Нярайн шарлалт хүндрэх нэг л шалтгаан байдаг

 

        Охиноо хорвоод мэндэлснээс хоёр хоногийн дараа нярайн шарлалт гэдэгтэй танилцаж байв. Шинэхэн ээж надад мэдэхгүй, чадахгүй зүйл олон байсан ч нярайн шарлалт хамгийн ихээр сэтгэлийг минь эмзэглүүлж, бас түгшээж байсныг нуух юун. Нүүрнээсээ эхлээд биеийн бүхий л хэсэг тэр ч бүү хэл, хөлийнх нь ул шав шар өнгөтэй болсон байлаа. Өдөр өнгөрөх тусам шарлалт нь ихэсч, шар өнгө нь ногоон болж, сүүлдээ нүд нь хүртэл шар ногоон болсон юм. Айх сандрах зэрэгцэж, эмчээс асуухад “Төрсний дараа зарим хүүхэд шарладаг. Сүүлийн үед нярайн шарлалт ихэссэн. Хүүхдээ сайн хөхүүл. Эхний ээлжид эмийн эмчилгээ хийнэ. Шарлалт нь хүндэрсэн хүүхдүүдийг фото аппаратаар ээлжилж эмчилж байгаа. Биеийн байдлаас шалтгаалаад аппаратаар эмчлэх үү, үгүй юу гэдгээ шийднэ” гэх хариултыг өгсөн юм. Өдөр хоног өнгөрөх тусам биеийн байдал нь төдийлөн сайжрахгүй шарлалтын хэмжээ нь ч огцом өсч, эмч нарын зөвлөгөөнөөр орсны эцэст Архангай аймгийн Эрүүл мэндийн төвийн Нярайн эрчимт эмчилгээний тасагт ганц байдаг шарлалтын эсрэг аппаратыг хэрэглэж эхэлснээр охины минь шарлалт аажмаар багассан.

 

Нярайн шарлалт хүүхэд эхээс төрсний дараа 2-3 хоногтойгоос эхэлж, хоёр долоо хоног орчим үргэлжлээд арилах ёстойг мэдсэнээс хойш охиндоо эмчийн бичиж өгсөн Лив 52, Урсофальк эмийг уулгаж эхэллээ. Олон хүүхэд төрүүлсэн туршлагатай ээжүүдээс асууж сураглахад “Шарлалт удаан үргэлжилбэл хүүхдийн элэг болон мэдрэлийн эсэд сөргөөр нөлөөлж оюун ухааны өөрчлөлттэй болгодог. Цаг алдалгүй шарлагын фото аппаратаар эмчлүүлэх ёстой. Агаарын бохирдол, хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнээс үүсдэг” гэж байлаа.

 

Түүнчлэн зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн 70 дөхөж яваа хөгшнөөс нярайн шарлалтын талаар тодруулахад “Цэвэр агаарт, элчлэг сайтай хоол хүнс хэрэглэж байгаад төрж байсан. Тиймээс хүүхдүүд нярайн шарлалт тусч байгаагүй. Манай бэр саяхан төрсөн. Нялх ач хүү минь гурав хоноод шарласан байна билээ. Хамаг бие нь хачин шар өнгөтэй. Өрхийн эмчид үзүүлсэн. Эмч хөхөөр нь сайн хоолло гэж хэлсэн байна. Гэтэл ээж нь сүү муутай. Хүүхэд нь хөхөө голоод идэхгүй, нэмэлт тэжээл өгч байна” гэв. Нярайн шарлалт нь цусан дахь билирубины төвшин нэмэгдсэнээс үүсдэг үзэгдэл гэж анагаах ухаанд үздэг байна.

 

Тиймээс манай сонины сурвалжлах баг нярайн шарлалтын талаар иргэдийн дундах эргэлзээг тайлахаар Эх хүүхэд, эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Нярай судлалын тасгийг зорьсон юм. Биднийг очиход тус тасгийн үүдний сандалд ээжүүд эгнээд суучихсан байлаа. Эрчимт эмчилгээний тасаг учир ээжүүд цагаар орж, хүүхдээ хооллохоос гадна живхийг нь сольж, өлгийддөг байна. Сувилагч хаалгыг онгойлгож, ээжүүд хүүхдийнхээ өрөө рүү чимээ гаргалгүй орлоо. Дөнгөж төрсөн, төрөөд хэд хонож байгаа нярай хүүхдүүд инкубатор болон шарлагын фото аппаратанд хэвтэн эмчлүүлж байв. Бүгд л хүүхдийнхээ живхийг сольж, хооллож байсан юм. Зарим нь хүүхдээ буруу өлгийдөж, сувилагч эхнээс нь зааж өгч, хэрхэн зөв хөхүүлэх талаар зөвлөгөө өгч байв. Шарлалтын эмчилгээ хийлгэж байгаа хэд хэдэн нярай байгааг ЭХЭМҮТ-ийн нярай судлалын тасгийн эмч Х.Энхжаргал хэлж байсан юм. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

