Судлаач Д.Чулуунжав: Хүн үүссэн нөхцөл, тохироо, хүчин зүйлүүдийн асуудалд

Хүний оюун санааны ертөнцийг шашны сургаал, номлол бүрэн эзэлчихсэн байсан нь танин мэдэхүйн хувьд маш олон төөрөгдлийг буй болгожээ. Дэлхий ертөнц, амьгүй болон амьд байгаль, хүний үүслийн хувьд ч шашны худал тайлбар яг л үнэн мэт ноёрхож байжээ. Байгаа бүхэн бол бурханы бүтээл гэдэгт хэн ч эргэлзэж байсангүй. Хүнийг бурхан бүтээсэн гэдэгт ч бүгд л итгэсээр байжээ. Шашнаас үүдэлтэй төөрөгдөл бол онц хүчтэй төөрөгдөл юм. Итгэхийн аргагүй зүйлд ч сүсэгтнүүд итгэж байдаг. Бүр ямар ч эргэлзээ, тээнэгэлзэлгүй итгэдэг.

 

Жирийн нэгэн эмэгтэйг шулам мөн хэмээн цаазалж байхад ч түмэн олон итгэж байв. Сар хиртэхэд ч түүнийг аварга амьтан залгиж байна гэж итгээд хувин сав нүдэж их дуу чимээ үүсгэж үргээж байлаа.

 

Хүнийг бурхан бүтээсэн гэдэгт бүрэн итгэж байсан болохоор хүний үүслийн талаар хэнд ч гэсэн өөр санаа, бодол байсангүй. Яг л хүн шиг дүрстэй, бүр хүн мэт төрхтэй бичүүд байгаа нь хэнд ч сонин байсангүй. Тэднийг хүнтэй холбож хэн ч судалж шинжилсэнгүй. Гүнзгий сүсэгтнүүд одоо ч гэсэн хүнийг бурхан бүтээсэн гэдэгт л бүрэн итгэдэг. Чухам иймийн учир Дарвины үеийг хүртэл хүний үүсэлтэй холбоотой асуудал ер байсангүй. Хүн дүрстэй бичийг хүн болгож хувиргасан түүх бол яг үнэндээ байгаль дахь хувьслын жирийн л нэг гэхээр түүх юм. Энэ түүхийн бүхий л явцын нь объект нь ч, субъект нь ч байгаль өөрөө болно. Энд гадны, бурхдын оролцооны хэрэг ер байсангүй.

 

Хүний биеийг ч, мөн оюун ухааныг нь ч, бас гарыг нь ч байгаль л бүтээжээ. Энд харин нөхцөл, тохироо, хүчин зүйлүүд л хэргээ хийсэн нь үнэн юм.

 

Хангалттай их хэмжээний цаг хугацаа ч бас оролцжээ. Энэ талаарх үлгэр биш түүх дараах болно. Хүн үүссэн түүхийн эхлэх цэг нь хүн дүрстэй мич үүссэн цаг үе юм. “Заан үүссэн түүх нь зааны дүрстэй оготно үүссэн цаг үе юм” гэхтэй энэ нь адил болно. Эхлээд хэлбэрүүд нь үүсдэг ажээ. Хүн дүрстэй амьтан хувьсан хувьссаар, хөгжин хөгжсөөр оюун ухаантай болсон нь л гайхамшиг. Гэхдээ энэ бол ид шидийн хүч биш, харин амьтан болон түүний амьдрах орчны өөрчлөлт, зохицлын л үр дүн юм.

 

НЭГДҮГЭЭРТ; Хүн дүрсний давуу тал. Жишээ нь заан яагаад ч, ямар ч нөхцөлд гартай болох, модон дээр амьдрах боломжгүй. Жин их, мод, мөчир даахгүй. Урд хөлөө хөгжүүлэх боломжгүй. Гэтэл хүн дүрстэй мич бол жин багатай, модон дээр амьдардаг болохоор зөвхөн урд хөл төдийгүй хойт хөл нь ч гар адил хуруу, хумстай болох, мөчрөөс мөчирт дүүлэх, урд хөлөөрөө жимс түүх, навч тасалж авах боломжтой. Хойд хөл дээрээ зогсох, бөгсөөрөө суух ч чадавхтай.

