Б.Даваадалай: Монгол Улс байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг бий болгоход үндэсний зөвшилцөл хамгийн чухал
- 13 цаг 43 мин
- Улс төр
- 0
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” 3 дахь удаагийн олон улсын форум өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөсөн. Энэ үеэр МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг англи хэлээрх "Mongolia todya" сэтгүүлд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайгаас авсан ярилцлагыг хүргэж байна.
-Энэ удаагийн форумаар ямар асуудал хэлэлцэв. Өмнөх форумуудаас юугаараа онцлог байв?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” олон улсын форумыг 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Гурав дахь жилдээ зохион байгуулсан тус форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүгийн холбоо (ТоС Холбоо), ХААН банк, Монгол Улс дахь НҮБ хамтран зохион байгуулж, бусад дотоодын болон олон улсын түншлэгч байгууллагууд дэмжин ажиллалаа. Мөн тус форум нь саяхан Азербайжан улсын Баку хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалтын дараа болсноороо онцлог байлаа. Энэ удаагийн форумд бодлого боловсруулагчид, зохицуулагч байгууллагууд, хувийн хэвшил болон иргэний нийгмийн төлөөлөл зэрэг салбар бүрийн ногоон хөгжлийн манлайлагчид оролцож, өөрсдийн хийж буй ажил, дүнгээ танилцуулж, цаашид хамтдаа хэрхэн үр дүнтэй ажиллах талаар хэлэлцлээ.
Монгол Улсын хувьд нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал бол уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, шар шороон шуурга, цөлжилт юм. Мөн манай улс Тогтвортой хөгжлийн зорилтууд, Парисын хэлэлцээрийн хүрээнд 2030 он гэхэд олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх ёстой. Дотооддоо бол иргэд, аж ахуйн нэгж, орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ ахуй амьдралыг сайжруулах, энэ хүрээндээ байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэх нь бидний хойшлуулшгүй зорилт, ажил хэрэг болоод байна. Тиймээс ногоон хөгжил, ногоон шилжилт, тэдгээрийг хэрхэн санхүүжүүлэх тухай асуудлыг энэ удаа дэлгэрэнгүй хэлэлцлээ.
-Шинэ УИХ, Засгийн газар ногоон хөгжил, ногоон шилжилтийн асуудлыг хөндөж байгаа нь цаг үеэ олжээ гэж харж байна. Форумаас ямар үр дүн гарав?
-Гол үр дүн бол УИХ, Засгийн газар иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж ногоон хөгжлийн чиглэлээр ямар ажил, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй танилцуулсан явдал юм. Энэ хурлаас гурван гол асуудлаар Засгийн газраас иргэд, ААН-д мэдээлэл өгсөн. Нэгдүгээрт, Засгийн газар эрчим хүчний шинэчлэлийг хийнэ. Тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх юм байна гэсэн мэдээллийг өглөө. Энэ бол нэлээн хүлээлт өндөртэй байсан ажил, арга хэмжээ юм. Сэргээгдэх эрчим хүчний гурван ч төсөл ирэх оны төсөвт суугаад байна. Үүнд, нийтдээ 535 мВт-ын хүчин чадал бүхий Эрдэнэбүрэн УЦС, Байдрагийн УЦС, Эгийн гол УЦС болон Төвийн бүсийн ус хуримтлуулах УЦС зэргийг хэрэгжүүлэхээр Засгийн газар зорьж байна.
Хоёрдугаарт, ХАА-н салбарт “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” гэсэн гурван үндэсний хөдөлгөөн хэрэгжиж байна. “Атрын аян-IV”-ыг Засгийн газраас удахгүй хэрэгжүүлэх юм байна гэсэн ойлголт, хүлээлттэй байна. Тиймээс одоо хэрэгжиж буй ХАА-н төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд олгож буй зээл, санхүүжилтийг иргэд, аж ахуйн нэгжид олгохдоо ногоон хөгжлийн стандартыг тавих ёстой. Тухайлбал, байгаль орчинд ээлтэй технологи ашиглаж буй иргэн, компаниудад хөнгөлөлт үзүүлдэг хөшүүргийг ашиглах тухай асуудлыг хөндлөө. Гуравдугаарт, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьсан тохиолдолд ипотекийн зээлд хамруулах тухай асуудлыг мөн ярилцлаа.
