Бархасбадийн дагуулаас амьдрах нөхцөл хайх сансрын хөлгийг хөөргөлөө

ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 15 /VOA/. АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг Бархасбадийн дагуул Европа дээр амьдрахад тохиромжтой нөхцөл байгаа эсэхийг судлахаар сансрын аппарат хөөргөлөө.

“Europa Clipper” хэмээн нэрлэсэн уг төхөөрөмжийг Флорида муж улсын Канавералын хошуунд орших Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс “SpaceX” компанийн “Falcon Heavy” пуужингаар өчигдөр хөөргөжээ. Нарны эрчим хүчээр ажилладаг энэхүү гараг хоорондын автомат станц нь гурван тэрбум орчим км замыг таван жил хагасын хугацаанд туулсныхаа дараа 2030 онд Бархасбадийн тойрог замд орох ажээ. Уг төхөөрөмжийг өнгөрсөн долоо хоногт хөөргөхөөр төлөвлөж байсан боловч “Милтон” хар салхины улмаас хойшлуулсан юм. 

“Europa Clipper” бол 30 орчим метр урт, антен, нарны эрчим хүчний хавтангуудаа дэлгэвэл өргөн нь 17.5 метр хүрэх, сагсан бөмбөгийн талбайгаас том хэмжээтэй, зургаан тонн орчим жинтэй, гаргуудыг судлах хөтөлбөрт зориулан зохион бүтээсэн НАСА-гийн хамгийн том төхөөрөмж юм.

 

Европа нь Бархасбадь гаргийн албан ёсоор бүртгэгдсэн 95 дагуулаас хэмжээгээрээ дөрөв дэх том дагуул боловч Дэлхийн дөрөвний нэгтэй тэнцэх диаметртэй. Түүний далай тэнгисийн давсархаг усны хэмжээ нь манай гараг дээрх амьдралыг үүсгэсэн гэж үздэг далайн усны хэмжээнээс хоёр дахин их байж магадгүй гэж таамагладаг.

Манай гаргийн дагуул Сарны диаметрээс 90 орчим хувиар том буюу 3100 орчи км-ийн диаметртэй Европаг Дэлхийгээс гадна амьдрал оршин байх боломжит орчин гэж үздэг. Европа бол доор нь далай тэнгис, биологийн амьдралын зарим хэлбэр нуугдаж байж магадгүй мөсөөр хучигдсан гараг юм.

НАСА-гийн тэргүүний орлогч Жим Фри хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “Europa Clipper”-ийн даалгавар бол амьд организм хайх бус харин амьдрах нөхцөл хайх юм гэжээ. 

 

2031 оноос эхлэн "Europa Clipper" гурван жилийн хугацаанд Европагийн гадаргууд 49 удаа ойртох бөгөөд хамгийн их ойртох зай нь 25 км байх ажээ. 

 

Бархасбадь гараг дэлхийгээс 20 000 дахин хүчтэй соронзон орноор бүрхэгдсэн байдаг ба түүнээс үүсдэг цацрагаас хамгаалахын тулд “Europa Clipper”-ийг титан, хөнгөн цагаан капсул дотор байрлуулжээ.

Уг хөлөг шулуун траектороор Бархасбадь руу нисэхгүй бөгөөд эхлээд Ангараг гаргийн хажуугаар ниссэнийхээ дараа Дэлхий рүү буцаж, хоёр гаргийн таталцлын хүчийг ашиглан хурдаа авах ажээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)