 

ХОЁРДУГААРТ; Өвсөн тэжээлтэй, жижгэвтэр биетэй сүүгээр бойжигч болохоор дайсан их. Бараг бүх араатан л мичийг барьж иддэг. Шувууд ч үр зулзагийг нь шүүрдэг. Иймээс байнгын сонор сэрэмжтэй байх, газраас ч, агаараас ч, мөн модонд авиран гарах чадвартай араатнаас ч өөрийгөө хамгаалах ёстой. Энэ нь мичний уураг тархинд мөн ч сайнаар нөлөөлжээ.

 

ГУРАВДУГААРТ; Дулаан, чийглэг уур амьсгалтай, үр жимсээр баялаг, битүү ой модтой байсан амьдрах орчин нь аажмаар өөрчлөгдөж, сэрүүсч, хоол тэжээл ховордож, газарт бууж идэх зүйл эрэхэд, холимог идэштэн болоход хүргэжээ. Өндөр өвс, бутлаг ургамал дундаас араатныг олж харахын тулд босож зогсох, босоо явах, бөөнөөрөө сүрэглэх, араатанруу мод, чулуу шидэх, их дуу чимээ гаргах зэргээр биесээ хамгаалах болжээ.

 

ДӨРӨВДҮГЭЭРТ; Цаг уур сэрүүссэн нь агуй хонгилд шөнийг өнгөрөөх, илчлэг ихтэй махан хоол идэх, бүр амьтны арьс нөмрөхөд хүргэжээ. Аажимдаа урц овоохой ч барьж сурчээ.

 

ТАВДУГААРТ; Чулуун, модон, ясан зэвсэг хэрэглэж амьтныг зайнаас хөнөөх, биесээ зэвсэг хэрэглэн хамгаалах болсноор аюулгүй байдал нь ч ихэд дээрджээ.

 

ЗУРГАДУГААРТ; Аянга цахилгаан, хуурай мододын үрэлт зэргээс гардаг галыг ашиглаж, бүр гал манаж, гаргаж сурсан нь цаг уурын сэрүүсэлт, хахиршлыг давахад тусалжээ.

 

ДОЛООДУГААРТ; Сүргээр амьдрах болсноор бие гүйцсэн бодгалиудын хооронд холбоо тогтож, туршлага солилцож, хамтын хүчээр том амьтдыг ч агнаж эхэлжээ. Газарт бууж амьдрах болсноор мичүүдийн элдэв биет, элдэв бодисыг таних, ашиглах нь ихэд сайжирчээ. Тэдний уураг тархины жин, хэмжээ аажмаар томорч үйл ажиллагаа нь инстинкт, рефлекс мэтээс хальж, сэтгэн бодох тийшээ хөгжиж, орчноо тусгах, ойлгох, бүр шаардлагатай шийдвэр гаргах ч чадавхыг олжээ. Ингэ ингэсээр мичүүд бичүүд болж, бичин хүн болж, ийм хэмжээ, түвшинд хүрсэн зарим салаа, сүрэг нь мөхөж, зарим нь шалгаран, дэвшин үлдсээр оюун ухаантай хүн болж хувирчээ.

 

Дээр дурдсан замыг туулж хүн дүрстэй мичээс хүн төрхтэй бич болж, цаашид ухаажсаар бичин хүн, эцэсдээ оюун ухаант хүн (хомосапиенс) болж хувирсан өвөг дээдэс маань олон нутаг орноор тархаж, олон хэлтэй болж, олон өнгийн арьстай болцгоожээ.