Хамгийн сүүлийн үр дүн гэвэл иргэд, аж ахуйн нэгжүүдэд байгаль орчин, ногоон хөгжлийн талаарх мэдлэг мэдээллийг олгож, чадавхжуулах асуудал хамгийн чухал байна гэдэг дээр оролцогчид байр суурь нэгдсэн явдал юм. Бид нэг цонхоор хармаар байна. Энэ бүх ажил руу ганцхан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам зүтгээд нэмэргүй. Тиймээс энэ тал дээр нийгмийн бүх бүлгүүдийг хамарсан үндэсний зөвшилцөлийг бий болгох нь маш чухал.
-Эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын салбарыг яагаад онцлох болов. Энэ тухайд нэмэлт тайлбар өгөх үү?
-Манайхаас ялгарч байгаа хүлэмжийн хийн бараг 90 хувь нь энэ гурван салбарыг хамардаг. Эдгээр салбар руу анхаарч байж, бодит үр дүн гарна. Тухайлбал, өнөөгийн дүнгээр 100 малын зургаа нь л эрчимжсэн байна. Мэдээж хөдөө аж ахуйн салбараа 100 хувь эрчимжсэн байдлаар хөгжүүл гэсэнгүй. Монголчууд бид өв соёлоо хадгалах ёстой. Харин тодорхой хувийг нь байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн байдлаар хөгжүүлэх нь зөв болов уу. Өөрөөр хэлбэл, зуун үхрийн 20 нь фермерийн хэлбэрээр хөгжвөл байгаль орчноо хамгаалах, ногоон шилжилтийг нэг шатаар ахиулах боломжтой гэсэн үг.
-Олон улсын болон дотоодын шинжээчдийн хэлж байгаагаар, манай улсад тохирох шийдлийн ямар зөв гарц байна вэ?
-Монгол Улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах үүрэг амлалтыг олон улсын өмнө хүлээсэн. Энэхүү зорилтод хүрэхийн тулд олон улсын мэргэжлийн байгууллагуудын үнэлгээгээр хоёр хатуу арга хэмжээ авч байж, амласан амлалтдаа хүрнэ гэсэн эмпирик тооцоо байдаг. Юуны түрүүнд нүүрс дээр суурилсан эрчим хүчний салбараа шинэчлэх. Хоёрдугаарт, ХАА-н салбараа эрчимжүүлэн хөгжүүлж, мал сүргийн тоо, толгойгоо байгаль орчинд ээлтэй, зохистой түвшинд хүргэх асуудал юм. Түүнчлэн хамгийн том шийдэл бол ерөөсөө нүүрсхүчлийн хийн ялгаралтай салбаруудад татвар тавих асуудал. Өөрөөр хэлбэл, таны үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөөтэй бол өндөр татвар төлдөг байх зарчим. Сөрөг нөлөө багатай бол бага татвар төлнө. Бусад орнуудад энэхүү татварыг суурь бодлого болгож ашигладаг. Манай улсад одоогоор энэ зохицуулалт нэвтрээгүй байна. Монголбанк энэ талын судалгааг хийж байна. Эцсийн дүндээ энэ бол маш шударга тогтолцоо. Нөгөө талдаа ногоон зээл авсан иргэн, аж ахуйн нэгж бага хүүтэй, урт хугацаатай зээл, урамшуулал авдаг байх бололцоотой.
-Аливаа ажлыг урагшлуулах хөшүүрэг нь санхүүжилт. Бидэнд хэдий хэр хөрөнгө шаардлагатай вэ?