 

 

-Нярай хүүхдийн физиологийн шарлалт арилахгүй удах нь ямар шалтгаантай вэ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

 

-Нярайн шарлалтыг физиологийн буюу бусад өвчний улмаас үүссэн эмгэг шарлалт гэж хоёр ангилна. Эхээс төрснөөс хойш 2-3 хоногтойд хүүхдийн арьс шарлаж (шар өнгөтэй болох) эхэлдэг. Толгой, нүүрнээс эхлээд цээж, хэвлий, хөл гээд биеийн дээд хэсгээс эхлэн шарладаг. Ингэж шарласнаас хойш 10-14 хоноод хөлнөөс эхлэн аажмаар буурах ёстой. Хамгийн сүүлд нүүр, нүдний шарлалт үлдээд бүр мөсөн арилдаг. Физиологийн шарлалт удаан хугацаагаар (эхэлснээс хойш 10-14 хоногоос хэтэрсэн тохиолдолд) үргэлжилбэл эмнэлэгт хандах хэрэгтэй. Төрөх тасагт хүүхэд 1-2 хоног хэвтээд гардаг. Шарлалт 14 хоногийн хугацаанд үргэлжилдэг. Тиймээс эмч нярайн шарлалт физиологийнхоо хэмжээнд явагдаж байвал зөвлөгөө өгч, хяналтандаа байлгана. Хэрвээ физиологийнхоо хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд шатлалынхаа эмнэлэгт очиж үзүүлэх бичиг хийж өгдөг. Эрүүл төрсөн нярай хүүхдэд шарлалт гүнзгийрэх нэг л шалтгаан байгаа. Тухайн ээжийн асаргаа сувилгаанаас хамаарна. Хүүхэд хөхөө муу хөхвөл шарлалт удаан явагдана.

 

-Шарлалт явагдаж байгаа хүүхдийн биед ямар өөрчлөлт гарах вэ?

 

-Нярайн арьс болон нүд шарлах, бие халуурах, арьсан дээр идээт тууралт гарах, хөхөө хөхөхгүй, бөөлжих, амьсгалын тоо минутад 60-аас дээш болох шээс ховордох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй. Тэгэхээр ээжүүд хөхөө сайн хөхүүлэх хэрэгтэй. Хоногт хүүхдийг 8-10 удаа хөхөөр нь хооллохыг зөвлөе.

 

-Шарлалт хүндэрсэн хүүхдэд ямар эмчилгээ хийдэг вэ?

 

-Шарлалтын хэмжээ нь их байгаа хүүхдэд фото эмчилгээ хийж, цусыг сольж, тархины үйл ажиллагааг сэргээх эмчилгээг цаг алдалгүй хийдэг. Эцэг эхчүүд өрхийн эмчийн хяналтад хүүхдээ байнга байлгаж, өөрсдөө эрүүл мэндийн анхан шатны мэдлэгтэй бол шарлалтыг хүндрүүлэхгүй эмчлэх боломжтой. Шарлалтын хэмжээ өссөн бол манай эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой. 8.30-20.00 цаг хүртэл нярай хүүхдийг хүлээн авч үздэг.

 

-Иргэдийн дунд агаарын бохирдол болон хүнсэндээ хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээс болж нярайн шарлалт үүсдэг гэх ойлголт байдаг?

 

-Агаарын бохирдол, хүнсний бүтээгдэхүүнээс болдоггүй. Эцэг эхчүүд товлосон хугацаанд өрхийн эмнэлгийн эмчид үзүүлдэггүй. Гэртээ байлгаж байгаад шарлалт хүндрэхээр эмнэлэгт ханддаг.

 

-Эцэг эхчүүд гэрээрээ шарлалтын фото аппарат түрээсэлж хүүхдээ эмчлэх үзэгдэл ихэсч байна. Мөн фэйсбүүк группээр дамжуулж ээжүүд бие биенээсээ зөвлөгөө авч дур мэдэн эмийн эмчилгээ хийдэг. Энэ нь шарлалтыг хүндрүүлэх бас нэг шалтгаан болж байх шиг?