 

Гэхдээ тэдний уураг тархины хөгжилд ялгаа бараг байхгүй, харин мэдлэг боловсрол олсон хэр түвшнээрээ л ялгаатай байх болжээ. Соёлжсон, боловсрол олсон, нийгэмжсэн, хотожсон, дадлага туршлага суусан хэмжээ, түвшний ялгаагаараа л хар, шар, цагаан арьстангууд өнөөдөр ялгаатай байгаа болно. Жишээ нь мэс засалч хүн хагалгаа хийж чадаж байгаа нь тэрээр ийм мэргэжилд суралцсаны үр дүн болохоос биш тэр хүний уураг тархи бусдаасаа илүү их хөгжсөний учир биш билээ. Бүх хүний (хар, шар, цагаан арьстан) уураг тархи өөрт байгаа боломжийн хувьд адилхан, харин тэр боломж хэрхэн боловсорч, хэр их мэдлэг эзэмшиж, хэр өндөр чадавхтай болов гэдгээрээ л ялгагддаг ажээ. Энэ утгаар еврейчүүд бусад угсаатнаас илүү их ухаалаг гэдэг үг, үнэлгээ бол худал юм. Хүний ухаан нь суралцсан, мэргэжсэн, боловсорсон, дадлага туршлага олсон хэр хэмжээнээсээ л хамаардаг нь үнэн болно. Хүн үүссэн нь байгалийн л үзэгдэл, үйл явц болохыг үзүүлэх гэж товч тоймыг нь ийнхүү өнгөцхөн дурдлаа.

 

Энэ үйл явцад гадны, бурхдын оролцоо ер хэрэггүй байсныг л харуулахыг зорилоо. Зохих түвшний боловсролтой хэн бүхэнд тодорхой болчихоод байгаа энэ үнэнийг дэлгэрүүлэн, шат шатаар нь, хүчин зүйл нэг бүрээр нь задлан, зураглан харуулах нь огт хэрэггүй зүйл ч бас биш юм.

 