-Манай улсаас ялгаруулж буй хүлэмжийн хийг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах амлалтаа биелүүлье гэвэл мөнгөн дүнгээр 11 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо бий. Энэ хүрээнд Ерөнхийлөгч Монгол Улс жил бүр байгаль орчны салбарт эдийн засгийнхаа нэг хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг төсөвлөдөг байя гэсэн санаачилгыг 2021 онд гаргасан. Энэ нь манай эдийн засгийг 70 их наяд төгрөг гэвэл 700 тэрбум төгрөгийн өртөгтэй бодлого, үйл ажиллагааг байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн бодлого үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрт зарцуулдаг болцгооё гэсэн үг. Гэхдээ энэхүү төсөв хөрөнгийг зөвхөн төсвөөс биш хувийн хэвшил болон олон улсын байгууллагууд гээд боломжтой бүх л эх үүсвэрийг ашиглах ёстой.
Мөн нүүрсхүчлийн хийн зах зээлийг ашиглаж, энэ чиглэлийн санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг ашиглах нь зүйтэй юм. Энэ ойлголт нь манайдаа шинэ тутам ойлголт. Тиймээс иргэд, ААН-үүдэд ойлголт, мэдээлэл хомс байна. Дээр нь бодлого, эрх зүйн дэд бүтцээ бүрэн гүйцэд бий боловсруулах ёстой. Өөрөөр хэлбэл, манай улс аль болох байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, түүнийгээ бусад улс оронд арилжаалдаг зах зээлийг хөгжүүлэх жишиг рүү орох нь зүйтэй юм.
-Нийт санхүүжилтээ гурван салбартаа оновчтой байдлаар хуваарилахад хэдэн хувьтай гарах дүр зураг харагдаж байна вэ?
-Ерөнхий дүр зургаар нь авч үзвэл, ХАА-н салбар 40 хувийн, эрчим хүч 30 хувийн, барилга 20 орчим хувийн хүлэмжийн хий ялгаруулдаг. Тэгэхээр хамгийн их мөнгө ХАА-н салбар руу чиглэгдэх нь зохистой гэсэн үнэлгээ, зөвлөмж гарсан.
-Манай улс ногоон санхүүжилт татах ямар хувилбаруудыг ашиглаж байна вэ?
-Байгаль орчны салбарын санхүүжилтийг нэмэгдүүлдэг олон улсын шилдэг туршлагуудыг Монголдоо нэвтрүүлж байна. Үүний нэг тод жишээ бол Олон улсын байгаль хамгаалах сантай хамтраад, Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр “Байгаль орчны байнгын санхүүжилтийн хөтөлбөр” жишиг тогтолцоог дотооддоо бүрдүүллээ. Өнөөдрийн байдлаар, олон улсын хөрөнгө оруулагчдаас буцалтгүй тусламж хэлбэрээр 70 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг төвлөрүүлээд байна. 2030 он гэхэд төр, хувийн хэвшил хамтраад нэмэлтээр 100 гаруй сая ам.долларыг төвлөрүүлэх бололцоотой гэж үзэж буй. Тус сангийн зорилго бол 2030 он гэхэд тусгай хамгаалалтын газар нутгийн хэмжээг 30 хувьд хүргэх юм. Монгол Улс энэхүү зорилтыг хууль, эрх зүйн хувьд баталгаажуулчихсан. Одоогийн нөхцөлд тус газар нутгийн хэмжээ 20 хувьтай байна.
-Манлайлал тал дээр банк, санхүүгийн байгууллагууд илүү хариуцлагатай ажиллаад байна уу гэж хардаг. 2030 он гэхэд банкны салбар ногоон зээлийн багцаа 10 хувьд хүргэнэ гэсэн амбиц хэр бодитой вэ?
-Банк, санхүүгийн салбарынхан тэгж ажиллахаас өөрцгүй. Яагаад вэ гэхээр, сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагчид байгаль орчин, ногоон хөгжилд хөрөнгө оруулах болсон. Дэлхий нийтээрээ ногоон стандарт руу шилжиж байна. Монгол Улс ч гэсэн тийм стандарт руу шилжихгүй бол олон улсын зах зээл дээрээс хөрөнгө, санхүү босгох боломж буурч байна.
