Харбин-2025: Тайланд, Тайвань анхны медалиа хүртэв

Хятад улсын Харбин хотноо болж буй ёс дэх удаагийн Азийн өвлийн наадам өнөөдөр/2025.02.14/ хөшгөө хаана. 12 өдрийн турш 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 багц медалийн төлөө өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа. Энэ удаагийн наадамд Монгол Улс түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу долоон спортын 28 дасгалжуулагч, 35 тамирчинтай оролцлоо.Харамсалтай нь медаль хүртэж чадсангүй. 


ШОРТ ТРЕЙК

Шорт трейкийн холимог хосын төрөлд Монголын баг хэсэгтээ сүүл мушгисан бол шорт трейкийн эмэгтэйчүүдийн ангилалд нийт 25 тамирчин уралдахад Монгол Улсын тугч Б.Гэрэлтуяа 1000 метрт 1:41.324, 1500 метрт 2:38.676 минутын амжилтаар шөвгийн 16 дугаар байрт шалгарлаа. Тэрбээр шорт трекийн төрлөөр Азийн наадмын түүхэнд хагас шигшээд шалгарсан анхны Монгол тамирчин болов. Харин хагас шигшээд 2:58.964 минутын амжилтаар замаа дуусгаж, зургаан тамирчны зургадугаарт хурдлав.

Мөн тус төрөлд уралдсан Э.Мөнх-Эрдэнэ (500 метр), Г.Мөнх-Эрдэнэ (1500 метр) нар Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Шорт трейкийн эмэгтэйчүүдийн 1000 метрийн зайд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор өрсөлдсөн Б.Гэрэлтуяа хагас шигшээ уралдаанд 1:40.249 минутын амжилтаар замаа дуусгаж, энэ гараанд дөрөвдүгээр байрт хурдаллаа.

УУЛЫН ЦАНА

Уулын цанын эмэгтэйчүүдийн слалом төрлийн тэмцээнд Япон улсын тамирчин түрүүлсэн бол удаах байрт БНСУ, Японы тамирчид оров. Харин монгол тамирчдын тухайд А.Сондорбаяр 27, М.Инжин 29, А.Итгэл 31, Х.Халиун 33 дугаар байрт хурдалжээ.

УРАН ГУЛГАЛТ

Монгол Улсаа төлөөлөн Г.Марал-Эрдэнэ болон О.Мишээл нар өрсөлдсөн. Тэд өчигдөр чөлөөт үзүүлбэрээ толилуулжээ. Улмаар О.Мишээл нийт 55.30 оноогоор 19 дүгээр байрт, Г.Марал-Эрдэнэ 54.72 оноогоор 20 дугаар байр эзэллээ.

ГҮЙЛТИЙН ЦАНА

Гүйлтийн цанын 1.5 км-ын зайн уралдаанд Монголын найман тамирчин өрсөлдсөнөөс зургаа нь хагас шигшээд шалгарсан юм. Хагас шигшээд шалгарсан Монголын хоёр эмэгтэй цаначныг онцолбол, Э.Ариунтунгалаг нь Азийн өвлийн спортын наадамд анх удаа уралджээ. Харин Т.Ариунболд нь биатлоны спортоор анхлан хичээллэж байсан аж.

Гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 5 км-ын зайн уралдаанд Э.Ариунтунгалаг 13, Т.Ариунболд 18, Б.Номин-Эрдэнэ 20, А.Энхтуул 21 дүгээр байрт орлоо.

ГҮЙЛТИЙН ТЭШҮҮР

Гүйлтийн тэшүүрийн эрэгтэйчүүдийн 500 метрийн зайд дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор Т.Төгөлдөр өрсөлдөхөд 43.16 секундын амжилтаар 21 дүгээр байрт хурдаллаа.

БИАТЛОН

Биатлоны эмэгтэйчүүдийн 7.5 км-ын спринт уралдаанд 26 тамирчин өрсөлдөхөд Монгол Улсаас дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор дөрвөн тамирчин оролцож, 16-20 (17 дугаар байрт Япон) байрыг эзэллээ.

Эрэгтэйчүүдийн 10 км-ын спринт уралдаанд 33 тамирчин оролцоход дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөв. Казахстан улсын биатлончид эхний хоёр байрт орсон бол БНХАУ-ын тамирчин гуравдугаар байрт орлоо. Монголын баг тамирчидаас Э.Энхсайхан 12, Б.Анхболд 15, Ж.Гантулга 18, О.Гантулга 23 дугаар байрт хурдалсан юм.

КЁРЛИНГ

Монгол Улс анх удаагаа кёрлингийн төрлөөр Азийн наадамд оролцсон. Холимог хосын төрөлд өрсөлдсөн Б.Баяр, Г.Энхзаяа нар 12 дугаар байр эзлэв. Тэд Кувейт, Япон, Тайвань, Тайланд, Хонг Конг зэрэг улсуудын багтай өрсөлджээ.

МОНГОЛ УЛС АЗИЙН ӨВЛИЙН НААДМЫН ТҮҮХЭНД

Монголын баг тамирчид “Саппоро-1990” Азийн өвлийн спортын наадмаас эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын буухиа төрлөөр анхны хүрэл медалийг хүртэж байсан бол дараа нь “Чанчүн-2007” наадамд уулын цанын чөлөөт гулгалтаар хүрэл медаль, “Астана, Алматы-2011” наадмаас бөмбөгтэй хоккейн баг мөнгө, цанын зүг чиг олох уралдаан (ski orienteering)-ы төрлөөр дөрвөн хүрэл медаль хүртсэн. Монголын баг тамирчид Азийн өвлийн спортын наадмаас нэг мөнгө, зургаан хүрэл буюу нийт долоон медаль хүртжээ.

БАГИЙН ДҮНГЭЭР ХЯТАД УЛС ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Эзэн орон Хятад улс өнөөдрийн байдлаар 32 алт, 26 мөнгө, 24 хүрэл медальтай багийн дүнгээр тэргүүлж байгаа бол тэдний араас Өмнөд Солонгос, Япон, Казахстан, Узбекистан, Хойд Солонгос, Тайвань, Тайланд удаалж байна. Нийт 34 орноос найм нь медаль хүртээд байгаа аж.

Монгол Улс энэ удаагийн Азийн наадмаас медаль хүртэж чадсангүй.

Тайвань, Тайланд, Филиппин улсууд Азийн өвлийн наадмын түүхэн дэх анхны медалиа авчээ. Тайванийн анхны медаль нь гүйлтийн тэшүүрийн төрөлд хүрэл медаль байсан бол Тайландын анхны медаль нь уулын чөлөөт цанын төрөлд хүрэл медаль байсан аж.

Филиппинийн кёрлингийн эрэгтэй баг финалд шалгараад байгаа бөгөөд өнөөдөр алт эсвэл мөнгөн медаль хүртэх эсэхээ шийднэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Ddavaa (71.205.4.58)

    2025-02-14

    Hengevchilsen hutelbertei naadam bolson sanagdana tsagiin eregtei buuhia gehed 4x7,5 km Eh Oron doo bid 4x10 uralddag Tsaniin hiliin zain terluud baihgui