 

-Эцэг эхчүүд фэйсбүүкээр бие биенээсээ буруу мэдээлэл авч хүүхдийн өвчлөлийг хүндрүүлж байна. Гэрээр фото эмчилгээ хийх ёсгүй. Тухайн эмчилгээ маш хортой. Хүүхдэд мэргэжлийн эмчийн заавраар эмчилгээ хийж, шарлалтын хэмжээг бууруулдаг. Эмчийн зааврын дагуу эм өгөх ёстой. Ээжүүд бие биенээсээ асуугаад эм өгч, тариа хийлгээд байдаг. Ингэх нь эрсдэл дагуулдаг.

 

-Настай хүмүүс нярайн шарлалт гэж байгаагүй гэж ярьдаг. Олон удаа төрөхдөө нэг ч удаа үзээгүй гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?

 

-Шарлалт байх ёстой үзэгдэл. Нийгэм хөгжихийн хэрээр хүний өвчлөл нэмэгдэж, эхээс төрсөн нярайг хүртэл физиологийн шарлалт “элэг барьж”, эмгэг ужиг үүсгэсээр байна. Гэтэл эцэг эхчүүд интернэтээр фэйсбүүк ашиглаж, бие биенээсээ аман зөвлөгөө авч шарлалтыг арилгах бус улам хүндрүүлж, элдэв эм, тариагаар дөнгөж төрсөн үрээ дур мэдэн “бөмбөгдсөөр” байгаа нь араасаа олон асуудал дагуулж байгааг мэргэжлийн эмч анхааруулж байна.

 

Үргэлжлэл бий

Монголын үнэн сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • Otgonhvv (127.0.0.1)

    2020-08-21

    Hvvhdiin sharlalt dood tal ni hed bh we

  • uugii (64.119.20.59)

    2020-02-02

    sharlalt 200 tai huuhed 10 honoj bna.2 udaa apparatad otson.odoo yah ve

  • Davka (202.126.89.70)

    2019-10-27

    Zugeer mergejliin emchid uzuuleed zuvluguu avah hamgiin chuhal. Haa hamagui bichsen commentod itgehima ene Mglchuud. Muuhai tuilshirhiimaa. Interneted bichsen yum bolgon unen bish gdgiig ene uher Mglchuud hezee oilgondoo chavaas .

  • Ирина (59.153.113.208)

    2017-04-27

    Бидний залууд нярайн шарлалт байгаагүй Би 9 дүүтэй Миний хүүхдүүд болон манай дүү нарын хүүхдүүд нялхдаа ийм шарлалт байгаагүй Тэр үед нярайн шарлалт гэж огт яригддаггүй байсан Шар өвчин туссан хүн л бие нь болон нүд нь шарладаг гэж яридаг байсан Энэ бол сүүлийн үед агаарын бохирдол хүчилтөрөгчийн дутагдлаас л үүсэлтэй үзэгдэл Харин яагаад энэ эмч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй шарлалт байх ёстой үзэгдэл гээд байгааг ойлгохгүй байна

  • Ирина (59.153.113.208)

    2017-04-27

    Бидний залууд нярайн шарлалт байгаагүй Би 9 дүүтэй Миний хүүхдүүд болон манай дүү нарын хүүхдүүд нялхдаа ийм шарлалт байгаагүй Тэр үед нярайн шарлалт гэж огт яригддаггүй байсан Шар өвчин туссан хүн л бие нь болон нүд нь шарладаг гэж яридаг байсан Энэ бол сүүлийн үед агаарын бохирдол хүчилтөрөгчийн дутагдлаас л үүсэлтэй үзэгдэл Харин яагаад энэ эмч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй шарлалт байх ёстой үзэгдэл гээд байгааг ойлгохгүй байна

  • anna (103.212.119.124)

    2017-04-26

    sharlalt bga yed syyge soliodl uubbal sharlalt or morgyi alga boldog

    Davka (103.212.119.124)

    2017-04-26

    Zugeer mergejliin emchid uzuuleed zuvluguu avah hamgiin chuhal. Haa hamagui bichsen commentod itgehima ene Mglchuud. Muuhai tuilshirhiimaa. Interneted bichsen yum bolgon unen bish gdgiig ene uher Mglchuud hezee oilgondoo chavaas .