"Украины дайныг зогсоох талаар В.Путинтэй удахгүй хэлэлцээр хийнэ" гэж АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мэдэгджээ
- Өчигдөр 09 цаг 06 мин
- Дэлхий
- 0
Пүрэв гараг /2025.02.13/-ийн орой АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мэдээлэл хийж, "Украины дайныг зогсоох талаар В.Путинтэй удахгүй хэлэлцээр хийнэ" гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр "АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсетийн УкраиныГ НАТО-д элсэх боломжгүй" гэсэн мэдэгдлийг үнэн зөв гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Оросын ерөнхийлөгч В.Путин “энх тайвныг хүсч байна” гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлээд "Хэрэв В.Путин хүсэхгүй байсан бол надад энэ тухайгаа хэлэх байсан гэж би бодож байна" гэжээ. Улмаар Д.Трамп "Орос улс G7-д эргэн орвол баяртай байх болно" гэсэн байна. Учир нь 2014 онд Крымийг Орос улс өөртөө нэгтгэсний хариуд ОХУ G7-оос хасагдсан бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп үүнийг алдаа гэж дүгнэжээ.
Мөн маргааш /2025.02.14/ Орос, Украин, АНУ-ыг төлөөлөх "өндөр түвшний хүмүүсийн" уулзалтыг Мюнхенд зохион байгуулна гэж Д.Трамп мэдэгдсэн байна.
Харин Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Литвин АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын талаар шууд дурдалгүйгээр "Мюнхенд оросуудтай ярилцах төлөвлөгөө байхгүй" гэж мэдэгджээ. Тэрбээр, "Украины байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр байна. Украин эхлээд Америктай ярилцах ёстой. Энх тайвны яриа хэлэлцээрт Европ оролцох ёстой. Хоосон ширээний ард оросуудтай уулзахгүй. Одоо ширээн дээр юу ч байхгүй" гэжээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (0)