оноож байгаа нь эрүүл мэндийн салбарын ажилчид бид бүхэнд үнэхээр харамсалтай байна.

-Энэ үйл явдлаас анзаарахад Донорын тухай хуулийг эргэж харах ёстой санагдсан. Та юу гэж үзэж байна?

-Цаашид Донорын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Эмч эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай Улсын Их Хуралд өргөн барина.

М.Зул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (66.181.183.20)

    2025-01-29

    Монголын их эмч нар өвчтөнүүдийгээ алж байж, бах нь ханадаг. Ингэж байж АНУ-д амьдрах эрхээ авдаг юм.

  • Бат (202.9.47.17)

    2025-01-29

    Үхэх нь тодорхой болсон хүнээс л эрхтэн авна шүү дээ бодолцох л асуудал ямар хүн алж хүрээ талсан биш хүнд амьдарал бэлэглэсэний төлөө хэрэгтэн болох