-Засгийн газрын шинэ бүтцээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамыг байгуулсан. Энэ нь тэгэхээр манай улс ногоон хөгжлийн асуудлыг анхааралдаа авсан хэрэг гэж ойлгож болох уу?
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад удаа дараа оролцлоо. Ерөнхийлөгчийн түвшинд байгаль орчин, уур амьсгалын асуудалд өндөр түвшинд анхаарч ажиллаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сая Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд оролцлоо. Засгийн газар шинэ бүтцээрээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болгон өөрчлөн шинэчилсэн нь дэвшил юм.
Сүүлийн үед олон улсын байгууллагууд Засгийн газарт байгаль орчин, уур амьсгалын талаарх хууль, эрх зүйн орчноо нэг сайн эргэн хараач ээ гэсэн асуудлыг тавьдаг. Зарим улсад Уур амьсгалын тухай хууль гэсэн тусдаа хууль байдаг практик бий. Тэр хуульдаа бүх агуулгаа базаад оруулчихсан байдаг. Тухайлбал, засаглал нь ямар байх вэ, яамд ямар ажлаа хариуцах вэ, санхүүжилтээ хэрхэн бүрдүүлэх вэ гэх зэрэг асуудлыг багтаасан байдаг.
-Энэ чиглэлийн боловсон хүчнийг сургах тал дээр хэрхэн анхаарч байна вэ. Тухайлбал, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрөөр сурч байгаа оюутан бий юу?
-Сүүлийн үед залуучууд энэ чиглэлээр олноороо суралцах болсон. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт энэ чиглэлийн оюутнуудыг хамруулах бодлого барьж буй. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр суралцсан залуусыг ажиллуулах зах зээл манай улсад бий юу гэсэн асуудал хөндөгдөж байгаа юм. Тэдгээр залуусыг ажиллуулах зах зээл хувийн хэвшилд бол байна. Ялангуяа, олон улсын байгууллага, сангууд чадвартай залуусыг ажилд авах болсон байна. Харин төрд ажлын байр бий ч цалин урамшууллаас болж, боловсон хүчнээ тогтоож чадахгүй байгаа сул тал бий.
-Ногоон хөгжлийн асуудлаарх иргэдийн хандлагад өөрчлөлт гарч байгаа болов уу?
-Ний нуугүй хэлэхэд, одоогийн байдлаар байгаль орчны бизнес хийх үү, тээврийн бизнес хийх үү гэвэл хүмүүс “Тээврийн бизнес хийе” л гэх байх. Зах зээлийн бүтцээ бид өөрчлөх хэрэгтэй байна. Та хоёр машинтай бол нэг болгочих. “Хөнгөлөлттэй зээл өгье, байгаль орчны бизнес хий” гэсэн хөшүүргийг ашигламаар байна. Тийм сонирхлыг төрүүлмээр байна. Гурван жил гэдэг бага хугацаа биш. Сүүлийн жилүүдэд иргэдийн хандлагад асар их өөрчлөлт гарч байна. Ялангуяа, банк санхүүгийн салбарын үйл ажиллагаа ихээхэн идэвхжсэн.
-Бид гурван ч форумын ард гарлаа. Өнгөрсөн хугацаанд ямар баримт бичгүүдийг гаргаад байна вэ?
-Эхний чуулганаар банкны салбарынхан нийт зээлийн багцынхаа 10 хувийг ногоон зээл болгоно гэсэн амлалтыг авсан. Тухайн үед нийт банкны салбарын зээлийн 1 хувь нь л ногоон зээл байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт банкны салбарын зээлийн 3 хувь нь ногоон зээл эзлэх болсон. Мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр Ногоон таксономиг батлуулсан. Хоёр дахь чуулганаар Тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн таксономи буюу үйл ажиллагааны ангиллыг гаргаж ирсэн. Ямар бизнесийг Тогтвортой хөгжлийн зорилгыг дэмжсэн бизнес гэх вэ гэсэн агуулгыг тодорхойлж батлуулсан гэсэн үг. Эдгээр нь чамлахааргүй үр дүн юм.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (0)