Завхан аймгийн Отгон сумын 100 жилийн ойн наадмын түрүү бөх Т.Бэгзсүрэн
- 13 цаг 46 мин
- Спорт
- 0
2024 онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж, нутгаа гэх бодол юуг нь сэргээсэн юм. Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг.
Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин өнгөрсөн онд 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна.
Энэ удаа Завхан аймгийн Отгон сумын түүхт 100 жилийн ойн манлай бөхчүүдийн тухай танилцуулъя. Хан Хөхий нутгаас Цэцэн сартуул ноён буюу Гомбожав мэргэн туслагч албатынхаа хамт нүүн ирж нутаг усны хуваарилалтад ухаалаг оролцсоноор Очирваань уулаа булаалдсан ноёдын маргаан дундаас хошууны нутаг буюу одоогийн Отгон сумын нутгийг эзэлж авсан домог байдаг аж. Энэ нутагт Хангайн нурууны ноён оргил мөнх цаст Отгонтэнгэр хайрхан оршин буй 600867 км хавтгай дөрвөлж нутагтай, хүн амын тоогоор аймагтаа дөрөвт, малаар хоёрт жагсдаг томоохон сум. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий түүх, дурсгал, аялал жуулчлалын бүс нутаг юм. Тус сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам 2024 онд өргөн дэлгэр болж 128 бөх зодоглоход тус сумын уугуул улсын харцага Төрмөнхийн Бэгзсүрэн, улсын начин Төрмөнхийн Дүгэрдорж гээд төрсөн ах дүү хоёр үзүүр, түрүүнд үлдэж ах Т.Бэгзсүрэн нь түрүүлжээ. Дөрөвт аймгийн заан М.Лувсандорж аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан нар шалгарчээ.
Түрүү бөх Т.Бэгзсүрэн, 2013, 2014 онд аймгийн харцага, аймгийн заан цолыг авч байсан бол 2016 онд Завхан аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан болж байв.
Тэгээд Ардын Хувьсгалын 97 жилийн ойн баяр наадамд зодоглохдоо улсын гарьд Ш.Жаргалсайханаар дөрөв, улсын заан Н.Түвшинбаяраар тав, улсын гарьд Н.Ганбаатараар зургаа давж улсын харцага цол хүртсэн бөх юм. Харин тэрбээр удтал олны хайртай бөх байж чадаагүй нь орон нутагт болсон нэг барилдаанд залуу бөхийг нисгэж шидсэн нь олны дургүйцэл төрүүлсэн. Дараа нь допингийн сорилгод унаж барилдах эрхээ хасуулж байлаа. Түүнээсээ хойш зодоглоогүй байсаар сумынхаа 100 жилд барилджээ.
Үзүүр бөх Т.Дүгэрдорж нь түрүү бөх Т.Бэгзсүрэнгийн төрсөн дүү нь. Улсын начин цолтой нэгэн. 2020 онд улсын баяр наадмаар улсын заан Н.Жаргалбаяраар дөрөв улсын гарьд Б.Гончигдамбаар тав давж улсын начин цол хүртсэн бөх.
Өмнө нь Бүх цэргийн наадамд түрүүлснээр цэргийн арслан болсон байв. Т.Дүгэрдорж начин заал, танхимын барилдаанд тогтмол амжилттай барилдаж байгаа төдийгүй 2024 онд Архангай аймгийн Хайрхан сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болоход торолгүй түрүүлж байлаа. Мөн ноднин уяачдын наадамд үзүүрлэсэн юм. Анх чөлөөт бөхөөр Г.Ишдорж багшийнхаа шавь болж хичээллэж байсан. Үндэсний бөхийн багш нь улсын гарьд Б.Гончигдамба. Улсын начин Т.Дүгэрдорж “Даян дэвжээ”, “Сүлд” спорт хороо, “Уушгийн баян” компанийн бөх хэмээн цоллуулдаг.
Д.НАДМИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)