Бич хүн болоход гүйцэтгэсэн хөдөлмөрийн үүрэг үнэхээр их. Гэхдээ хөдөлмөрлөхөд шахамдуулан хүргэсэн орчны өөрчлөлт, шинэ шинэ элдэв хүчин зүйлүүдийн үүрэг, ач холбогдлыг дутуу үнэлэх аргагүй билээ. Байгаль дахь амьтан бүхэн түмэн зүйлийн холбоо, харилцаа, олон хүчин зүйлүүдийн нөлөө, дарамт, өөрийгөө хамгаалах, үр төлөө үлдээхийн төлөө бэрх хүнд тэмцэл дунд оршдог болохоор бүгд л хувьсаж, хөгжиж байдаг. Гэхдээ хүн дүрстэй, хөхтөн амьтан болох мичүүдэд олон олон давуу тал, илүү их боломж байсан нь тэдний цааш цаашдын хувьсал, хөгжилд илэрсээр, хэрэгжсээр, манай гариг дээр анхны оюун ухаант амьтан хүнийг буй болгосон нь нэгэн гайхамшиг болно. Хүн мичнээс үүсээгүй, хүнийг бурхад бүтээсэн, хүн бол харь гаригаас ирж үлдсэн зочин гэхчилэн үздэг, мөн тэгж нотлохыг оролддог хүмүүс байсаар л байна. Тэд байгаль дахь хувьслын гайхамшгийг бүтээх чадавхад итгэдэггүй, орон зай болон цаг хугацааны хэмжээ, хязгааргүй их хувьсал дунд хүмүүс мэт нь бүр манай гариг дээр ч хэд дахин үүсээд, хэд дахин мөхсөн байж болохыг ч ойлгодоггүй юм. Хүмүүс биднээс аль эрт бидний мэт нь үүсээд, амьдраад, зарим бүтээл нь үлдэж хоцорсон, бид түүнийг нь өнөөдөр гайхаад зогсож байж ч мэдэх юм. Хэзээ, хэний гараар бүтээгдсэн нь тодорхойгүй зүйлүүд ч байдаг шүү дээ. Бид энэ гариг дээр үүссэн оюун ухаант амьтдын хоёрдахь, бүр гуравдахь нь ч байж болноо доо? Анхны мөн хоёрдогч нөхдийн маань бүтээсэн бүхэн эвдэрч устаад, тохиолдлоор ганц, хоёр нь хоцорч үлдсэн байж ч болох билээ. Оюун ухаантай амьтан үүсэх, орших боломж, арга, зам нь үнэндээ бол энгийн л шахуу юм. Өчүүхэн бид хүртэл хиймэл оюун ухааныг бүтээх гэж оролдоод зарим нэгэн амжилтыг олчихлоо. Байгаль дахь ердийн хувьслын үр дүн болон хүмүүсийн ухамсартай үйл ажиллагааны үр дүн хоёр ав адилхан байхад ч гайхах зүйл ер үгүй. Кайнозойн эриний сүүлчийн антропоген галвын өмнөхөн үед Төв Ази халуун дулаан уур амьсгалтай, битүү ширэнгэн ой модтой, том жижиг олон нуур голуудтай, ан амьтан, загас шувуудаар дүүрэн, хүн дүрстэй мичнүүдийн хувьд ёстой л жаргалын орон байжээ. Чухамхүү тийм байсны гэрч нь хаа сайгүй шахам байгаа занар болон нүүрсний ордууд, нефть, шатдаг хий юм. Гэвч Төв Азийн газрын гадаргуй аажмаар өргөгдөж, олон уул нуруу үүсэж, ой шугуй, нуур, том голууд газар хөдлөлтүүдийн улмаас чулуулаг хөрсөнд булагджээ. Ийм өөрчлөлтийн улмаас олон зүйл, амьтан устжээ. Харин хүн дүрстэй мичүүдийн чадварлаг зүйлүүд нь өөрчлөгдсөн нөхцөлийг дагаж өөрчлөгдсөөр бичин хүний түвшинд хүрч шалгаран үлдсэн бололтой. Бичин хүний буйр бууц, чулуун зэвсэг, орогнож байсан агуй, чулуужсан яс Төв Азийн өндөрлөгөөс (Хятад, Монголын нутаг) олдсоор байна. 800 орчим мянган жилийн өмнө бичин хүний амьдарч байсан агуй, чулуун зэвсгийн үлдэгдэл Монголын нутагт ч олон цэг дээр илэрчээ. Хүн хэрхэн үүссэн, анх хаана үүссэн гэх асуудал эцэслэн шийдэгдчихсэн гэж ихэнх хүн боддог. Гэвч энэ бол тийм биш юм.

 

Африкт, зүүн хойд Африкт хүн анх үүссэн гэх үзэл санаа эргэлзээ төрүүлэх нь улам ихэссээр байна. Энэ талаарх миний эргэлзээ, тайлбарыг “БАЙГАЛИЙН ХУВЬСЛЫН ФИЛОСОФИ” номоос минь үзэх, уншихыг уншигчдад зөвлөж байна.

 

Одоо “хүн дүрс”, байгаль ээжийн бүтээсэн энэ гайхамшигтай хэлбэрийн талаар цөөн зүйл өгүүлье. Дэлхий дээр маань хэнийг ч гэсэн гайхшруулмаар олон дүрсийн амьтад үүссээр, устсаар иржээ. Одоо оршин буй нь хүртэл санаанд багтамгүй олон дүрстэй. Хүний нүдэнд харагдах хэрийн хэмжээний амьтад гэхэд л газар дээр ч олон дүрстэй. Жирийн жишээ: өт, шоргоолж, аалз, цох, гүрвэл, ямаа, тэмээ; ялаа шумуул, эрвээхэй, болжмор, тас, ёл; нялцгай биетэн, загас, наймаалж, далайн гахай, халим. Гэтэл энэ бүхнээс оюун ухаантай болж чадсан нь ганцхан хүн. Хүн дүрстэй мичүүд үүсээгүй бол хүмүүс буй болохгүй байжээ. Ингэхлээр хүн дүрсэд ихээхэн учир байнаа! Оюун ухаантай амьтан буй болохын анхдагч, суурь, хэлбэрийн шалтгаан нь хүн дүрс ажээ. Оюун ухаантай амьтан төрөн гарах “хэлбэрийн нөхцөл” нь хүн дүрс байжээ. Хэлбэрт нь тавих нөхцөл хангагдсанаар л уг үзэгдэл (хүн үүсэх процесс) цаашдын түүхээ туурвиж дуусгажээ. Байгаль маань хүн дүрсийг, оюун ухаантай хүнийг бүтээсэн бол харин хүмүүсийн оюун ухаан хүн дүрстэй олон хийсвэр “амьтдыг” бүтээсэн байна. Хүмүүсийн зохиомжлон буй болгосон бурхад, чөтгөрүүд, шулам, мангас мэт нь бүгд хүн дүрстэйгээр зураглагддаг билээ. Эдүгээ цагт хиймэл оюун ухаантныг ч гэсэн мөн л хүн дүрстэйгээр хийж эхлээд байна.

 

Юуг ч хийж чадах хоёр гар, хаашаа ч хөдөлж чадах хоёр хөл, юуг ч агуулж чадах толгой ба бие – олзуурхмаар товчхон, онцгой авсаархан, сондгой оновчтой бие, хэлбэр юм. Хүн дүрс бол амьтны хувьд амьдрах чадавхыг нь дэмждэг хамгийн зохистой, оновчтой хэлбэр юм байна.

 

Урд хоёр мөч нь гар болж чадах, хойд хоёр мөч нь зогсох, суух, хэвтэх, мөлхөх, өшиглөх, тийрэх мэтийн чухал хөдөлгөөнүүдийг гүйцэтгэх боломжтой. Босоо байдалд тэнцвэрээ олох, гартаа зэвсэг барих, үр зулзагаа тэврэх, хөтлөх гэх мэтийн маш олон чухал чадавхыг хүн дүрс олгодог. Иймээс ч хиймэл оюун ухаантай амьтан бүтээхэд ч гэсэн хүн дүрс л хамгийн чухал хэлбэр болж ашиглагдаж байна. Өмнө өгүүлснээс үзэхэд одоо ч гэсэн хүн дүрстэй мичүүд олон буй нь тэд ч гэсэн оюун ухаантай амьтан болж хувирах ирээдүйтэй байж болох ажээ. Хүмүүс бид тэдний хөгжилд тус болж хурдасгаж ч чадна, бас ус болж хөгжлийг улаашруулж, бүр зогсонги байдалд оруулчихаж чадах боломжтой. Амьтны цааш цаашдын хувьсал, хөгжилд хүмүүс бид хэрхэн нөлөөлөх талаар бодох, төлөвлөх, шинжлэх ухаанч бодлого боловсруулж мөрдөж ашиглах нь чухал юм. Гарах үр дагаврыг нь төлөвлөх, жолоодох, хүмүүст ашигтай байх шинжийг нь ихэсгэх, амьтны ертөнцийг мөнхөд тэтгэх нь бидний үүрэг байх учиртай. Манай дэлхий дээрх амьтдын цаашдын хувьслыг хүмүүс жолоодох болчихлоо. Хиймэл оюун ухааныг (роботууд) бүтээж хүмүүс бид өөртөө үйлчлүүлж болно, бас зарим амьтдыг оюун ухаантай болох чигт хувьсгаж, хөдөлмөрийн дадал, зуршилтай болгож мөн өөртөө үйлчлүүлж болох юм. Монголд гэхэд л хушны самар хураах ажилд аль нэгэн нэрийн (зүйлийн) сармагчинг сургаж ашиглаж болноо доо? Морийг унаж, тэргэнд хөллөж, тэмээнд ачаа ачиж ашигладаг шиг сармагчингаар самар түүлгэх юм бол ядаж л хуш модыг гэмтээхгүй шүү дээ. Малыг эдэлгээнд сургадаг шиг бусад амьтныг ч гэсэн аж ахуйн ажилд сургаж, ашиглаж болох юм. 

 

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)